“Хөх сувд” мөсний баярыг өнөө жил хоёрдугаар сарын 13-23-нд 10 хоног зохион байгуулахаар болсон билээ. Монголын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК эл арга хэмжээг тохиолдуулан Улаанбаатар-Мөрөн чиглэлийн нислэгийн тийзээ хямдруулснаа өчигдөр мэдээлэв. Өмнө нь тус чиглэлд хоёр талдаа 600-800 орчим мянган төгрөгөөр нисдэг байсан. Тэгвэл мөсний баярын хямдралын үед Улаанбаатараас Мөрөн рүү нэг талдаа нисэх тийзийн үнийг 193, хоёр талдаа зорчихыг нь 381 мянган төгрөгөөс эхлүүлэх гэнэ.
МИАТ-ийнхэн долоо хоног бүрийн мягмар, баасан гарагт Хөвсгөл рүү шууд нислэг үйлддэг. Тухайн өдрийн суудал дүүргэлт, тийзийн нөхцөл, хүчинтэй хугацаа зэргээс хамаараад дээрх үнийн дүн бага зэрэг өөрчлөгдөж болзошгүйг анхааруулав. Эл хямдралын хөтөлбөрийг энэ сар дуустал үргэлжлүүлэх нь.
Н.Мишээл