Нийслэлийн есөн дүүргийн төсвийн зарцуулалтын ил тод байдалд дүн шинжилгээ хийж, олон нийтэд таниулах зорилгоор “Төсвөө мэдье, төсвөө мөшгөе” нөлөөллийн кампанит ажлыг 2023 оноос хойш өрнүүлж буй “Монголын залуучуудын эвсэл” төрийн бус байгууллагын дэд захирал З.Энхбаяртай ярилцлаа. Залуучуудын хөгжил, оролцоог дэмжих, эрх ашгийг нь хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 20 орчим байгууллагын төлөөлөл, сэтгүүлч, хуульч зэрэг салбар салбарын мэргэжлийн хүмүүс уг байгууллагад харьяалагддаг бөгөөд тэд мэргэжлийн зөвлөх багийн тусламжтайгаар төсвийн зарцуулалтад хяналт тавьж, дүн шинжилгээ хийдэг юм.
-Танай байгууллагынхан сүүлийн жилүүдэд төсвийн зарцуулалтын ил тод байдлыг танджээ. Төсөв гэдэг бол татвар төлөгчид та, бидний халааснаас өдөр тутам гарч байдаг мөнгө. Тэгвэл нийслэлийн удирдлагууд энэ мөнгийг хэр үр ашигтай зарцуулж байна вэ?
-Хангалтгүй гэж дүгнэж байгаа. Үр ашигтай зарцуулж байна уу гэдгийг үнэлэхийн тулд “Шилэн данс”-ны мэдээллээс эхлээд л хардаг. Юуны түрүүнд дүүргүүдэд хуваарилж буй төсөвт ерөнхий дүн шинжилгээ хийж, төсөл, хөтөлбөр, арга хэмжээнүүдийн мөнгөн дүнгээс онцлох тоонуудаа гаргаж ирдэг. Жишээлбэл, 2023 оны нийслэлийн төсөвт авто замын түгжрэлийг бууруулахад зориулж 420 тэрбум төгрөг суулгасан нь онцлох, анхаарал татсан тоо байсан. Иргэдийн зүгээс ч нэлээд шүүмжлэл дагуулсан шүү дээ. 420 тэрбумаар “Ид шидийн орон” шиг 10 төв байгуулах боломжтой. Тэгвэл нийслэл, дүүргийнхэн энэ мөнгөөр чухам ямар төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөв, тендер зарласан уу, хэн шалгарав гэдгийг судалж, хайхад нээлттэй байх ёстой сайтуудад нь энэ чиглэлийн мэдээлэл хомс байсан. Бид мэдээлэл олж авахын тулд нийслэл, дүүргүү-дийн холбогдох бүх байгууллага, албан тушаалтан руу албан бичиг илгээсэн юм. Есөн дүүргээс 2-3 нь л бичгээр хариу ирүүлсэн. Бусад нь “Төсөвтэй холбоотой мэдээллээ дүүргийн сайтад оруулсан” гэсэн ч шалгахад байгаагүй. Ерөнхийдөө дүүргүүдийн төсвийн мэдээлэл маш хаалттай, харьцуулж судлах, мөшгөх боломжгүй байдаг. Ингэхээр ил байгаа мэдээлэлд тулгуурлаж битүү хатуу тоон дээр ажиллах, бүдүүн бааргаар зураглах болчхож байгаа юм.
-“Нээлттэй, ил тод байлгах ёстой мэдээллүүд чинь алга, авъя” гэж холбогдох байгууллагуудад хандсанаас хойших хоёр жилд өөрчлөгдөж, шинэчлэгдсэн зүйл байна уу?
