Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутагт өнгөрсөн сарын 28-нд гарсан ой, хээрийн түймрийг өчигдөр өглөө цурамд оруулсныг ОБЕГ-аас мэдээллээ. Цагааннуур сумын нэгдүгээр багийн нутаг, Дунд даваа хэмээх газарт түймэр гарсан тухай дуудлага орон нутгийн онцгой байдлын байгууллагад өнгөрсөн даваа гаргийн 14.37 цагт бүртгэгджээ. Үүнээс хойш 67 цагийн дараа буюу өчигдөр 09.12 цагт түймрийг цурамд оруулж, хяналтад авснаа холбогдох байгууллагаас мэдээлсэн юм. Тухайн бүсэд түймэр юунаас болж дэгдсэнийг тогтоохоор ажиллаж буй бөгөөд урьдчилсан байдлаар долоон мянга гаруй га талбай өртсөн гэж үзэж байна. Цагааннуурт түймэр дэгдсэн өдөр тус аймгийн Зүүнбүрэн, маргааш нь Хушаат, Ерөө сумд мөн ийм тохиолдол бүртгэгдсэн. Өчигдрийн 14.00 цагийн байдлаар онцгой байдлын байгууллага, орон нутгийн мэргэжлийн анги, сайн дурын бүлгийн иргэд нийлсэн 600 гаруй хүн 90 автомашинтайгаар Сэлэнгэ аймаг дахь түймрийн дөрвөн голомтод ажиллаж байв. Эдгээр сумд гарсан түймэрт урьдчилсан байдлаар 1897 га талбай өртсөнийг тогтоожээ.
Н.Мишээл