Нийгэмд олон өнгө төрх бий. Нэг нэгнийгээ шүүж, тоглоом, шоглоом хийх нь хүн төрөлхтөнд эрт дээр үеэс байсан зан чанар. Харин орчин үед шударга бус байдлыг хөгжилтэйгөөр илэрхийлж олон хүнд хүрэх боломжтой нэгэн урлаг бий болжээ. Үүнийг сошиал “мийм” (meme) гэж нэрлэж буй. Тэд дэлхийг өөрчилж чадахгүй ч хүмүүсийн үзэл бодлыг нийгэмд хүчтэй тусгаж чадах хүчин зүйл болоод болоод буй. Мийм нь ихэнхдээ цаг үеийн байдлаар хувьсан өөрчлөгдөж байдаг бөгөөд олон нийтийн анхаарал чиглэсэн асуудлуудыг хөндөн хошигнож эсвэл эмгэнэл илэрхийлж, зарим үед бүр эсэргүүцэл ч үзүүлж болдог байна. Ихэнх залуус улс төр, нийгмийн эсрэг байр сууриа миймээр илэрхийлэх нь нийтлэг болсон. Мөн зарим нь хар бараан сэдвийг хошигнон хөндөх нь элбэг. Тэгвэл одоо миймийг сонгуулийн пиар болгон ашиглаж байна.
Тухайлбал, 2020 оны ИТХ-ын болон 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр зөвхөн “мийм” хэлбэрийн ухуулга сурталчилгаагаар дагнан ажилладаг пэйж хуудсууд их гарч ирсний нэг нь “Хатуу мэдээ” пэйж байсан юм. ИТХ-ын сонгуулийн албан ёсны сурталчилгааны 14 хоногийн хугацаанд нийт 10 мэдээлэл түгээснээс тал нь мийм хэлбэрийн мэдээлэл бөгөөд үлдсэн тал нь мэргэжлийн түвшинд эвлүүлж хийсэн видео байж. Эдгээрийн 90 хувь нь аль нэг нам эвсэл, засгийн газар, нэр дэвшигчийг сөрөг өнгө аясаар дурдсан, тэдний алдаа зөрчил, гэм буруутай үйлдлийн талаарх агуулгатай байв. Харин Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр уг хуудсаар сонгуультай холбоотой 8 мэдээлэл нийтэлсэн бөгөөд тэдгээр нь бүгд МАН-ын нэр дэвшигчийг ёжилж буруутгасан агуулгатай байв. Энэ судалгааг Хэвлэлийн хүрээлэнгээс 2020 оны орон нутгийн сонгууль, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр түгээсэн мэдээллийн мониторингийн үр дүн харууллаа.
Мийм бол нэг төрлийн хортой вирус. Учир нь миймийг харсан хүн маш хурдан хариу үйлдэл үзүүлж хуваалцмаар санагддаг учир буруу утга агуулгатай мийм тархвал түүнийг зогсоох боломжгүй болдог байна.Зөвхөн нэг товшилтоор түүнд агуулж буй мэдээлэл амархан вирус болж хүн бүрийн ярьдаг трэнд сэдэв болж хувирдаг.
Нэг л мэдэхэд маш олон хүнд сөрөг сэтгэгдэл төрүүлж, доог тохуу болж үлдэх хандлагатай. Жишээ нь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг дорд үзэх, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, хэн нэгний нэр хүндэд халдах зэрэг нийгмийн эрх тэгш байдалд халдах эрсдэл бий болбоос түүнийг цензүүрдэх арга хэмжээ авах боломжгүй. Мэдээж тэдний зарим нь нийгэмд эрүүл, чухал мэдээлэл түгээдэггүй. Гэсэн хэдий ч мийм нь нийгэмд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд эерэгээр ашиглах нь түүнийг түгээхэд тусалдаг хүн бүрээс хамаарах юм.
Олон нийт нэгдэж нийгэм болдог. Мөн олон нийт нэгдэж зөв шударга нийгмийг цогцлоодог. Үүний тулд шүүмжлэгчид, хариуцлага хүлээлгэгчид гэх хүмүүс чухал үүрэгтэй. Эцэст нь, мийм нь нийгмийн чиг хандлагыг хурдан бөгөөд сонирхол татахуйц хэлбэрээр түгээхэд тусалдаг чухал нөлөө үзүүлэгч юм.