-Нийслэл бол төсөвтэй холбоотой мэдээллээ албан ёсны сайтдаа огт байршуулдаггүй. Уг нь төрийн данхар бүтцийг хумьж, бүтээмжийг сайжруулах бодлогыг сөрөн байж хүн хүч, хөрөнгө мөнгө заран ийм цахим систем ажиллуулж байгаа шүү дээ. Гэтэл энэ сайтыг хариуцсан хүмүүс нь ажлаа хийхгүй байна, хяналт тавих ёстой албан тушаалтнууд нь ч чиг үүргээ биелүүлэхгүй байна. Төрийн байгууллага он оныхоо батлагдсан төсвийн мэдээллийг цахим хуудсандаа зайлшгүй байршуулах ёстой гээд хуульд заачихсан. Сангийн яам гэхэд улсын төсөв батлагдсан даруйд холбогдох мэдээллүүдээ сайтдаа оруулдаг. Гэтэл нийслэлийнхэн огт байршуулдаггүй, ил тод болгодоггүй. Албан бичиг явуулж байж л хэдэн тоо, мэдээлэл олж авдаг. Нийслэлийн ИТХ бол хүсэлт, албан бичигт арай соргог ханддаг. Зарим төлөөлөгч нь попрох байдлаар манай байгууллагын нэр дурдаж, төсөвтэй холбоотой мэдээлэл оруулсан харагдсан. Ингээд ч болов нөлөөлж буй нь сайн хэрэг. Залуучууд төсвөө хянадаг, ажигладаг юм байна гэсэн ойлголт өгөх нь чухал. Манай нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн олонх нь төсөв уншиж чаддаггүй юм билээ. Төсвийн төсөл боловсруулж оруулж ирсэн хүмүүс нь ч тэдэнд уншиж танилцах хангалттай цаг хугацаа, завдал олгодоггүй. Хэлэлцэхээс гурав хоногийн өмнө ширээн дээр нь тавибал их юм. Сөрөг хүчний, “олон юм ярьж” болзошгүй хүмүүст бол нэг хоногийн өмнө, бүр орой нь төсвийн төслийг илгээдэг гэх. Толгой эргэм, учир битүүлэг, баахан бүхэл тоотой зузаан материалыг нэг шөнийн дотор бүрэн уншаад, дүн шинжилгээ хийх боломжгүй шүү дээ. Зарим нь уншихаас халгадаг, зарим нь уншъя гээд ч чаддаггүй байх. Төсөв батлагчдын дунд төсвийн тоо унших чадамжтай хүн маш ховор. Бүрэн гүйцэд ойлголт, мэдээлэлгүй хэрнээ бүдүүн бааргаар хэлэлцээд, тойрог, фракцаараа талцан хуваагдаж байгаад л баталчихдаг байдал анзаарагддаг. Уг нь тэнд байгаа тоо болгоны цаана төсвийн үр ашигтай, оновчтой зарцуулалтын асуудал хөндөгдөж байдаг юм.
-Төрийн байгууллагууд төсөвтэй холбоотой мэдээллээ ил болгодоггүй нь хулгайгаа далдлах зорилготой гэж хардаг. Та бүхэн юу гэж үздэг вэ?
-Нэгдүгээрт, төсвийн мэдээллийг цахим системд тухай бүрд оруулах ёстой хүмүүс нь ажлаа хийхгүй байна. Хоёрдугаарт, мэдээллээ системд байршуулахыг тэднээс шаардах ёстой хүмүүст нь үүнийг ил болгохгүй байх ашиг сонирхол байна. Оруулчихвал ямар ажил хийж буй нь нийтэд ил болоод, нийгмээр шүүгдчих гээд байна шүү дээ. Үндсэндээ төсвийн мэдээллийг нуун дарагдуулах, ил тод болгоход хаалт тавих сонирхол төрийн байгууллагуудад их. Магадгүй хийж байгаа ажил нь олны анхаарал, шүүмжлэлд өртөөд зогсчихно, цуцлагдчихна гэж эмээдэг болов уу.
Гэхдээ “Төрийн байгууллагынхан угаасаа л ийм байдаг” гээд орхиж, тоомжиргүй хандаж болохгүй. Ингэх тусам иргэд, олон нийт хяналтаа сайн тавих ёстой. “Монголын залуучуудын эвсэл” яг л ийм зорилгоор үйл ажиллагаа явуулдаг. Төсөвт хандах, анхаарах, хяналт тавих залуучуудын оролцоог нэмэгдүүлэх нь бидний гол зорилго.
-Манайд бол төсөв хэлэлцэн батлах үеэр л иргэдийн дунд шүүмжлэл, мэтгэлцээн өрнөөд, тэрнээс хойших буюу зарцуулалт, гүйцэтгэл, тайлагналын шатанд олон нийтийн хяналт, анхаарал суларчихдаг юм шиг санагддаг.
