Хиймэл оюунаар зохиолыг нь бичсэн “Одон орны зурхайч ба худал мэргэ” жүжгийг Версалийн хааны ордны дуурийн театрын тайзнаа ирэх оны тавдугаар сард үзэгчдийн хүртээл болгох нь. Жүжгийн зохиолыг Францын “Mistral” хэмээх гарааны компанийнхан Мольер тэргүүтэй XVII зууны үеийн бусад зохиолчийн бүтээлд тулгуурлан хөгжүүлсэн хиймэл оюунаар бичүүлж буйгаараа онцлогтой гэнэ. Ингэхдээ фарс буюу дундад зууны үеийн инээдмийн төрлөөр толилуулах бөгөөд долоон жүжигчин, гурван хөгжимчний бүрэлдэхүүнтэйгээр тайзнаа “амилах” аж. Харин жүжгийн хэл найруулга XVII зууны хэв маягт нийцэж буй, эсэх болон үйл явдлын логик дарааллыг мэргэжлийн шинжээчид шалгах юм байна.
Э.Сондор