Засгийн газраас Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд буй энэ үед тус баримт бичгийг тойрсон хэлэлцүүлэг ид өрнөж байна. Үүнд улсын төсвийн орлогыг 31.6 их наяд, зарлагыг 32.9 их наяд төгрөг байхаар тусгаж, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг 1.3 их наяд төгрөгийн алдагдалтайгаар тооцоолжээ. Уг төслийг тойрсон асуудлаар эдийн засагч Д.Оюунбадамтай ярилцлаа.
-Төсвийн тухай хуульд төсвийн төсөл боловсруулах, хөрөнгө оруулалтын төсөв, арга хэмжээнд тавигдах шаардлагыг тодорхой тусгасан нь бий. Энэ хүрээнд авч үзвэл уг төслийг аргачлал, үзүүлэлтийн хувьд хэр хэмжээнд боловсруулж, бэлтгэсэн гэж та харж байна вэ?
-2024 онд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд “нэгдсэн төсвийн суурь тэнцэл” хэмээх нэр томьёо нэмсэн.
Энэ нь нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогоос суурь зарлагыг хассан дүнг хэлж буй. Өөрөөр хэлбэл, нийт тэнцвэржүүлсэн зарлагаас гадаадын үнэт цаас, бонд, зээлээр санхүүжих төслүүдийнхээ зардлыг хассан дүн гэсэн үг. Энэ өнцгөөс харвал 2026 оны төсөв ашигтай гэж харагдаж магадгүй юм. Гэхдээ төсвөө бүтэн зургаар нь, нэгдсэн байдлаар авч үзвэл “суурь тэнцэл” гэх нэршил учир дутаг далтай. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасны дагуу гадаад зээл, бондоор санхүүжиж буй зарлагыг тэнцэлд тооцдоггүй өнөөгийн практикийг өөрчлөх шаардлагатай гэж хардаг. Түүнчлэн энэ нэршил төсвийн алдагдлыг бодит хэмжээнээс бага харагдуулж буй нь зохисгүй. Өмнө нь гадаадын зээл, тусламж, бондоор санхүүжсэн зарлагыг орлого, зарлагын харьцуу лалтад бүрэн багтааснаар төсвийн алдагдлыг нэгдсэн байдлаар харах боломжтой байв.
Түүнчлэн ирэх онд нүүрсний экспортыг 90 сая тоннд хүргэнэ гэх тооцоолол тун эргэлзээтэй. Дэд бүтцийн төслүүдийг хэрэгжилт удаашралтай өнөө үед нүүрсний тэнцвэржүүлсэн үнийг 133.7 ам.доллар, зах зээлийн үнийг тонн нь 70 ам.доллар байхаар тооцсон ч энэ таамаглалдаа хүрэхэд хүндрэлтэй болов уу. Энэ мэтчилэн уул уурхайн орлого төлөвлөгөөний дагуу биелэх магадлал бага харагдаж байна.
-Өнгөрсөн наймдугаар сард“И-Монголиа” системээр дамжуулан ирэх оны төсвийн төсөлд 14 хоногийн хугацаатай иргэд, олон нийтээс санал, асуулга авсан шүү дээ. Үүнд цахим болон танхимын хэлэлцүүлэг зохион байгуулсныг оролцуулаад нийт 240 мянган иргэн хамрагдсан гэнэ билээ. Гэвч уг төсвийн төслөөс үүдэх элдэв хариуцлагаас Засгийн газрынхан олон нийтийг оролцуулсан гэх нэрийн дор бултахыг үгүйсгэхгүй. Ер нь төсвийн төслийг боловсруулахдаа олон улсад ямар жишиг баримталдаг юм бол?
-Олон улсын төсвийн түншлэл байгууллагаас “Төсвийн нээлттэй байдал” судалгааг хоёр жилд нэг удаа, 100 гаруй орныг хамруулж хийдэг. Үүний хүрээнд төсвийн ил тод байдал, иргэдийн оролцооны түвшин, аудитын хяналт хэр байгааг үнэлдэг. Манай улсын иргэдийн оролцоо авбал зохих 100 онооноос 19 авсан. Судалгааны үр дүнтэй холбогдуулан төсвийн төсөл боловсруулах шатандаа иргэдийн оролцоог хангах, батлагдсан төсвийн мэдээллийг олон нийтэд дэлгэрэнгүй, ойлгомжтой олгох зэрэг зөвлөмж өгсөн. 2023 оны долоодугаар сард Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, олон нийтийн хэлэлцүүлгийг салбар бүрээр явуулах зэрэг шаардлага тусгасан нь эхнээсээ хэрэгжиж байна.
