Сонирхогчдын сүмо бөхийн 26 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) Тайландын Бангкок хотноо энэ сарын 13-14-нд болсон билээ. Тус тэмцээний насанд хүрэгчдийн хасах 115 кг-ын жинд өрсөлдөж, алтан медаль хүртсэн аймгийн арслан Б.Бадралтай ярилцлаа. Тэрбээр эл тэмцээнд дөрөв дэх удаагаа аваргалсан манай улсын анхны тамирчин юм. Тодруулбал, 2018 онд Тайваньд, 2019 онд Японы Осака, 2024 онд Бүгд Найрамдах Польш Улсын Кротошин хотноо болсон сонирхогчдын сүмо бөхийн ДАШТ-д түрүүлж, алтан медаль хүртэж байв. Мөн тэрбээр Дорноговь аймгийн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд 2023 онд долоо даван түрүүлж, арслан цол хүртсэн билээ. Түүнчлэн олс таталтын спортын Ази тивийн аваргын хос мөнгөн медальтай тэрбээр “Аварга” дээд сургуулийн шилдэг төгсөгчдийн нэг.
-Тайландын Бангкок хотноо болсон сонирхогчдын сүмо бөхийн ДАШТ-ий насанд хүрэгчдийн 115 кг-ын ангилалд тэргүүн байр эзэлсэн танд баяр хүргэе.
-Баярлалаа. Энэхүү тэмцээнээс дөрөв дэх түрүүгээ авлаа. Сэтгэгдэл өндөр байна. Би анх хасах 100 кг-ын төрөлд тэргүүн байрт шалгарсан. Харин 115 кг жинд гурав дахь удаагаа аваргалсан нь энэ юм.
-Тус тэмцээнд хэдэн орны тамирчин өрсөлдсөн бэ?
-Энэ удаагийн ДАШТ-д таван тивийн 30 гаруй орны тамирчин хүч сорилоо. Харин миний жинд 25 тамирчин оролцсон.
-Та аймгийн арслан цолтой, үндэсний бөхөөр хичээллэдэг хүн. Эл спортоор хичээллэж эхэлсэн түүхээсээ хуваалцахгүй юу?
-Би “Аварга” дээд сургуульд 2011 онд элсэн орсон. Хоёрдугаар түвшний оюутан байхаасаа эхлээд л үндэсний бөхөөр барилдсан. Ер нь багаасаа хөдөлгөөнтэй, спортод хайртай хүүхэд байсан. Ингээд Гавьяат дасгалжуулагч, улсын начин Б.Адъяахүү багшаар үндэсний бөхийнхөө А үсгийг заалгасан юм. Үүнээс хойш үндэсний спортоороо хичээллэж, аймгийн арслан цол хүртсэн. Сүмо бөхийн дэлхийн хошой аварга Г.Наранбат багшийн шавь.
-Яагаад үндэсний бөхөөс сүмо руу хөрвөх болсон бэ?
-Миний хувьд 2014 оноос сүмо бөхийн спортоор хичээллэж эхэлсэн. Өдгөө 12 жил болж байна. Хадам ээжийн маань дүүгийн эхнэр сонирхогчдын сүмо бөхийн эмэгтэйчүүдийн дэлхийн хошой аварга хүн бий. Энэ амжилтаараа монголдоо анхдагч. Тэрбээр надад анх “Сүмогоор барилдаад үз” гэж хэлсэн. Тэгээд л 2016 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцоод түрүүлсэн. Дараа нь ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байлаа.
-ДАШТ-д дөрвөн удаа түрүүлнэ гэдэг мэдээж амаргүй. Энэ хугацаанд гэмтэж бэртэх үе олон байв уу?
-Тамирчин хүнд шантрах, бэртэж гэмтэх үе бишгүй тохиолдоно. Би ч гэсэн үүнийг тойрч биш, дайрч гарсан. Цар тахлын үед уралдаан, тэмцээн хэсэг завсарласан шүү дээ. Энэ үед бэлтгэл хийж байхдаа маш хүнд бэртэл авсан. Ер нь сүмо бол тамирчид хоорондоо их мөргөлддөг, хүчний спорт шүү дээ. Тэгээд л барилдаж байхдаа хүзүүнийхээ дискийг гэмтээчихсэн юм. Энэ үед үнэхээр хэцүү байсан. Сэтгэлдээ бол үргэлж л бэлтгэл сургуулилалт хийхийг хүсэж байв. Гэтэл биеэ хөдөлгөх боломжгүй байна гэдэг маш хэцүү юм билээ. Өрөөсөн гар мэдээгүй болж, сүүлдээ бүр даагдахаа байсан. Бараг хоёр жил орчим гам барьсан. Мөн ч удаан санагдсан даа. Үргэлж бэлтгэл сургуулилалт гээд завгүй байдаг хүн ийм урт хугацаанд гам барина гэдэг хэцүү биз дээ. Ингээд 2023 оноос хойш эл спортод эргэн ирсэн гэж хэлж болно. Үүнээс хойш ДАШТ-д тасралтгүй оролцсон. Тавьсан зорилгодоо хүрэх гэж их тэмцэж, шаргуу хөдөлмөрлөж, уйгагүй зүтгэсний хүчинд энэ амжилтад хүрсэн.
-Энэхүү тэмцээнд дөрвөн удаа түрүүлэхэд хамгийн их догдолсон, эсвэл хичээл зүтгэл шаардсан нь хэдэн оных байв?
