Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ц.ГАН-ӨЛЗИЙ: Хүний нутагт аялж явахад өөрийгөө хамгаалах асуудал цөөнгүй тулгардаг

Аялагч, судлаач, “Аяллын тойрог” нэвтрүүлгийн хөтлөгч Ц.Ган-Өлзийг “Зөвхөн спортын тухай” буланд онцлов. Тэрбээр очсон улс орныхоо хөгжил, түүх, иргэдийнх нь ахуй амьдрал, хооллох соёлын онцлогийг харуулж, хобби нэгтнүүдийнхээ дэлхийгээр “хэрэн хэсэх” хорхойг хөдөлгөдгийн зэрэгцээ танин мэдэхүйн мэдлэг, мэдээлэл олгодог билээ.

-Багадаа спорт сонирхож, секц, дугуйланд хичээллэдэг байв уу? 

-Намайг V ангид ороход аав “Хүч” нийгэмлэгийн чөлөөт бөхийн дасгалжуулагч Ц.Нацагдорж багштай танилцууллаа. Түүний удирдлагад хоёр жил хичээллэж, дүүргийн АШТ-д оролцохдоо өсвөр үеийнхний хөнгөн жинд мөнгөн медаль хүртсэн. Би зүүн, баруун тонгорч, өмсөх мэхээр өрсөлдөгчөө ялдаг байв. Манай гэртэй ойрхон байрладаг тус нийгэмлэг нүүсний дараа “Хоршоолол”-д самбо, жүдогоор нэг хэсэг хичээллэсэн. Бөхийн төрлүүдээр хичээллэсний ачаар хожим биеэ хамгаалах чадвартай болсон юм. Спорт бие бялдар хөгжүүлж, хатуужил тэвчээртэй болгодог. 

-Өмнөд хөршид аялсан нэвтрүүлгийнхээ үеэр та бие хамгаалах урлагийн талаар сонирхолтой зүйл өгүүлснийг саналаа. 

-Наймдугаар ангидаа зураач И.Батсайхан ахаар каратэ, жеткундо заалгасан. Тэрбээр нэг өдөр “Чи каратэ бус, жеткундогоор хичээллэ” гэв. Жеткундо нь каратэгаас өөр. Брюс Лид тулааны урлаг анх заасан Ип Ман хэмээх хүн үүнийг Хятадад анх хөгжүүлсэн. Тэдний тухай өгүүлсэн “Тулааны мастер”, “Хилэнт нударга” гэдэг кино бий. Энэ хэв маяг нь өрсөлдөгчөөсөө зай барин зогсож тулалддаг онцлогтой. Хөдөлгөөн нь уян хатан. Миний хувьд хоёр жил үүгээр хичээллэсэн. Үндсэндээ бөх, тулааны спортоор нийт зургаан жил хичээллэсэн юм. Хүний нутагт аялж явахад гаднын нөлөөнөөс өөрийгөө хамгаалах асуудал цөөнгүй гардаг. 

-Жишээ нь, ямар асуудал тулгарч байв? 

-2008 онд АНУ-ын Конкорд хотод аялсан юм. Уулс дунд байрладаг, ой мод ихтэй тус хотыг сайн мэдэхгүй учраас төөрч явсаар хүний эдлэн газар луу нэвтэрчихсэн. Тэнд эдлэн газар луу нь зөвшөөрөлгүй орвол хүний эрхэд халдлаа гэж үздэг. Тэгтэл хашаандаа шорлог хийж зогссон өндөр, биерхүү, нохой зодооноор тулалддаг болов уу гэмээр эртэй таарч “Уучлаарай, би төөрсөн бололтой” гээд очих хотынхоо нэрийг хэлж, зам асуутал ихэд уурлаж, заамдаад авсан. Эхнэр нь “Наад хүнээ явуулаач. Төөрсөн байна шүү дээ” гэж учирлахад огт тоосонгүй, бүр орилж хашхирлаа. Тэгтэл эхнэр нь гэр лүүгээ гүйгээд орчихов. Надад тэр үед “Энэ нөхөртэй зууралдаж байхад эхнэр нь буу аваад ирэх вий дээ” гэсэн бодол төрж, өөрийгөө хамгаалахаар шийдсэн. Түүний гараас эсэн мэнд мултрахад самбо, жүдо, бие хамгаалах урлагаар хичээллэдэг байсан минь хэрэг болсон. Хожим танил тамирчидтай уулзахдаа энэ талаар сонирхуулж ярихад “Чамайг их спорт аварсан байна” гэж цаашлуулж билээ. Спортоор хичээллэдгийн ач тус алхам тутамд хэрэг болдог. Орон нутгаар аялж, уул, хадаар явахад ядрахгүй. Өнгөрсөн жил Алтай Таван богд, Завханы Отгонтэнгэр, Даян хайрхан ууланд 15 км-ийн явган аялал хийсэн шүү. 

-Спортод сэтгэл татагдах болсон шалтгаан тань юу вэ? 

