Дэлхийг аврахад хүн бүхний оролцоо, жижиг, том гэлтгүй бүх асуудал хамаатай. Өгүүлбэрийн утга зүй, зөв бичих дүрэмд цэг, таслал ямар чухал билээ. Үүнтэй адил цэг, таслал шиг жижиг хог хаягдал ч дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлт, агаарын бохирдолд том нэрмээс болдгийг мэргэжилтнүүд онцолсоор ирэв. Энэ мэт сануулга, анхааруулга, уриалгыг нь Засгийн газрууд шийдвэр, бодлогодоо тусгаж байна. Европын парламент (Европын Холбооны хууль тогтоох, төлөөлөх байгууллага, гишүүн орнуудын иргэдээс шууд сонгогддог) энэ сарын 10-нд Европын Холбооны уур амьсгалын завсрын зорилтыг тогтоох хууль баталлаа. Үүнд 2040 он гэхэд хүлэмжийн хийг 1990 оны түвшинтэй харьцуулахад 90 хувиар бууруулахаар тусгажээ. Гэхдээ 2036 оноос эхлэн Европын Холбооны гишүүн орнууд гуравдагч орнуудаас ялгарлын гэрчилгээ худалдан авснаар шинэ хуульд заасан 90 хувиас тавыг нь “дансандаа” нэмэх боломжтой болох гэнэ. Бодит байдалд 85 хувиар бууруулна гэсэн үг. Барилга байгууламж, тээврийн салбарт ялгаруулалтын гэрчилгээний арилжаа эхлэх хугацаа нь 2027 он боловч нэг жилээр хойшлуулсан аж.
Тодруулга
Ялгаруулалтын гэрчилгээ гэдэг нь агаарын бохирдлыг аажмаар бууруулах зорилготой хөтөлбөр бөгөөд Засгийн газрууд компаниудад тодорхой тооны зөвшөөрөл олгож, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтад хяналт тавьдаг. Хязгаарлалтаас хэтэрсэн компаниудад торгууль ногдуулдаг бол ялгаруулалтыг бууруулсан компаниуд ашиглаагүй зөвшөөрлийн квотоо арилжаалж болно. Цаг хугацаа өнгөрөхөд зөвшөөрлийн нийт хязгаар буурч, компаниудын боломжийн үнэтэй, цэвэр шийдлүүдийг хэрэгжүүлэхийг дэмждэг.
Шинэ хууль баталсан нэг шалтгаан нь хоёр жил тутам уур амьсгалын зорилтынхоо дэвшлийг хянахтай холбоотой. “Нүүрстөрөгчийн давхар исэл зэрэг хүлэмжийн хий нь уур амьсгалын өөрчлөлтийг хурдасгадаг. Тиймээс Европын Холбоо 2050 он гэхэд уур амьсгалын төвийг сахисан байдалд хүрэх зорилго тавьсан. Үүний хүрээнд завсрын шинэ зорилтыг тодорхойллоо” гэж мэдээлжээ.
Ташрамд өгүүлэхэд, 2025 оны долоодугаар сарын 23-нд НҮБ-ын Олон улсын шүүхээс “Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нь олон улсын хуулийн дагуу бүх улс оронд заавал биелүүлэх үүрэг” гэж албан ёсоор зарлаж, Засгийн газруудыг өнөө болон ирээдүй хойч үеийнхний төлөө илүү чармайхыг уриалсан. Тодруулбал, дэлхийн дулааралд нэрвэгдсэн иргэдийг хамгаалахад улс орнуудын үүргийг “Цэвэр, эрүүл, тогтвортой орчин нь хүний үндсэн эрхийн нэг бөгөөд гаргийг уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллөөс хамгаалаагүй тохиолдолд олон улсын хууль тогтоомж зөрчсөнд тооцно” гэж тодорхойлж ийнхүү түүхэн шийдвэрээ танилцуулжээ.
