МОНГОЛ ТАМИРЧИН ШИЛДГҮҮДИЙН ЖАГСААЛТЫГ ӨНГӨЛӨХ БОЛСОН НЬ ОЛОН ОРНЫ АНХААРАЛ ТАТАВ
ын төвийн тамирчдад 2026 он аз, амжилт дагуулсан өөдрөг жил болж байна. Шинэ оныг томоохон зорилготой эхлүүлсэн тэд мөсөнд авиралтын “Дэлхийн цом”-ын дөрвөн цуврал тэмцээнээс бүгд медаль хүртэж, эх орондоо олз омог арвин, ганзага дүүрэн хөлгийн жолоо залав. Олон улсын уулчдын холбоо уламжлал ёсоор БНСУ-ын Чонсон хотод өнгөрсөн нэгдүгээр сарын 8-10-нд мөсөнд авиралтын “Дэлхийн цом”-ын цувралын эхний тэмцээнийг зохион байгуулахад Монголын баг 20 орны 120 тамирчинтай өрсөлдөхөд О.Сайханжаргал шагналын салхи хагалж, хурдны төрөлд мөнгөн медаль гардан дүү нартаа чансааг тэргүүлэх замыг нь зассан. Хоёр дахь цуврал Швейцарын Саас-Фе хотод болоход эмэгтэйчүүдээс Н.Сэлэнгэ түрүүлж, Монголын Төрийн дуулал хоёр жил дараалж эгшиглэв. Түүнээс өмнө ОУХМ Ч.Мандахбаяр 2024 онд тэргүүн байрт шалгарч, өнгөрсөн жил хошой аваргаар тодрон дэлхийг чансааг тэргүүлсээр буйгаа баталсан. Мөсөнд авиралтын спортыг өндөр хэмжээнд хөгжүүлсэн орнуудын шилдэг тамирчдыг ардаа орхино гэдэг хүндхэн даваа. Төрсөн нутаг шиг нь танил болсон эл газар түүнд хайр хишгээ харамгүй өгч, ялалт байгуулах ховор боломж олгосон юм. Гурав дахь цуврал тэмцээн АНУ-ын Колорадо мужийн Лонгмонт хотод үргэлжлэхэд тэрбээр аваргын төлөө өрсөлдөж, дэд байр эзлэн медалийн буухиаг үргэлжлүүлэв. Тэгвэл сүү лийн цуврал Канадын Эдмонтон хотод болж, Н.Сэлэнгэ алт, Ч.Мандахбаяр хүрэл медальтай өндөрлүүлснээр Монголын баг дээрх цувралуудад нийт зургаан медаль (хошой алт, мөнгө, хүрэл) шагналт IV байрт гурван удаа шалгарсан амжилтаар дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ. Ийм амжилтад хүрэхэд Ч.Мандахбаярын авьяас, ур чадвар, туршлага ихээхэн нөлөөлсөн юм. Азийн орнуудаас монгол тамирчид тэр дундаа Говь-Алтай аймгийн Тонхил сумын авирагчид ширүүхэн өрсөлдөөнд шилдгүүдийн жагсаалтыг өнгөлөх болсон нь олон орны анхаарлыг татаж байна. Энэ удаа дэлхийн цувралыг тэргүүлж эхэлсэн Монголын багийн “мөс зүсэгч” Ч.Мандахбаярын түүхээр уншигч даа аялуулъя.
АВГА АХЫНХАА УДИРДЛАГАД МӨСӨНД АВИРАЛТААР ХИЧЭЭЛЛЭЖЭЭ
Тэрбээр спорт авиралт, мөсөнд авиралтын спорттой 2013 оноос өнөөг хүртэл тууштай нөхөрлөж буй. Түүнийг нэг өдөр авга ах, ОУХМ Д.Батжаргал дагуулан явж, хэрхэн хичээллэх талаар зөвлөн, бэлтгэл хийлгэснээр тамирчин болох гараагаа эхлүүлсэн гэдэг. Тэрбээр эхэндээ дургүй байсан ч анхныхаа тэмцээнээс медаль хүртэн урам авч, цааш үргэлжлүүлжээ. Монголоос зургаан тамирчин эх орноо төлөөлж, олон улсын тэмцээнд анх оролцоход дөрөв нь түүний багшийн удирдлагад бэлтгэл сургуулилалт хийж, амжилт гаргасан аж.
