Глобал сангийн дэмжлэгээр 16 сумын рүүл мэндийн төв, орон нутгийн болон Улаанбаатар хотын найман дүүргийн Нэгдсэн эмнэлэг, салбар амбулаториудад сүрьеэ өвчнийг оношлох, богино хугацаанд тодорхойлох боломжтой молекул биологид суурилсан женэксперт төхөөрөмж, хиймэл оюуны программтай зөөврийн дижитал рентген аппарат зэрэг 1.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө. Мөн тус оношилгооны төхөөрөмжийг ажиллуулах лабораторийн мэргэжилтнүүдийг ХӨСҮТ-д дадлага, сургалтад хамруулжээ. Эдгээр тоног төхөөрөмжийг орон нутаг, тэр дундаа төвөөс алслагдсан сумын рүүл мэндийн төвүүдэд нэвтрүүлснээр сүрьеэгийн оношилгооны чадавх, хүртээмжийг нэмж, төвлөрлийг сааруулах аж.
Сүрьеэг оношлох, эмэнд тэсвэртэй, эсэхийг богино хугацаанд тодорхойлох боломжтой молекул биологид суурилсан арга болох женэксперт шинжилгээг 2013 онд ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн лавлах лабораторид анх нэвтрүүлсэн байна. Үүнээс хойш аймаг, дүүргийн Эрүүл мэндийн төв, БОЭТ, нэгдсэн эмнэлэг, улсын төв эмнэлгүүд, ЭХЭМҮТ, СЭМҮТ, ХСҮТ-д нэвтрүүлжээ. Ташрамд, манай улсад жилд сүрьеэгийн 3000 гаруй тохиолдол бүртгэгдэж, 150-200 хүн нас бардаг гэсэн судалгаа бий. Уг өвчнийг эрт илрүүлэн оношилж, эмчилгээнд хамруулснаар тархалтыг таслан зогсоох боломжтой гэж үздэг.
Ч.Болор