Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны хүрээнд цагдаагийн байгууллагад хийсэн хяналт шинжилгээ болон алба хаагчидтай холбоотой хүний эрхийн ноцтой зөрчлийн талаар өчигдөр мэдээлэл өглөө. Тухайлбал, иргэн Б.М-ийн эрүүл мэндийн цагдаагийн алба хаагч хохироосон байж болзошгүй тухай албан бичгийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс энэ сарын 4-нд ирүүлжээ. Улмаар Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын I хэлтэст хяналт, шалгалт явуулахад алба хаагч Б.Б нь өнгөрсөн нэгдүгээр сарын 11-нд иргэн Б.М-д хэрэг хүлээлгэх зорилгоор бие махбодод нь халдаж, эрүүдэн шүүсэн байж болзошгүй үйлдэл тогтоогдсон гэнэ. Тэрбээр хэлтсийнхээ үүдэнд тухайн иргэнийг айлган сүрдүүлж, толгой руу нь зургаан удаа цохин, шилбэ рүү нь хэдэнтээ өшиглөх зэргээр хэрцгий авирласан аж.
Үүнтэй холбогдуулан Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн, доктор, профессор Я.Цэлмэн “Иргэний эрх, эрх чөлөөг зөрчиж буй эл асуудалд хуулийн байгууллагууд дотоод хяналтаа чангатгаж, ажилтнуудтайгаа тулж ажиллах шаардлагатай. Ингэхдээ удирдлагын орон тоог цөөлж, иргэдтэй шууд харилцах алба хаагчдын тоог нэмэгдүүлэх замаар тэдний хүний эрхийн мэдрэмжийг бодит байдалд дээшлүүлэх нь нэн чухал” гэсэн юм.
Мөн дээрх байгууллагаас Цагдаагийн ерөнхий газрын харьяа 19 газар, хэлтсийн 32 объектод өнгөрсөн онд урьдчилан сэргийлэх шалгалт явуулж, холбогдох албан тушаалтнуудад 16 зөвлөмж хүргүүлсэн аж. Улмаар зөвлөмжийг биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн, хангалтгүй хэрэгжүүлсэн 23 албан тушаалтанд хуульд зааснаар хариуцлага тооцуулжээ.
У.Сүрэн