Архангай аймагт 1000 хүний суудалтай спортын шинэ ордныг өчигдөр нээлээ. Уг ордны нээлтийг тохиолдуулан 128 бөхийн барилдаан зохион байгуулсан аж. Тус аймгийнхан спортын шинэ ордонтой болсноор олон улсын томоохон тэмцээн, уралдаан зохион байгуулах боломж бүрдэж буй гэнэ. Түүнчлэн Архангай аймгийн Биеийн тамир, спортын газрын сургалт, дугуйлангуудыг цаашдаа уг ордонд хичээллүүлэх юм байна. Мөн тухайн аймгийн иргэдийн спортоор хичээллэх, дасгал хөдөлгөөн идэвхтэй хийхэд уг ордон чухал нөлөөтэй хэмээн Биеийн тамир, спортын газрынхан нь онцолжээ. Уг барилгын ажлын шавыг 2021 онд тавьсан. Ингэхдээ 2023 оны гуравдугаар улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөж байж. Улсын төсвийн хөрөнгөөс барилгын ажилд 7.9 тэрбум төгрөг зарцуулсан аж.
А.Үүл