-Бидний үеийнхэн багадаа амралтын өдөр ОРТ сувгаар гардаг “Вокруг света” аяллын нэвтрүүлгийг дурлаж үздэг байлаа. Тэр цагаас аяллын нэвтрүүлэг хөтлөхийг мөрөөддөг болсон. Мөн Хятадын тулааны урлагийн томоохон төлөөлөгч болох жүжигчин Жэт Лигийн тоглосон “Шаолины сүм”, “Өмнөд, умард Шаолин” киног үзэх гэж гарах цагийг нь догдолж хүлээдэг сэн. Манай 40 мянгатын байрны ах нар кино дууссаны дараа гадаа цуглаж, тулаанчдын тухай сонирхолтой яриа өрнүүлдэг байлаа. Спорт, тулааны урлаг сонирхож, аялах болсон минь үүнээс улбаатай. 

-Аав тань урлагийн хүн хэрнээ таныг яагаад бөхтэй нөхөрлүүлэхээр шийдсэн юм бол? 

-Хожим хэрэг болно гэж бодсон байх. Аав үндэсний бөхөөр шаггүй барилдчихдаг байв. Улсын наадмын тавын даваанд Төв аймгийн Мөнгөнморьт сумын харьяат, улсын арслан Л.Чимэд гуайтай барилдахдаа өвдгөө хүнд бэртээсэн юм билээ. Түүнээс хойш дахиж барилдаагүй. Хамаатан садных нь ах, дүүс аавыг залуудаа бяртай, адуу бугуйлдаад, гуд татдаг байсныг ярьдаг юм. Аав наадмаар ямар бөхчүүд цолоо ахиулан шөвөгт үлдэж, үзүүр, түрүү булаалдахыг тааварладаг байсан. Аваргуудаас Д.Цэрэнтогтох, Ж.Мөнхбат, Ч.Бээжин гуай нар манайхаар зочилж, аавтай минь ойр дотно нөхөрлөдөг. Аавыг Улсын их дэлгүүрээс төгөлдөр хуур худалдаж авахад Ч.Бээжин аварга үүрч авчраад гэрт оруулсан гэдэг юм. 

-Та урлаг судлаач мэргэжилтэй. Урлаг судлал аялалтай хэр ойр вэ? 

-МУИС-ийг урлаг судлаач мэргэжлээр төгссөн. Би зүгээр нэг зугаалахыг хүсдэггүй. Гадаадын орнуудад аялахдаа түүх соёл, урлаг, дуу хөгжмийг нь судлах дуртай. Монголынхоо аймгуудаар явахдаа ч тухайн нутгийн онцлог, түүхэн дурсгалт газрын талаар сайн мэддэг судлаачидтай хамтран ажиллаж, баримтад тулгуурласан зүйлүүдийг үзэгчдэд харуулахыг зорьдог. Аяллын нэвтрүүлэг хийхэд олон хүний хүч, хөдөлмөр шингэдэг. 

-Спорт хүн судлалын ухаан мөн үү? 

-Тийм ээ, санал нийлнэ. Тамирчин хүн өрсөлдөгчөө бүх талаас нь судалж ялахын тулд ухаан зарцуулдаг. Энэ утгаар нь яривал спорт хүнд амьдралын ухаан суулгадаг байх. Спортын ямар ч төрлөөр хичээллэсэн биеэ хамгаалах чадвартай байх ёстой. Тухайлбал, бөхөөр хичээллэхэд эхлээд зөв унаж сурна. Уул, хаданд алхахдаа санамсаргүй гишгэсэн ч гэмтэж, бэртэхгүйгээр унах ёстой. 

-Чөлөөт цагаараа спортын ямар тэмцээнүүд сонирхож үздэг вэ? 

-Найзуудтайгаа уулзахаараа тулааны тухай яриа өрнүүлэх дуртай. Хятадад аялахдаа Сүн уулын энгэрт байрлах Шаолины кунг-фугийн төвд очиж, гурав хоносон юм. Тэндхийн нэг тосгонд хийсэн аяллын нэвтрүүлэг бий. Шаолины лам нарын өмнө саваа мод эргүүлэхэд “Та хаана ингэж эргүүлж сурсан бэ” гээд гайхаж билээ. И.Батсайхан багш саваа мод хэрхэн эргүүлэхийг заасан юм. Тэр үед Чех, Оросоос ирсэн каратэгийн номын хэлийг мэдэхгүй ч зургийг нь харж дуурайн сурдаг байв. Багадаа Шаолины кунг-фу үзчихээд “Очиж бодитоор нь харах сан” гэж боддог байлаа. Шаолины тулааны урлаг өнөө цагт цирк болон бүжгийн үзүүлбэр болж, үзвэр тал руугаа хөгжсөн санагдсан. Японд аялахдаа киокүшин каратэгийн клубт нь бичлэг хийснээ ойрын үед үзэгчдэд хүргэх бодол бий. Тулааны урлаг, бөхийн спорт хэн нэгнийг ялахдаа бус, зөв ёс суртахуунтай болгодог.