Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл өглөө. Тэрбээр, "Зарим нэр бүхий гишүүд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулж худал, гүтгэлэг мэдээлэл тарааж байна. Үүнд няцаалт хийхээр өнөөдөр мэдээлэл өгье. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас өнгөрсөн наймдугаар сард гаргасан 55 дугаар тогтоол хууль зөрчөөгүй. Ижил утгатай тогтоол өмнө нь есөн удаа гарч, 10 удаагийнх нь энэ болж байгаа юм.
Биднийг ажил авахад нүүрсний экспорт болон биржийн арилжаа зогсчихсон урт хугацаатай хямд үнэтэй гэрээнүүд экспорт үргэлжилж, хасах эдийн засагтай ажил хүлээн авч байсан. Улмаар төсвийн орлого тасарсан, эдийн засаг уналтад орж хасах заасан, улсын төсөвт орж ирдэг АМНАТ-ын орлого тасарсан, хил дээр 4.1 сая тонн нүүрс гацсан байсан. Энэ үед бид ажлаа авч, засгийн газрын зүгээс хоёр тогтоол батлуулснаар эдийн засаг нэмэх рүү орсон. Өөрөөр хэлбэл, биржээр арилжаалах нүүрсийг шахаж, аман гэрээгээр их хэмжээний нүүрсийг экспортолдог байсныг зогсоосон. Иймд биржийн экспорт нэмэгдсэн. Нүүрсээ биржээр экспортолсноор АМНАТ шууд улсын төсөвт орж ирдэг.
Хоёрдугаарт, 55 дугаар тогтоолтой ижил есөн тогтоол өмнө нь гарч байсан. Гэвч эдгээр тогтоол дотор 100 төгрөгийн үнэтэй зүйлийг 50 төгрөгөөр үнэлэх гэрээний үнээр хийх шийдвэрүүд хүртэл гаргаж байсан. Товчхондоо, татвараас зугтах боломж олгож байсан. Мөн 100 төгрөгийн зүйлийг 120-оор тооцож аж, ахуй нэгжүүдээс нэмэгдүүлсэн татвар авч байсан.
Асуудал яриад байгаа гишүүн П.Сайнзориг өөрөө ХЗДХЯ-д 2013 оноос хойш ажиллах хугацаандаа уул уурхайн салбар хариуцсан мэргэжилтэн, Хууль зүйн бодлогын газрын дарга, төрийн нарийн бичгийн даргаар хүртэлх есөн жил орчим ажиллаж байхдаа 10 тогтоолын тавд нь оролцож, шийдвэр гаргалцаж байсан түүхтэй хүн. Энэ таван тогтоолд татвараас зугтаалгах шийдвэр, тогтоол гарсан байдаг. Тэр үед яагаад Засгийн газрыг огцруулах талаар яриагүй юм бэ. Шударга л байх хэрэгтэй шүү дээ.
Биржийн тухай хуулийг болиулах талаар гадна болон дотроос олон шахалт ирдэг. Би нуухгүй. Биржийн арилжааг болиулбал нууц гэрээнүүд зурагдана. Тэгэхээр бирж бол бодит үнийг тодорхойлсон, ААН-ийн ажлын байраа хадгалах, татварын бааз суурийг нэмэгдүүлнэ. Шийдвэр гарснаас хойш 40 хоногийн хугацаанд 5.1 сая тонн нүүрс биржээр борлуулж, 2.3 их наяд төгрөгийн орлого олж, 80.1 тэрбумын нэмэлт орлогыг олсон. Өөрөөр хэлбэл, 200 тэрбумын алдагдал гэдгийг хаанаас гаргаж ирснийг мэдэхгүй байна. Энэ тоо тооцооллыг Уул уурхай яам ганцаараа хийдэггүй. Монгол улс чинь төрийн бусад байгууллагууд нь хянаж, хамтран ажилладаг. Засгийн газрын нэг ч шийдвэр сангийн яам болон хууль зүйн яамны зөвшөөрөлгүйгээр гардаггүй. Дээрх тогтоолыг нүүрс болон төмөр, хайлуур жонш экспортолдог нийт 406 кампанид зориулж гаргасан тогтоол юм. Шүүхийн шийдвэр яриад байна лээ. Үүнийг өмнөх засгийн газраас асуугаарай. 2020-2024 онд болсон үйл явдал юм билээ. Шүүхийн шийдвэрийнхэн он сарыг нь сайн хараарай. Манай засгийн газрын үед ийм шүүхийн шийдвэр гараагүй. Бид нар ямар нэгэн нэхэмжлэлд оролцоогүй. Шүүхийн ямар нэгэн харилцаа болоогүй. Би мэдэхгүй.
Ганцхан нүүрсний үнийн өсөлт болон уналтаас хамааралтай эдийн засагтай улс байж болохгүй. Дэлхийн эдийн засагт газрын ховор элемент болон зэсийн арилжааг гаргаж олон талт орлоготой улс байх хэрэгтэй. Ингэж байж бид эдийн засгийн хүндрэлийг давдаг болно. Нүүрсний үнэ унахад эдийн засаг нь хямралд ордог эдийн засагтай улс байж болохгүй. Энэ байдлаар хичнээн удаан явах гэсэн юм бэ. Зэсийн зах зээлийг гаргаж ирэх гэхээр 21,6 хувийн АМНАТ тавьсан. Энэ мэт байгаа хэдийгээ мөлжих бодлого явуулах юм бол хувийн хэвшил сөхөрч, төрийн байгууллага нь мөн адил сөхөрч унах болно.
Уг тогтоолын хамгийн том давуу тал нь Монголын ард түмэн Эрдэнэс таван толгой ХК-ийнхаа 26 хувийг эзэмшдэг. Өөрөөр хэлбэл, иргэн бүр 1072 хувьцаагаа эзэмшиж байгаа. Энэ ногдол ашгийг иргэддээ олгохын тулд уг компанийг ашигтай ажиллах хувилбарыг уг тогтоолоор тодорхой болгож өгч байгаа юм. Хэрэв энэ тогтоолыг гаргаагүй бол төсөв нэрээр ард иргэдээсээ ногдол ашгийг нь хулгайлах гээд байгаа юм уу. Яагаад ард иргэд нь ашгийг нь хүртдэг ганц компани руугаа ингэж дайрцгаагаад байна вэ?" гэлээ.