Иргэд оролцож байж л төсөв хяналттай байна гэж олон улсад үздэг. Тухайлбал, ирэх онд гурав орчим их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжинэ. Гэтэл Сангийн яам уг төслүүдээ ач холбогдлоор нь хэрхэн эрэмбэлснээ ил болгохгүй байгаа. УИХ-ын Төсвийн байнгын хорооноос олон нийтийг оролцуулсан өргөн хүрээний хэлэлцүүлэг зохион байгуулж эхэлж байх шиг байна. Гэтэл “Төсвийн орлого бүрдүүлэлтийн талаар” хэлэлцүүлгийн зар гэхэд л энэ сарын 19-нд www.parliament.mn сайтад нийтлэгдсэн хэр нь 21-ний 17.00 цаг хүртэл бүртгэнэ гэх шаардлага бичсэн байх жишээтэй. Ийм давчуу, богино хугацаанд хүмүүс бүртгүүлж амжих уу. Тиймээс иргэдэд мэдээллийг ил тодоос гадна эртнээс, зохион байгуулалттайгаар дамжуулах шаардлагатай.
-Энэ төслийн талаар зарим гишүүн“Энэ төсөвт ямарч шинэчлэл алга. Татвар, хураамж нь пуужиндсан, дээрэмдсэн мөнгөө цацаж, цемент болгосон яг хэвээрээ. Өрсөлдөөнийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, өрхийн амьжиргааг тэтгэх ямарч бодлого байхгүй” хэмээн байр сууриа илэрхийлсэн. Нэг үеэ бодвол төсөв бол татвар төлөгчдийн мөнгө, бид үүнд хяналт тавих ёстой гэх ухамсар олон нийтэд суусан байна. Товчхондоо, үрашиггүй зардал, татвар, шимтгэлийг бууруулаачээ хэмээн иргэд хүсэж буй.
-Хөрөнгө оруулалтын зардал өмнөх оныхтой бараг ижил хэмжээнд байна. Соёлын төв, тамгын газрын барилга байхгүй ч Бичигт боомт-Дарьганга чиглэлийн авто зам зэрэг жижиг хөрөнгө оруулалтуудыг эрчим хүч, боловсролын салбар руу шилжүүлж болно шүү дээ. Түүнчлэн цахимжилтаар дамжуулан урсгал зардлаа хэрхэн хэмнэх талаар бодох нь зөв. Зарим яам төсвөө бууруулах шаардлагатай гэж харж байна. Өөрөөр хэлбэл, төсөв хөгжлийн зорилготойгоо хэрхэн уялдаж байгааг харгалзах нь чухал.
-“2026 оны төсөв хүний хөгжил, боловсролыгдэмжих төсөв байх ёстой” хэмээн Ерөнхий сайд Г.Занданшатар хэлж байв. Ингэхдээ эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг 5.5 дахин, боловсролын салбарынхыг хоёр дахин нэмэхээр төлөвлөсөн байсан.
-Төсвийн хөрөнгө оруулалтын төслүүдээс гадаадын зээл, тусламжаар санхүүжих нь чамгүй олон. Гэхдээ бүгдийг нь улсын төсвөөс эргэн төлнө шүү дээ. Тиймээс гадаадын төслүүдийн үр ашгийг эрэмбэлж, үнэлэх их чухал. Төсвийн төслийн II хавсралт дахь “Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2026 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-ыг УИХ олон талаас нь хянамгай хэлэлцдэг. Гэхдээ I хавсралт дахь “Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2026 онд хэрэгжүүлэх хөтөлбөрийн зорилт, хүрэх үр дүн, хүрэх үр дүнгийн талаарх тоон болон чанарын шалгуур үзүүлэлт”-ийг илүү анхаараасай. Гэхдээ үүнд ийм зорилтыг хангахын тулд энэ төсвийг хуваариллаа гэх агуулга байдаггүй. Тиймээс зорилт, төсөв хоёр салангид яваад байна. Хүрэх үр дүнгийн үзүүлэлтийн маягтаа сайжруулж, түүнийг төсөвтэй уядаг байх хэрэгтэй. Түүнчлэн хөрөнгө оруулалтын тоон мэдээллүүдийг pdf өргөтгөлтэй бус, excel программд хөрвүүлсэн байвал уншиж, танилцахад их тохиромжтой болох юм.
Орон нутгийн хөрөнгө оруулалт гурав орчим их наяд төгрөг байгаа. Улсын төсвөөр санхүүжиж буй хөрөнгө оруулалтын төслүүд сүүлийн жилүүдэд чамбайрч байгаа ч орон нутгийн төсвийн хувьд зардлын төлөвлөгөө, мэдээллээ ил болгох нь нэлээд дутуу дулимаг байна. Жишээ нь, УИХ Засгийн газрын төсөл, Төрийн аудитын газрын дүгнэлтийг дор бүр нь нийтэлдэг. Харин нийслэл, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төсөв ил тод байдлыг хангахгүй хэвээр байна.
-Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн 1.3 их наяд төгрөгийн алдагдлыг хэрхэн бодитойгоор нөхөх боломжтой вэ?