Түүнийг “Ub hiking” клубийн гишүүн болсон цагаас эхлээд спорт авиралтын тамирчид дэлхийд өрсөлдье гэвэл нэн чухал зүйл нь олон улсын стандарт ханатай байх хэрэгтэй талаар ярьдаг байжээ. Тус клубийнхэн уг спортыг хөгжүүлэхээр зорьж, нийслэлд анхны стандарт ханыг олон хүний хөдөлмөр, хичээл зүтгэл, хандив тусламжтайгаар “Ug arena”-d босгосон юм.
Тамирчин хүний амжилтад ойр дотно хүмүү сийнх нь хандлага багагүй нөлөөлнө. Түүнийг авиралтын төрлүүдээр хичээллэж эхлэхэд гэрийнхэн нь бүх талаар дэмжив. Тамирчдыг авиралт хийх, тэмцээнд оролцохоор явахад хамгийн их айдастай үлддэг хүмүүс бол гэр бүл нь байдаг. Хад, мөсөнд авиралт экстрим спортын төрөлд багтдаг. Хичээллэсэн эхний жилүүдэд хаданд авирахдаа гар, хөл, биеийн ихэнх хэсгээ шалбалж, хөлөө хугалж байсан тул гэрийнхэн нь “Олс багаж, хэрэгслээ сайтар шалгаарай” гэж байнга захидаг аж. Өндөрт байнга бэлтгэл хийдэг хүүгээ аав, ээж нь тэр үед тамирчин болохоос илүү уначих вий, бэртчихвий гэж санаа нь зовнидог байжээ.
“ДЭЛХИЙН ЦОМ”-ЫН II ДАХЬ ЦУВРАЛД ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТСЭН НЬ
Мөсөнд авиралтаар тууштай хичээллэсний үр дүнд Францын Шампаньи-Ан-Вануаз хотод 2022 онд болсон “Дэлхийн цом”-ын цуврал II дахь тэмцээний хурдны төрөлд хүрэл медаль хүртэв. Медалийн төлөөх авиралт түүний амьдралд мартагдахааргүй дурсамж үлдээж, дараагийн тэмцээнд өрсөлдөх эрч хүч өгчээ. Олон улсын тэмцээний анхны медалиа тэнд хүртэж, амжилтаа үргэлжлүүлсэндээ тэрбээр их баярладаг. Тамирчдын тэмцээнд оролцож буй үйл явцыг тухайн газраас шууд дамжуулдаг тул хамгийн сүүлчийн оролцогч авираад дуусахад түүний чансаа III байрт бичигдсэнийг хараад өөртөө итгээгүй гэдэг. Тухайн үед Европын шилдгүүд хурдны төрөлд эхний гурван байрыг Азийн тамирчдад алдана гэж огт төсөөлөөгүй биз. Тэдэнтэй Азиас Иран, БНСУ-ын тамирчид ана мана өрсөлдөж, техникийн төрөлд цөөнгүй дэлхийн аваргатай болоход хурдны төрлийн тамирчид ч гэсэн богино хугацаанд ур чадвараа ахиулснаар цээжинд торойх болсон юм.