АГААРЫН БОХИРДОЛД “ЦЭГ, ТАСЛАЛ” Ч НЭРМЭЭС БОЛДОГ
Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулааралд зөвхөн хүлэмжийн хий зэрэг “асуудал” нөлөөлдөггүй, хүмүүсийн өдөр тутмын хэрэглээнээс гардаг, тодруулбал, ахуйн болон үйлдвэрийн хог хаягдал том түлхэц болдгийг НҮБ зэрэг дэлхийн байгууллагууд байнга сануулж, дор бүрнээ “ногоорохыг” уриалсаар ирсэн. Энэ дагуу улс орнууд хог хаягдлыг хязгаарлах, зөв зохистой хэрэглээг дэмжих хүрээнд хууль, журам батлан, хэрэгжүүлж байна. Үүний хамгийн өргөн хү рээний зохицуулалт нь хүн төрөлхтний өдөр тутмын ахуйн хог хаягдлыг зохицуулах хууль журмууд. Дэлхий нийтийн туршлагаас харахад өндөр торгуулийн тогтолцоогоор хүмүүсийн буруу зуршлыг засах боломжтой нь батлагдсан арга аж.
Бид өдөр тутам гудамж, талбайд хардаг тамхины иш, цэр, нусны ногоорсон толбо, энд тэндгүй хөглөрөх цаас, хуванцар сав зэрэг хог хаягдлыг ийм л замаар шийддэг байна, улс орнуудад. Саяхныг хүртэл энэ тал дээр сүйрлийн ирмэгт байсан Хятад сүүлийн 15 жилийн хугацаанд гаргасан дорвитой шийдвэрүүдийн үр дүнд ахуйн хог хаягдалд “живэх” эрсдлээ бууруулжээ. Өнгөрсөн жил гэхэд л хог хаягдлыг ангилаагүй компани, хувь хүмүүст торгууль ногдуулах болж.
Австри зэрэг улс иргэдээ төлөвшүүлэхэд багаас нь анхаардаг. Тамхины иш, чихрийн цаас зэргийг гудамжинд хаях нь их хэмжээний торгуулиас гадна нийгмийн аюулгүй байдалд заналхийлсэнд тооцогдох нигууртай. Хэрэв та олон нийтийн газарт хоосон шил орхивол 90 еврогийн торгууль төлнө. Гэрийн тэжээвэр амьтдаа тусгайлсан орчноос гадуур, нийтийн эзэмшлийн газарт бие засуулахад ч энэ хэмжээний мөнгө төлнө. Гадаадын жуулчдад ч энэ нь хамаарах юм. Хотын хог хаягдлын менежментийг хянадаг тусгай албаныхан торгууль ногдуулах эрхтэй байдаг нь асуудлыг шууд шийдвэрлэх боломж олгодог байна.
Австрали хог хаягдлыг зөвшөөрөлгүй бөөгнүүлэн, хуримтлуулах, тээвэрлэх, зайлуулах тохиолдолд хувь хүн, байгууллагад 7 500-15 000 долларын торгуультай. Шинэ Өмнөд Уэльс мужийн хувьд Засгийн газрын цахим хуудсанд хог хаягдлын менежментийн талаар гомдол, саналын хэсэгтэй. Хог хаягдлыг ачуулахгүй бөөгнүүлээд байгаа хөршүүдийнхээ талаар мэдээлдэг энэ арга нь өндөр үр дүнтэй аж. Ирландад энэ талын шийтгэл нь торгуулиас эхлээд нэг жил хүртэл хорих ялтай. Сингапурт мөн л биеэр ял эдлүүлэх хүртэл хууль үйлчилдэг. Япон энэ тал дээр нэлээд хатуу буюу хууль бусаар хог хаясан тохиолдолд тав хүртэл жилийг торны цаана өнгөрүүлэхээс гадна 10 сая иен төлнө. Британид харьцангуй их хэмжээний хог хаягдал хаясан, өөрөөр хэлбэл, хогийн цэг үүсгэсэн бол 400 фунт стерлинг төлнө, үүнийг 14 хоногт барагдуулахгүй бол нэмээд илүү өндөр торгуультай.