-Төсөвт хяналт тавих нь сэтгэл ханамжтай, ая тухтай амьдрах орчин, нөхцөл бүрдүүлэхэд чухал нөлөөтэй гэж үздэг. Сүүлийн үеийн залуучуудыг харахаар “Өмнөх ажлаа хийгээд, өөрийгөө болгоод л явж байвал барав” гэсэн хандлага их ажиглагддаг. Завгүй, бужигнасан амьдралын хэв маяг нь ч үүнд нөлөөлдөг байх. Гэхдээ олон нийтийг төлөөлж төрд ажиллаж байгаа хүмүүс бидний халааснаас авсан мөнгөөр хэрэгтэй зүйл хийж байна уу гэдэгт хүн бүр их, бага хэмжээгээр, боломжийнхоо хэрээр хяналт тавих ёстой шүү дээ. Компьютерын цаанаас юу юугүй харааж зүхээд, элдвээр хэлээд байх биш, баримттай, бодитой зүйлд тулгуурлаж зөв шаардлага тавих нь чухал. Улс, нийслэлийн төсвийн төсөл хэлэлцэж эхлэх үеэс хаана, юу болж байна гэж чих тавьж, наанадаж өөрийнхөө амьдардаг хороо, дүүргийнхээ мэдээллийг харчихдаг байх нь иргэн хүний үнэ цэнтэй оролцоо юм. Тэндээс нэг ширхэг ч болов тоо шүүрч аваад, хардлага сэрдлэгийн үүднээс мөшгөж, судлах нь үр дүнтэй хяналтын эхлэл.
-Олон улсад нийтлэг жишгээр бол төсвийн хөрөнгөөр аливаа нэг төсөл, хөтөлбөр, арга хэмжээ хэрэгжүүлэхдээ нийгмийн үнэ цэн, хэрэгцээ, шаардлагыг нь иргэд, олон нийтийн оролцоотойгоор өргөн хүрээнд тодорхойлдог юм билээ. Энэ нь эргээд төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах хөшүүрэг болдог. Улаанбаатарт хэрэгжүүлж байгаа ажлууд нийслэлчүүдийн, нийгмийн хэрэгцээ, шаардлагад нийцэж байна уу?
-Ерөөсөө энэ чиглэлийн судалгаа хийдэггүй юм билээ. Нийтэд ил болсон төсвийн болон төсөл, хөтөлбөрийн мэдээллээс ч энэ нь илэрхий харагддаг. Нийслэлийнхэн зөвхөн баяр, ёслолын арга хэмжээнд гэхэд л 2023 онд 1.1 тэрбум төгрөг төсөвлөсөн байсан. Нийслэлийн ИТХ-ын хүндэт үнэмлэх захиалгаар хэвлүүлэхэд 25, өргөмжлөл хийлгүүлэхэд 22.5, Шинэ жилийн баярын цэнгүүн зохион байгуулахад 300 сая төгрөг гэх мэтээр тэрбум гаруй төгрөг хуваарилсан. Энэ баримт л төсвийн мөнгийг хэр үр дүнтэй зарцуулдаг вэ гэдэг асуултад хариулт болно. Хотын дарга Х.Нямбаатар ирэх сард “Улаанбаатар хотын иргэдийн баяр” зохион байгуулах гэнэ. Бидэнд баяр мундаагүй. Ил, далд маш олон баяр тэмдэглэж, тэрбум тэрбум төгрөг урсгаж байгаа. Замын цагдаа нарт ашиглуулна гээд нийслэлийн төсвөөс өчнөөн тэрбум төгрөгөөр скүүтер, суррон авсан байна. Энэ нь гэмт хэрэг, зөрчлийг түргэн шуурхай шийдвэрлэхэд, урьдчилан сэргийлэхэд үнэхээр тус нэмэр болж байгаа юу, шийдэл мөн үү гэдгийг бодолцох хэрэгтэй. Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авч байгаа үйл ажиллагааны зарчим нь Төсвийн тухай хуульд нийцэж байх ёстой. Харамсалтай нь, энэ зарчим хуульд нийцэхгүй байна. Тодотгол хийж төсөв танах, тэвчиж болох зардлаа хэмнэж бүсээ чангалах талаар сүүлийн жилүүдэд их ярих болсон. Гэтэл нийслэлийнхэн тусдаа вант улс болчхоод хамгийн их төсвөөр хамгийн үр ашиггүй ажлуудыг хийж байна. Тэгсэн атлаа хөрөнгө оруулалтынхаа мэдээллийг ил тод болгодоггүй. Хянана гэхээр улам л нуун дарагдуулах, өөр нэр томьёогоор далдалж халхавчлах байдал ажиглагдах болсон.
-Залуучуудад зориулсан бүтээн байгуулалтын ажилд дүн шинжилгээ хийсэн гэсэн. Онцлох үр дүнгээс нь танилцуулахгүй юу?
