Сүхбаатар аймгийн Асгат, Хэнтийн Дадал зэрэг сумд уржигдар ой, хээрийн түймэр гарч, нийт 45 600 га талбай галд өртсөнийг бүрэн унтрааснаа Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.
2025 он гарснаас хойш анхны ой, хээрийн түймэр Дорнод аймгийн Булган сумын Баян-Уул багийн Үүдийн жаран гэдэг газар энэ сарын 6-ны 14.00 цагт бүртгэгджээ. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийнхан болон Матад, Булган сумын мэргэжлийн алба хаагчид ажиллаж, 20.40 цагт бүрэн унтраасан аж. Эл түймрийн гол шалтгаан нь иргэд хог шатааж байгаад гал алдсанаас үүдэлтэй бөгөөд урьдчилсан байдлаар 7500 орчим га талбай өртсөн гэнэ.
Иймд хаврын хуурайшилттай өдрүүдэд цогтой үнс нурмыг зориулалтын саванд хийж, түймрийн эрсдэлтэй орон нутагт зорчихдоо татсан тамхиа бүрэн унтрааж, хог хаягдлаа ил задгай шатаахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүллээ.
У.Сүрэн