Яг тэр үеэс тэрбээр Европын орнуудаас Франц, Швейцарын тамирчдын тэмцээний өмнөх бие халаалт, сэтгэл зүйгээ хэрхэн бэлдэж, эн тэнцүү өрсөлдсөнийг харж, тэдний ур чадвар, техникийн тал дээр онцолж харсан зүйлээ эх орондоо ирээд хэрэгжүүлж эхэлсэн байна. Түү нээс “Монголд авиралтын спортын төрлийг хөгжүүлэхэд тулгамддаг ямар асуудлууд байдаг вэ” гэж асуухад “Хурдны төрлөөр манайхан зөвхөн өвлийн улиралд бэлтгэл хийх боломжтой. ОХУ, Иран, БНСУ-ын тамирчид 16 метрийн өндөртэй стандарт хананд жилийн дөрвөн улиралд бэлтгэл базаадаг. Өвөл цас орж эхлэхээр манайхан өөрсдөө мөсөн ханаа барьж, бэлтгэл хийдэг болохоор цаг хугацаа алддаг тал бий. Бидэнд бэлтгэл хийх боломжтой нэг, хоёр сар л байдаг. Үүнийгээ ч сайн ашиглаж, бэлтгэлээ сайтар базааж ирсэн. Сүүлийн үед 16 метрийн өндөртэй хананд бэлтгэл хийж, эхэлсэн минь үр дүнд хүрч, амжилт гаргадаг боллоо” гэсэн юм
Тэрбээр мөсөнд авиралтын техникийн болон хаданд авиралтын төрөлд илүү сонирхолтой. Тиймдээ ч хүүхдүүдийг багаас нь бэлтгэл хийлгэж, ирээдүйд сайн тамирчин бэлдэх зорилгоор дасгалжуулагч багшаар ажилласан. Энэ тухайгаа “Энэ спортод дуртай, сонирхолтой хүүхдүүдийг багаас нь бэлдэхэд туршлага, мэдлэг, мэдрэмжтэй байх ёстой гэж боддог. Тиймээс “Мон-Алтиус” дээд сургуульд дасгалжуулагч багш мэргэжлээр суралцлаа. Би олон улсын тэмцээнд оролцож байх хугацаандаа маш их зүйл судалдаг. Очсон даруйдаа туршиж судлаад, хэрэгжүүлж байж хүүхдүүдэд заадаг” хэмээн өгүүлэв.
АМЖИЛТААРАА ДЭЛХИЙД ТАНИГДСАН ОНЦГОЙ ЖИЛ
Тамирчин хүнд тэмцээний талбарт амжилтаараа цойлох цаг гэж бий. Түүнийг 2024 он дэлхийд таниулсан онцгой жил байлаа. БНСУын Чонсон, Францын Шампаньи-Ан-Вануаз, Швейцарын Саас-Фе хотод болсон мөсөнд авиралтын “Дэлхийн цом”-ын цуврал тэмцээнд амжилттай оролцож, иж бүрэн медаль атгав. Тэр жил Канадын Эдмонтон хотод болсон мөсөнд авиралтын ДАШТ-д өрсөлдөхдөө гурван тэмцээний нийлбэр дүнгээр дэлхийн чансааг тэргүүлж, Монголын үзэгчдийг баярлуулсан юм. Тухайн үеэс Монголын тамирчид ур чадвар, авирах арга барил, техникээрээ Европын аваргуудаас хол тасарч, гайхшируулах болсон. Үүнийгээ “Миний хувьд 2024 он ололт, амжилт ихтэй жил байсан. Гэхдээ хойшид илүү байх байр сууриа тэр жил бүрдүүлсэн гэж боддог. Би ийм амжилтыг ганцаараа хэзээ ч гаргаж чадахгүй. Намайг дэмжиж, миний төлөө гар, сэтгэл нэгдэж ажилладаг олон хүн байгаад баярладаг. Тэдэндээ маш их баярлалаа, хайртай шүү гэж уламжилъя. БНСУ-ын Чонсон хотод болсон “Дэлхийн цом”-оос мөнгөн медаль хүртсэний дараа миний сэтгэл зүй хүчирхэгжсэн. Түүнчлэн Щвейцарын Саас-фе хотод дараагийн цуврал зохион байгуулахад нь түрүүлэх зорилготой явсан юм. Учир нь надад алтаас бусад медаль байв. Миний хувьд тэнд гурав дахь удаагаа хөл тавьж, түрүүлсэндээ талархдаг. Өмнө нь зорьж очсон газруудаас тус хот хамгийн сонирхолтой нь. Тэнд тэмцээнийг өндөр хэмжээнд зохион байгуулдаг нь их таалагддаг” гэж сэтгэгдлээ тухайн үед хуваалцсан.
