Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сурах бичгүүдийг цахим системд бүртгэнэ

2022-08-19

Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгүүдийг ирэх хичээлийн жилээс цахим системд бүртгэж эхлэх гэнэ. Тодруулбал, ном бүрийг кодтой болгож, түүнийг хэн, хэдий хугацаанд ашигласныг бүртгэж, хянах аж. Ингэснээр ном дутагдах асуудлыг шийднэ, мөн ашиглалтын хугацаа дууссаныг нь акталж, нөхөн хэвлэх боломж бүрдэнэ гэж Боловсролын ерөнхий газрынхан онцлов. Бүртгэлгүйгээс болж өмнө нь сургуулиудад хэчнээн сурах бичиг дутагдсан, эсвэл илүүдсэнийг тодруулахад төвөгтэй байжээ. Түүнчлэн сургуулиуд дутагдалтай сурах бичгээ авахын тулд салбарын яамандаа албан бичиг хүргүүлж, шийдвэрлүүлэх гэж нэлээд хугацаа алддаг байж. Үүний улмаас зарим сурагч 1-2 сар номгүй байх нь ч бий гэнэ. Тэгвэл цахим системтэй болсноор ном дутагдсан сургуулиудын талаарх мэдээллийг холбогдох албаныхан шууд хүлээн авч, шийдвэрлэх нь.

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд өдгөө бага ангиудын сурах бичгийг түгээж эхэлсэн бөгөөд наймдугаар сарын 25 гэхэд хуваарилж дуусах аж. Харин дунд, ахлах ангийн номууд ирэх сарын 15 гэхэд сурагчдын гарт очсон байх гэнэ. Улсын хэмжээнд сурах бичгийг түрээсийн журмаар хүүхдүүдэд ашиглуулж байгаа. Үүний хүрээнд 1-5 дугаар ангийнхныг 100 хувь түрээсийн номоор хангадаг. Харин дунд, ахлах ангийнхны хувьд эл үзүүлэлтэд хүрдэггүй, зарим нь номоо худалдан авахаас өөр аргагүй болдог.