Энэ он гарснаас хойш таван аймгийн 12 сумд ой, хээрийн 15 удаагийн түймэр бүртгэгдсэнийг Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ) -аас мэдээлэв. Ингэж богино хугацаанд ийм олон удаагийн түймэр бүртгэгдсэн тохиолдол сүүлийн дөрвөн жилд гараагүй гэнэ. Энэ хаврын эхний түймэр Дорнод аймгийн Булган сумд гуравдугаар сарын 6-нд бүртгэгджээ. Ой, хээрийн түймрийн нөхцөл байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр өчигдөр мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Дорнод аймгийн Хэрлэн, Чойбалсан, Булган, Цагаан-Овоо, Дашбалбар, Баян-Уул, Хэнтий аймгийн Батширээт, Баян-Овоо, Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан, Архангай аймгийн Хайрхан сумд энэ сарын 9-нд бүртгэгдсэн 11 удаагийн ой, хээрийн түймрээс өнөөдрийн (өчигдөр) байдлаар Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан, Хэнтий аймгийн Баян-Овоо сумд гарсан хээрийн түймрийг цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Бусдыг нь унтраасан” гэв. Гэвч өчигдөр 14.40 цагт Дорнод аймгийн Халхгол сумын Баруун шавар гэх газар дахин хээрийн түймэр дэгджээ. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид болон мэргэжлийн ангийнхан ажиллаж буй гэнэ.
Түүнчлэн түймэрт өртсөн иргэдэд үзүүлэх тусламжийн цуваа өчигдөр зүүн аймгууд руу хөдөлсөн юм. Ажлын хэсгийнхэн түймэрт өртсөн айл өрхөд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, орон гэргүй болсон иргэдэд гэр олгох, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, галд өртсөн малын сэг зэмийг устгаж, ариутгал халдваргүйтгэл хийх аж.
Ч.Болор