Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл санаачилж, яаралтай өргөн барих болсноо мэдэгдлээ. Үүгээрээ парламентын босго давсан л бол яаж ч дураараа авирлаж, ёс зүйг “бөгсөндөө чихэж”, Үндсэн хуулийг үл тоож, төрийн эрхийг хууль бусаар авахыг завддаг, мөн гурван шатны шүүхээр гэм буруутайг нь тогтоосон ч эгүүлэн татагддаггүй гэж ойлгодог гишүүдэд хатуухан сануулга илгээв. Намын удирдлагуудын үзэмжээр жагсаалт нэрээр ёс зүй гэж мэддэггүй, “гудамжны” харилцаа, хандлагатай увайгүйчүүдийг УИХ-д цөөнгүй оруулж ирсний уршгийг бид эдүгээ харж байна. Яг л нэг ийм эх зах нь алдагдсан, аливаа юмс хэр хэмжээнээс давсан үед Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гарч ирдэг. Тэр нь байгаа онодог, олон нийтээс дэмжлэг хүлээдэг. Улс төрчийн хувьд тэр цагаа олж, зөв “тоглолт” хийж байна гэсэн үг. Нөгөө талд бүлэглэлээрээ хуйвалдан төрийн эрхийг авахыг санаархагчид, ёс зүйн гүн доголдолтой “заримдгууд” сандарч эхлэв. “Ерөнхийлөгч УИХ-ын бүрэн эрхэд халдлаа” гэдэг мессеж тараах зааврыг тэд авсан бололтой. Хууль санаачлах эрх эдэлдэг гурван субъектийн нэг нь Төрийн тэргүүн. Тэгэхээр тэр бүрэн эрхээ л эдэлж буй юм.
1980-ААД ОНЫ БҮЛЭГЛЭЛИЙНХНИЙ “ХАР БААСАН” ГАРАГ
Экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн бүлэглэлийнхний хувьд хоёрдугаар сарын 27 “хар баасан гараг” болсон юм. МАН-ын Бага хурал энэ өдөр хуралдаж, шинэ дарга Н.Учрал нь намдаа цэвэрлэгээ хийн, цэгцлэх хөдөлгөөн өрнүүлж, авлига, албан тушаалын гэмт хэрэгт нэр холбогдсон, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан хүмүүст хариуцлага тооцохоо мэдэгдэв. Улмаар прокуророос яллагдагчаар татагдаад буй УИХын гишүүн Д.Амарбаясгалан, Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, Үндсэн хууль зөрчсөнийг нь Цэцээр тогтоосон УИХ-ын гишүүн Х.Булгантуяа нарыг намын гишүүнчлэлээс түдгэлзүүлсэн юм. Мөн Л.Оюун-Эрдэнийн үнэнч зүтгэгч, хуйвалдагчдын нэг А.Амундрагийн гишүүнчлэлийг ч түдгэлзүүлжээ. Түүнийг Н.Учрал дарга нь “Нам дамнасан бүлэглэл байгуулж, нийгмийг эмх замбараагүй байдалд удаа дараа турхиран, МАН-ын бодлого, үйл ажиллагааг зохион байгуулалттайгаар гүтгэн харлуулж, намын бодлогыг хувийн оффисоос гуйвуулан завхруулж, ёс зүй, сахилга хариуцлагыг уландаа гишгэсэн” хэмээн тодорхойлсон. Хувийн оффис гэж “Гэрэгэ” таурын 15 давхрынхныг хэлснийг нь хэн ч ойлгоно. Ерөнхий сайд асныг шүүмжилж, ажлын хариуцлага нэхэх бүрд тус оффисоос нийгмийг талцуулах “сөрөг ажиллагаа” явуулдгийг МАН-ын шинэ дарга онцолжээ. Хэрэв тус намын гишүүн байсан бол “Херо” Б.Баатарыг ч “хөөх” байсан биз. Тэдний асуудлыг тус намын Хяналтын ерөнхий хороогоор хэлэлцэж, шийдвэрийг баталгаажуулах аж.
Үүнтэй зэрэгцээд Ерөнхийлөгчөөс УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл өргөн барихаар болсон нь нэгийг хэлнэ. МАН-ын дарга Н.Учрал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нар эх захаа алдсан нам доторх бүлэглэлийнхэндээ хуулийн хариуцлага бодитоор тооцуулж, цэгцлэх ажилд ийнхүү хамтран ханцуй шамлажээ. Эхлээд намаасаа, дараа нь парламентаас “хөөх” замыг нь засаж буй гэсэн үг.