Швейцарт торгууль 1000, үүнээс гадна зориулалтын уут ашиглахгүй бол 300 франкаа “хийсгэнэ”. 2018 оноос хог хаягдлын талаарх бодлогоо улам чангатгаж, торгуулийн хэмжээг хэд дахин нэмсэн байна. Энэ мэтээр жишээ дуусахгүй. Германы хувьд хог хаягдалтай хамгийн олон аргаар, өвөрмөцөөр тэмцдэгээрээ алдартай. Хог хаягдлыг ангилан хаях маш нарийн зохицуулалт бүхий “Хог хаягдлыг зохисгүй хаях тухай” хуульд нь зааснаар хүүхдийн талбай, цэцэрлэгт хүрээлэнд “новширсон” хүнийг 150 еврогоор торгоно. Харин тавилга зэрэг эд зүйлсээ тусгай үйлчилгээний албаныхныг дуудаж, төлбөргүй ачуулах боломжтой бөгөөд хэрэв өөрсдөө гаргаж орхивол 150-300 еврогоор “шатна”. Барилгын хог хаягдлын шоо дөрвөлжин тутамд ногдуулах мөнгө дүн 4000 хүртэл евро. Хөдөө аж ахуй, газар тариалангийн бүс нутаг, тосгодод өвс тэжээл, ногооны, үр тарианы хаягдал хадгалах, нөөцлөх, бөөгнүүлэх жижиг цэг, амбааруудыг хүрэлцээтэй, төлбөргүй ашиглуулдаг бөгөөд үүнээс гадуур зүй зохисгүй хаях, орхих тохиолдолд 5-820 еврогийн торгууль төлнө.
Тэгвэл өнгөрсөн жилээс Берлин зэрэг том хотын гудамжинд “үнэгүй бэлэг” тараах, орхихыг хориглов. Өөрт хэрэгцээгүй эд зүйлсийг хотын гудамж, талбайд үлдээж бусдад тус болох нь германчуудын хувьд хэвийн үзэгдэл. Гэхдээ энэ нь буян бус, хотын бохирдолд нэрмээс болж байна гэж удирдлагууд нь үзэж, торгуулийн хэмжээг нэмжээ. 2013 оноос түгээмэл болсон “үнэгүй бэлэг” буяны үйлс нь анхны зорилгодоо нийцэхээ больсон гэдгийг цэвэрлэгээ, үйлчилгээний байгууллагынхан мэдээлж, жилд багадаа 10.3 сая еврог энэ мэт хог хаягдлыг тээвэрлэхэд зарцуулж байгаа нь үрэлгэн зарлага гэсэн бол эрх баригчид дахин боловсруулах зардлыг хэмнэхийг оролдож буй.
Тэгвэл бидний хувьд энгийн мэт зүйл болсон тамхины иш зэргийг түүж хаях “үүрэг”ийг тэнд ахмадууд сайн дураараа гүйцэтгэдэг болоод багагүй хугацаа өнгөрчээ. 2019 онд РедаВиденбрюк хотын иргэн 71, 78 настай Хуберт, Ханс нар кофе уух зууртаа ийм санаачилга гарган, орчин тойрныхоо тамхины ишийг түүж эхэлсэн нь орон даяар үлгэрлэл болсон аж. Тэдний ажлын багаж нь зөөврийн тоос сорогч, тусгай хавчаар, хуванцар хайрцаг. Олон улсын судлаачдын тооцоолсноор жил бүр дэлхий даяар хэдэн их наяд тамхины иш гудамж, талбай, олон нийтийн газарт хаягддаг нь орчны бохирдлын багагүй хувийг эзэлдэг. Синтетик шүүлтүүр нь байгальд задрахад 10-15 жил шаардлагатай. Ганц тамхины иш 60 хүртэл литр гүний усыг бохирдуулдаг. Энэ төрлийн хог хаягдлын 20 орчим хувь нь л зохих цэгтээ хаягддаг гэхээр бороо орсон тохиолдолд үүгээр дамжин ямар хэмжээний бохирдол тархдаг нь ойлгомжтой.
