Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан, Дорнодын Халхгол, Хэнтийн Дадал, Батширээт, Баян-Овоо зэрэг сумд гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтрааснаа Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Үүнээс Баян-Овоо сумын Сүмбэр багт гарсан түймэрт нийт 30 800 га талбай өртөж, долоон гэр, таван саравч, дөрвөн хашаа, 300 гаруй толгой мал үрэгдсэнийг урьдчилсан байдлаар тогтоожээ. Түймэрт өртсөн бусад сумын хохирлыг тогтоохоор холбогдох мэргэжлийн байгууллагууд өдгөө ажиллаж буй гэнэ. Түүнчлэн түймэрт хашаа, мал нь өртсөн иргэдэд СЭМҮТ, ЭМЯ-ны мэргэжилтнүүд биеийн болон сэтгэл зүйн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа аж. Ташрамд дурдахад, улсын хэмжээнд сүүлийн дөрвөн жилд 479 удаа ой, хээрийн түймэр гарчээ. Үүний 49.8 хувь буюу 238 нь Дорнод, Сүхбаатар аймагт гарсан аж. Харин үлдсэн 50.2 хувь нь бусад аймагт бүртгэгдсэн байна. Хуурайшилт ихтэй хаврын улиралд ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгаа тул иргэд сонор сэрэмжтэй байж галын аюулгүй байдлыг сайтар хангахыг дээрх байгууллагынхан анхаарууллаа.
У.Сүрэн