-Ер нь жил болгоны тэмцээн өөрийн гэсэн онцлогтой сайхан болдог. Тэр хэрээр сэтгэл догдлон хүлээдэг. Гэхдээ хамгийн анх 2018 оны ДАШТ-д түрүүлэхэд үнэхээр сайхан байсан. Баярын нулимстай эх орондоо ирж байлаа. Энэ удаад дөрөв дэх удаагаа түрүүлээд бас л өөрийн эрхгүй нулимс дуслууллаа. Тэгэхээр эхний болон сүүлийн тэмцээн сэтгэлд илүү тод үлдсэн юм болов уу.
-Өрсөлдөгчөө ялахын тулд та голчлон ямар арга барилаар барилддаг вэ?
-Багш бид хоёрын хувьд бэлтгэл сургуулилалт хамгийн чухал нь. Сүмо бол богино зайд, хурд, хүч, авхаалж самбаа шаарддаг спорт. Зай талбай багатай жижигхэн тойрогт үзэж тарна. Тиймээс өрсөлдөгчийнхөө яаж барилдаж байгааг анзаарахаас илүүтэй өөрийнхөө хийж буй мэхэд төвлөрч, нөгөө хүнийхээ барилдах замыг нь хаадаг. Хамгийн гол нь өрсөлдөгчдөө боломж өгөхгүй байх ёстой. Ерөнхийдөө сүмо бол бодох завгүй, хэдхэн хормын дотор өрнөчихдөг. Хальт өөр зүйл бодох төдийд л ялагдана. Тэгэхээр бэлтгэлээ сайтар базааж, сэтгэл зүйгээ тогтвортой байлгах хэрэгтэй.
-Тамирчид тэмцээнд оролцоход хурд, хүчнээс гадна сэтгэл зүйн бэлтгэл чухал гэх юм билээ. Та тэмцээний өмнө сэтгэл зүйгээ хэрхэн бэлтгэдэг бол?
-Тэмцээний өмнөх өдрүүдэд өөртэйгөө ярилцаж, төвлөрдөг. Гэхдээ бэлтгэл сайн байвал тэр хэрээр сэтгэл зүй тайван байдаг.
-Тэмцээний өмнөх өдрүүд хэрхэн өнгөрдөг нь сонирхолтой санагдлаа.
-Мэдээж бэлтгэл сургуулилалтаа сайтар базаах нь чухал. Гэхдээ өөрийгөө хэт хүчилж болохгүй. Бас бид энгийн хүмүүсийг бодвол хэд дахин өндөр ачаалалтай байдаг учраас хооллолт болон амралтаа зөв тааруулах учиртай. Ер нь тэмцээний өмнөх долоо хоногт хүйтэн ус, хийжүүлсэн ундаа, цагаан идээ хэрэглэдэггүй. Чихрийн агууламж өндөртэй бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийдэг. Харин оронд нь халуун хоол, цай түлхүү хэрэглэнэ. Бас аль болох эрт унтахыг хичээдэг. Миний хувьд өглөө бэлтгэлдээ явахдаа хэзээ ч ходоод хоосон гардаггүй. Дандаа л өлөө тайлж, хоол идчихээд явдаг. Голцуу биед шим тэжээлтэй, шөлтэй хоол иддэг.
-Эдгээр зарчмыг зөрчиж байв уу?
-Бараг л үгүй болов уу.
-Таны амьдралд спорт тэр дундаа сүмо бөх хэрхэн нөлөөлсөн бэ?
-Сүмо бол миний ажил, амьдралын салшгүй нэг хэсэг. Мөнхүнийг даруу төлөв болгож, ёс сурта хуунд сургадаг спорт гэж боддог. Нөгөө талаас маш хүндэтгэлтэй спорт. Өөрийн гэсэн дэг жаягтай. Бид мэргэжлийн, эсвэл сонирхогчдын гэлтгүй маш хүндэтгэлтэй ханддаг. Ер нь зөвхөн сүмо ч бус, бөх хүн жудагтай, шударга өрсөлдөөнийг эрхэмлэдэг байх ёстой. Олны хайр, хүндлэлийг өчүүхэн ч сэвтээлгүй дааж явах их чухал.
-Үндэсний бөх болон сүмогоор хичээллэх сонирхолтой залууст та ямар зөвлөгөө өгөх вэ?
-Мэргэжилдээ, сонирхолтой тууштай, үнэнч байгаарай. Тэгвэл хэзээ нэгэн цагт үр шимийг нь хүртэнэ. Угаасамархан спорт гэж байхгүй шүү дээ. Ямар ч спортоор хичээллэсэн шантрах, шаналах үе тохиолдоно. Харин тэр болгонд орхиод явах бус, буцаад босох хүчтэй, тууштай байх учиртай.
-Таны цаашдын зорилго, төлөвлөгөө юу бол?
-Үндэсний бөхөөр хичээллэдэг хүний зорилго бол өөрийн цолоо ахиулах шүү дээ. Би аймгийн арслан учраас дараагийн шатныхаа цолонд хүрэхийг л эрмэлзэж бэлтгэл сургуулилалтаа базааж явна даа. Цаашид улсын цолонд хүрэх зорилготой. Харин сүмогийн хувьд энэ амжилтаа илүү бататгахыг хүсэж байна.
Мөн цаг нь болохоор тамирчны карьераа өндөрлүүлбэл дасгалжуулагч болох бодол бий. Саяхнаас сүмо бөхийг олимпын төрөлд оруулахаар Дэлхийн сүмо бөхийн холбооны дэд тэргүүн Хакухо М.Даваажаргал аварга маань ажиллаж байгаа.
У.Сүрэн