-Алдагдлыг зээл, бондоор санхүүжүүлж байгаа. Өр л нэмэгдэж байгаа хэрэг. Ирэх онд Засгийн газрын гадаад өр 33.4 их наядад хүрэхээр байна. Үүгээр тогтохгүй, нийслэлээс эргэн төлөлт нь хоёр жил орчим байх бонд гаргачихлаа. Нөгөөтээгүүр, зээл олгогч ба авагч тал оролцдог хоёр талт зээлд БНХАУ-ын оролцоомаш их өссөн. 30 орчим хувийг эзэлж байна. Нэг орноос хэт их зээл авах нь үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцэхгүй л болов уу. Бид гадаад улсаас зээл авахдаа нухацтай хандах хэрэгтэй.
-Эдийн засгийн өсөлтөө 5.7 хувьд хүргэх, инфляцыг долоон хувьд хадгалах, экспортын орлогыг 16.7 тэрбум ам.долларт хүргэх зорилт дэвшүүлсэн. Гэвч энэ өсөлтийн таамаглалыг уул уурхайн экспортын орлого дангаар бүрдүүлж байна. Нүүрсний үнийн савлагаа болон БНХАУ-ын эдийн засгийн нөлөөг тооцвол энэ төсөөлөл бодитой хэрэгжих боломжтой гэж та үзэж байна уу?
-Уул уурхайн салбарын үзүүлэлт энэ чигээрээ байвал хүрч болшгүй төсөөлөл биш. Харин инфляцыг долоон хувьд барихад хэцүү. Есөн хувьдаа хадгалагдах болов уу. Бодит амьдралд ес байтугай өсөлт бүх зүйлд харагдаж байна шүү дээ.
-МонголУлсынтөсвийнорлогынбүтцийгхарвалтатварынорлого 85, татварынбусорлого 5.4 хувь, түүнчлэнтөсвийнорлогын30 гаруй хувийгуулуурхай, түүхий эдийнэкспорт бүрдүүлдэгхэвээрбайна. Орлогынийм төвлөрсөнбүтэц эдийнзасгийнтогтвортой байдалдурт хугацаандаа эрсдэлтэй биз дээ?
-Төвлөрсөн бүтэц мэдээж байна. Харин манай улс оюуны чадамжид суурилсан үйлчилгээг хөгжүүлэхэд түлхүү анхаарах ёстой.
-Үндэсний аудитын газраас нэгдсэн төсөвт аудит хийдэг. Төсвийн хөрөнгөөр хийж байгаа ажлын талаарх аудитын дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлдэг байх нь чухал. Арвилан хэмнэлттэй, үрашигтай, нөлөөтэйгөөр хэрэгжүүлж үү, үгүй юү гэдгийг жинхэнэ шалгадаг газар шүү дээ. Гэхдээ төсвийн зарцуулалтын аудит, хяналтын тогтолцоо үр дүнтэй байж чадахгүй байх шиг.
-Төрийн аудит нэгжилд хэдэн мянган тайлан гаргаж байгаа. Харамсалтай нь, зөвлөмжийн биелэлт хангалтгүй байгаа учраас төсөв тойрсон зөрчил хэдэн их наядаар хэмжигдэж байна. Тиймээс аудитын зөвлөмжийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй. УИХ-ын зүгээс төсвийн гүйцэтгэлийн аудитыг жилд нэг удаа хэлэлцдэг. Ингэхдээ өмнөх зөвлөмжийн хэрэгжилтэд нэлээд нухацтай хандах ёстой. Төсвийн хэрэгжилт дууссаны дараа хянаж, шалгаад танилцуулж байгаа тул гүйцэтгэлийг парламент хэлэлцдэг. Засгийн газар төсвийн сарын, хагас жилийн, улирлын тайлан гаргадаг. Харин агуулгыг нь сайжруулсан ч явцыг нь авч үзэхгүй байгаа нь учир дутагдалтай. Аудитын зүгээс зарим зөрчлийг шүүхэд шилжүүлэв гэсэн мэдээллээ тайландаа оруулсан байх нь бий. Эдгээрийн хэрэгжилт ямар байгааг авч үзэх нь чухал юм.
-Дэлхийн зах зээлдэх нүүрсний үнийн уналт, Хятадын эдийн засгийн өсөлтийн сааралт зэрэг гадаад хүчин зүйлс Монголын төсвийн төсөөлөлд томоохон эрсдэл үүсгэдэг. 2026 оны төсөв ийм гаднын шокуудыг давж гарч чадах болов уу?
-Хятадын эдийн засгийн байдал манай экспорт, тэр дундаа нүүрсний эрэлтэд шууд нөлөөлөх нь тодорхой. Одоогоор нүүрсийг хямд эрчим хүчний эх үүсвэр болгон ашиглаж буй ч Монголын нийлүүлэлтийн хүчин чадал хангалттай хүрэлцэх, эсэх нь эргэлзээтэй. Хэрэв экспортын орлого буурвал Засгийн газар орлого тасрах эрсдэлд хэрхэн хариу үйлдэл хийх төлөвлөгөөг илүү нарийвчлан танилцуулах ёстой гэж хэлнэ.
Д.Хүслэн