Германд тамхины иш хаясны торгууль 100 евро. Ташрамд сонирхуулахад, тус улсад 2007 оноос Дам тамхидалтад өртөгсдийн эрхийг хамгаалах хууль хэрэгжиж байна. Хорт хавдрын судалгааны төвийнх нь мэдээллээр, дам тамхидалт нь нярайн гэнэтийн үхлийн нэг шалтгаан болдгоос гадна Германд жил бүр 3000 гаруй хүн, түүний дотор хүүхдүүд энэ шалтгаанаар үүсдэг өвчний улмаас нас бардаг аж.
МЭДЭЭЛЛИЙГ ШИНЖЛЭХ УХААНЧ МЭДЛЭГ БОЛГОХОД Л АХИЦ ГАРНА
“One еarth” сэтгүүлд “Дэлхий ертөнц илүү хурдацтайгаар уур амьсгалын өөрчлөлтөд орж, “буцах цэг”-т ойртож байна” гэж бичжээ. Хамгийн сүүлийн үеийн шинэ судалгаа, дүн шинжилгээнд тулгуурласан шинжлэх ухааны уг нийтлэлд “Дулаарал одоогийнхоороо үргэлжилбэл дэлхийн олон төрөл зүйлийн системд огцом өөрчлөлтийн гинжин урвалыг өдөөж, тогтвортой амьдрахад тохиромжгүй уур амьсгалын төлөв байдалд шилжихэд хүргэж болзошгүй” гэжээ. Тодруулбал, энэ нь “огцом өөрчлөлтийн цэгүүд” хэмээн нэрлэдэг, нэгийгээ даган, бие даан явагддаг өөрчлөлтийн үйл явцын тухай юм. Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулсан ч буцаах боломжгүй буюу нэгэнт эргэсэн бол зогсохгүй эргэлт болох магадлалтайг сануулсан хэрэг. Энэхүү тоймд уур амьсгалын системийн 16 гол элементийн талаарх мэдээллийг тусгажээ. Үүнд Гренланд болон Антарктид буюу Өмнөд туйлын мөсөн бүрхүүл, Хойд туйл Арктикийн далайн мөс, мөсөн гол, мөнх цэвдэг, субарктикийн болон, Амазоны ширэнгэн ой, Атлантын далайн меридианаль эргэлт (AMOC буюу Atlantic meridional overturning circulation. Дулаан ус хойд зүг рүү урсаж, хөрөөд, нягтран гүн рүү нэвтрээд өмнө зүг рүү буцаж ирдэг урсгал бөгөөд эрдэмтдийн тооцоолсноор AMOC сүүлийн 1000 жилийн хамгийн сул үедээ байгаа, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас ирэх арванд зогсох магадлалтай) багтсан байна. Эдгээр системийн заримд нь тогтворгүй байдлын шинж тэмдэг аль хэдийн илэрч эхэлсэн. Жишээ нь AMOCийн сулралын үр дагаварт нь Европт хэт хүйтэрч, халуун бүсүүдэд, ялангуяа Амазон дахь ган гачиг нэмэгдэх, дэлхийн температур ерөнхийдөө буурах эрсдэлтэй. Халуун орны ширэнгийн доройтол нь их хэмжээний нүүрстөрөгч ялгаруулна. Мөн мөсөн голууд хайлж байгаа нь далайн түвшний өсөлтийг хурдасгах болно. Эдгээр үйл явц нь харилцан бие биенээ бэхжүүлж, хариу урвал бий болгож байгаа аж. Дэлхийн дундаж температур аж үйлдвэржилтийн үеийн өмнөх түвшинтэй харьцуулахад ойролцоогоор 1.3 градусаар өссөнөөс цаг агаарын эрс тэс үзэгдлүүд нэмэгдэж байна. Уг нийтлэлийн зохиогчид “Эрсдэлийн талаарх олон нийт болон албаныхны ойлголт дэндүү дулимаг, “хэврэг” байгаа нь энэ бүхнийг зогсоох арга хэмжээ авахад саад болох нэг хүчин зүйл” гэжээ. Өөрөөр хэлбэл, НҮБ дэлхийг аврах талаар жил бүр уриалга гаргадаг нь дутуу, дулимаг мэдээллээ шинжлэх ухаанч мэдлэгээр солихыг сануулж байгаатай утга нэг буй за.