Амжилтын өндөрлөгт хүрэхийн тулд тэрбээр амрах завгүй хөдөлмөрлөжээ. Өөрийгөө завгүй байлгах тусам өмнөхөөсөө илүү эрч хүч, энерги авдаг нь түүний зан чанартай их холбоотой. Үүнийгээ ч “Завгүй байхад янз бү рийн зүйлд анхаарал сарнихгүй. Зөвхөн хийх ёстой зүйлдээ төвлөрөхөд амар байдаг юм” гэж тайбарласан. Түүнээс “Олон улсын уулчдын холбооны мэргэжилтнүүд БНСУ-ын Чонсон хотод “Дэлхийн цом”-ын цувралд аваргуудаас Ираны шилдэг тамирчин Мохсен Бехештиг тү рүүлэх магадлалтай гэж онцолж байлаа. Тэдний тааврыг та будилуулж, шигшээд түүнийг илүүрхэж, тэмцээнээ үргэлжлүүлсэн. Тэр үед танд төрсөн бодлоо хуваалцаач” гэхэд “Ираны дэлхийн аварга тамирчинтай хагас шигшээд гарахын өмнө “Түүний амжилт гаргах хугацаа дуусчихсан” гэж өөртөө хэлсэн. Тамирчдад сэтгэл зүйгээ удирдах олон төрлийн арга байдаг. Миний хувьд ингэж өөртөө хэлсэн минь түү нийг энэ салбарт хугацаатай ирсэн, одоо ялж, явуулах ёстой гэсэн утгатай юм” гэж хариулж билээ.
ӨМНӨХ АМЖИЛТАА ШИНЭЧЛЭХЭЭР ЗОРЬСНОО ХЭРЭГЖҮҮЛЭВ
Тэрбээр спорт авиралтаар гадаадын тамирчдаас хэн ямар амжилт үзүүлэхийг онцолж, таамаглахдаа гаргууд. Бараг алддаггүй гэхэд болно. Тухайлбал, “Парис-2024” олимпын наадмын спорт авиралтын тэмцээнийг тайлбарлахаар “Централ” телевизэд уригдахдаа олон улсын хэмжээний мастер Н.Хэрлэнтэй тайлбар эхлэхийн өмнө хоёр тамирчныг онцолж, таамаг дэвшүүлсэн юм. Тэдний таамагласнаар ч болсон. Нэгдүгээрт, олимпын аваргаар тодорсон Британи улсын тамирчин Тоби Робертсын тэсвэр, хатуужил, ур чадвар, техник үнэхээр сайн байлаа. Тэрбээр спорт авиралт бол “залуу” спорт гэдгийг бүх зүйлээрээ харуулсан. Хоёрдугаарт, мөнгөн медаль хүртсэн Японы тамирчин Сорато Анраку тэмцээний үед сэтгэл зүйгээ зөв залж, удирдсан нь гайхалтай байв. Залуу тамирчин гэхэд өмнөө тулгарсан бүхнийг хэдийнэ даван туулаад гарсан нь хүчирхэг санагдсан.
Тэр жилийн зун, намар тэрбээр БНСУ-ын Чонжү хотод спорт авиралтын залуучуудын шигшээ багийнхантай бэлтгэл хийхдээ сургуулилалтынх нь систем, арга барил, ачааллыг ажиглан судалсан нь 2025 оны дотоодын тэмцээнд түрүүлж, олон улсын тэмцээнд амжилт гаргахад нөлөөлсөн. Өрсөлдөгч, өрсөлдөөн байхгүй бол өсөлт, ахиц дэвшил гарахгүй шүү дээ. Хамтран ажиллаж, харилцан туршлага судлах нь үр өгөөжтэй болохыг тэрбээр “Дэлхийн цом”-ын цувралд өөрийн биеэр харуулсан юм.
Монголын тамирчид энэ жил цаг хугацаа алдахгүйг хичээж, анхны цас ороход мөсөн хана барьж, бэлтгэлээ эрт эхлүүлсэн нь зөв алхам байв. Тэд өмнөх жилүүдийнхээ амжилтыг шинэчлэхээр зорьсноо 2026 онд харуулж, дөрвөн цувралд хэрэгжүүллээ.