-Манайх залуучуудын байгууллагын хувьд 2024 онд улсын төсвийн хөрөнгөөр залуучуудад зориулсан ямар бүтээн байгуулалт, ажлууд хийх гэж байна вэ гэдэг чиглэлээр түргэвчилсэн дүн шинжилгээ хийсэн юм. Ингэхэд нийслэл, орон нутагт 6.3 тэрбум төгрөгөөр ердөө залуучуудын хөгжлийн төв, ордон гэх зургаан барилга, байгууламж барихаар төлөвлөсөн байсан. Ийм төв үнэхээр хэрэгтэй юү, залуучуудын хөгжилд нэмэртэй юү гэдгийг судлаагүй, биднээс асуугаагүй байж тэрбум тэрбумаар төсөв хуваарилсан. Гадаадын орнуудын жишиг харахад ийм төвүүдийг үр дүнтэй, тууштай ажиллуулж залуучуудын хөгжлийг бодитоор дэмждэг. Манайд ингэж ажиллуулж чадах уу, хөндий байшин бариад орхих уу гэдэг нь асуултын тэмдэг юм. Одоо байгаа төвүүд нь алдаг оног үйл ажиллагаа явуулдаг, төрийн байгууллагынхан хаа нэг очиж зааланд нь тэмцээн, уралдаан явуулж байгаа харагддаг. Ийм хөгжлийн төв хэрэггүй шүү дээ. Барьсных нь дараа үйл ажиллагааны урсгал зардал, ажилтнуудынх нь цалин хөлс зэрэгт ч төсвөөс жил бүр багагүй мөнгө хуваарилдаг. Ийм байдлаар төсөвт дарамт учруулдаг, нийгэмд төдийлөн ач холбогдолгүй үйл ажиллагаа явуулдаг байгууллага цөөнгүй. Улс, нийслэлийн удирдлагууд төсвийн хөрөнгөөр ямар нэгэн ажил хийхдээ өөрсдөө дур мэдэн шийдэх биш, нийгмийн хэрэгцээнд тулгуурлах ёстой.
-“Монголын залуучуудын эвсэл”-ийнхэн хамгийн сүүлд “Сэлбэ сэргэлт” төслийн хөрөнгө оруулалт, төсөв, төлөвлөгөө зэрэгт дүн шинжилгээ хийсэн юм билээ. Нийгмийн зүгээс асар их шүүмжлэл дагуулсан энэ төслийн үйл явцыг хэрхэн үнэлж дүгнэсэн бэ?
-Бид “Төсвөө мэдье, төсвөө мөшгөе” нөлөөллийн аяныхаа хүрээнд энэ төслийн хөрөнгө оруулалт, төсөвтэй холбоотой мэдээллийг нийтэд ил болгохыг зорьсон. Гэтэл шаардлагатай, чухал мэдээллүүд нь холбогдох байгууллагуудын сайтад мөн л байгаагүй. “Сэлбэ сэргэлт” төслийг хэрэгжүүлэхээр 2021 онд ажлын хэсэг байгуулан судалгаа хийж, 2023 онд зураг төслийг нь баталсан гэх боловч төрийн нээлттэй мэдээллийн сан болон Ulaanbaatar.mn сайтад тус бүтээн байгуулалттай холбоотой захирамж, шийдвэр, худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг одоо хүртэл байршуулаагүй байгаа юм. Өнгөрсөн онд худалдан авах ажиллагааны зарлал оруулсан ч үр дүнгийн мэдээлэл нь байхгүй. Түүнчлэн төрийн аудитын байгууллагын улс, нийслэлийн болон дүүргүүдийн төсвийн 2020-2025 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүнгийн тайланд энэ талаар огт тусгаагүй нь анхаарал татсан. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар бол мэдээлэл хариуцагч төрийн бай¬гууллага төсөв санхүү, худалдан авах ажиллагааны талаарх мэдээллийг байнга ил тод байлгах ёстой юм. Энэ үүднээсээ бид “Сэлбэ сэргэлт” төслийн бүтээн байгуулалтын судалгааны мэдээллээс эхлээд батлагдсан зураг төсөл, нийт санхүүжилт, тэдгээрийн эх үүсвэр, худалдан авах ажиллагааны зарлалын үр дүн, шалгарсан байгууллагын нэрс зэргийг ил болгохыг хотын даргаас шаардаад буй. Нээлттэй мэдээлэл хүсэх тухай албан бичгийг түүнд хүргүүлсэн. Мөн нийслэлийн Худалдан авах ажиллагааны болон Хөрөнгө оруулалтын газарт энэ асуудлаар хандаад байна.