Эл судалгаанаас гадна өөр нэгэн үр днгийн талаар “New Scientist” сэтгүүлд энэ сарын эхээр өгүүлжээ. Дэлхий даяар нас баралтын хоёр дахь тэргүүлэх эрсдэлт хүчин зүйл болсон агаарын бохирдол “Ковид-19” цар тахлын үед огцом буурсан бөгөөд үүнийг харьцуулсан дүгнэлтийг нийтэлснийг товчлон хүргэе.
Метан нь агаар мандалд 10 орчим жил хадгалагддаг ч хүлэмжийн хийн ялгаралтаараа нүүрстөрөгчийн давхар ислээс харьцангуй давсан үзүүлэлттэй байдаг. Үүний агууламж 1980-аад оноос хойш тогтвортой өссөн бөгөөд энэ нь нүүрс олборлосноос голчлон үүдэлтэй бөгөөд дараа нь намгархаг газар, тариалангийн талбай, хогийн цэгээс ялгарах метан нэмэгдсэнтэй холбоотой. 2020-2022 онд агаар мандал дахь метаны түвшин хурдацтайгаар хоёр дахин нэмэгдэж, жилд ойролцоогоор 20-40 сая тонн болж өссөн. Гэхдээ 2023 онд өмнөх түвшиндээ очсон. Энэ нь авто болон агаарын тээвэр, усан онгоцны тээвэрлэлтээс ялгардаг азотын исэл буурсантай холбоотой гэж Бээжингийн их сургуулийн эрдэмтдийн багийнхан дүгнэжээ. Өргөн хүрээнд хэд хэдэн бүс нутгийг хамруулсан, олон талт судалгаагаар уур амьсгалын тогтолцооны нарийн төвөгтэй байдлыг онцолжээ. Зарим бохирдуулагчийн бууралт нь бусад хүлэмжийн хийн нөлөөллийг түр зуурт тогтвортжуулж болно. Хятад, Энэтхэг зэрэг агаарын бохирдол ихтэй оронд энэ нь түлхүү ажиглагддаг. Үүний зэрэгцээ дулаарлын нөлөөгөөр метаны байгалийн эх үүсвэр буюу ялангуяа намгархаг газраас агаар мандалд “нийлүүлэгдэж” байна. Газрын тос, байгалийн хийн салбар, нүүрсний уурхай, хогийн цэг, бохир ус цэвэрлэх систем зэрэг хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй ялгарлыг бууруулах нь дэлхийн дулаарлыг хэсэгчлэн удаашруулах хамгийн үр дүнтэй арга хэвээр байгааг мэргэжилтнүүд онцолжээ. 2020 он буюу цар тахлын үеийн нөхцөл байдал үүний тод жишээ бөгөөд агаар мандал нь химийн хувьд хоорондоо уялдаа холбоотой систем учраас нэг хэсгийгнь “цэвэрлэснээр” бусад бүрэлдэхүүний төлөвийг өөрчилж чаддаг гэсэн үг.