ХАМГААЛАХ “СӨРӨГ АЖИЛЛАГАА”
Болж өнгөрсөн үйл явц МАН-ын дотоодод дахин талцал эрчимжиж буйн баталгаа юм. УИХын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг баталбал Үндсэн хууль, холбогдох хуулиа зөрчиж, Засгийн газрыг огцруулах оролдлого хийсэн чуулганыг удирдсан Х.Булгантуяа хамгийн түрүүнд парламентын хаалгыг хаана. Уг хуйвалдаанд оройлон оролцсон, бас эдүгээ хуулийн байгууллагаар шалгуулж буй П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, жагсаалтаар сонгогдсон өнөөх эмэгтэй гишүүдийн асуудал ч сөхөгдөнө. Шүүхээс ямар шийдвэр гарахаас хамаарч Д.Амарбаясгалангийн бүрэн эрх шийдэгдэнэ. Мөн УИХ-ын сонгуулийн тухай хууль зөрчиж, гадаадын компаниас санхүүжилт авсан, экс Ерөнхий сайдын бас нэг хамгаалагч Э.Болормаа ч “баяртай” болох биз ээ.
Ийм олон “улаан хамгаалагч”-аа зүгээр харж суугаад алдахыг Л.Оюун-Эрдэнэ хүсэхгүй. Тиймээс ч баасан гаргийн үдээс хойш өнөөх “хувийн оффис”-оос ажиллагаагаа эхлүүлэв. Н.Учрал “аав”-тайгаа хамтарлаа, Ерөнхийлөгч УИХ-ын бүрэн эрхэд халдлаа, энэ хуулийг баталбал ашиг сонирхлын зөрчилтэй улс төрчдийг “авлах”-д ашиглана гэсэн байр суурийг “зорилтот хүмүүс” бичиж буй юм. Яагаад заавал хууль зөрчиж, хэн нэг бүлэглэл, намын овоо хараанд өртөн, “хэлмэгдэх”-ийг хүсээд байгаа нь тун сонин. Уг нь хууль зөрчихгүй, хулгай хийхгүй, ёс зүйн дүрмээ сахиж, үг үйлдлээ хянахад л болчих юм шүү дээ. Хулгайчийг бариарай гэж хулгайч л хамгийн чангаар хашхирдгийн үлгэр болж байна.
Хөөгдөх” тухайгаа дээрх хүмүүс урьдчилж мэдсэн нь гарцаагүй. Тиймээс тэд Бага хуралдаа суугаагүй аж. УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан хоёр өдөр “бясалгаж” байгаад өчигдөр намынхаа ойн өдрөөр цахим хуудсандаа тайлбар оруулжээ. МАН-ын хувьд тэр намаа 2016 оны сонгуульд удирдаж, үнэмлэхүй ялалт авчирсан гавьяатай нэгэн. Гэвч өмнөх гавьяа нь авлига, албан тушаалын хэргийг хаацайлах шалтгаан болохгүй хэмээн Н.Учрал дарга нь тодорхой хэлсэн билээ. УИХ-ын дарга асан цахим хуудсандаа “Энэ өдрийг сорилт, ухаарал, золиос, төлөөс, эргэлзээ, итгэлээр сэтгэл оюунаа дүүргэсэн, онцгой мэдрэмжтэйгээр угтлаа” гэжээ. Мөн дөрвөн удаа МАН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж, хөгжил, цэцэглэлтийнх нь төлөө зүтгэсэн, амжилтад хүргэсэн. Намд нь асуудал байсан ч үүний ард тогтолцооны асуудал байсныг сануулжээ. УИХын даргаар ажиллахдаа “Гурван төгөлдөршил”-д хүрэхээр зорьсон гэх мэтээр хийсэн ажил, гавьяагаа бичсэн байна. Эцэст нь “Улс төрийн намын жинхэнэ төлөвшил нь цөөнхийн бус олонхын санаа бодолд тулгуурлаж, дотоод ардчилал, гишүүдийн бодит оролцоо, үзэл санаа, бодлогын өрсөлдөөнөөр илэрдэг. Харин өнөөдөр нам дотоод ардчиллаасаа ухарч, бодлогын бус, бүлэглэлийн залгамж халааг эрхэмлэсэн, хаалттай бүтэц рүү хэлбийх эрсдэл бодитоор ажиглагдаж буй. Үзэл санаа, бодлогын маргаан өрнөх ёстой орон зай хумигдаж, санал зөрсөн хэнийг ч улс төрийн орчин цагийн хэлмэгдүүлэлтээр шахах хандлага газар авч буй нь түүхийн гашуун сургамжийг дахин сануулж байна” гээд хүч чанартай байхыг анхааруулав. Болж буй үйл явцыг тэр хэлмэгдүүлэлт хэмээн үзэж буй аж.
МАН-ын дарга хариуцлага тооцох тухай яриандаа дэмий ч нэг “нам дамнасан бүлэглэл”-ийн тухай дурдаагүй. Парламентад суудалтай дөрвөн нам, нэг эвсэл дотор ч “улаан хамгаалагчид” бий. МАН-ын “албан бус” гишүүн, Л.Оюун-Эрдэнийн бүлэглэлийн “мөнгөний цэрэг” болсон М.Нарантуяа-Нара дээрх хууль батлагдахад хамгийн түрүүнд явах хүмүүсийн нэг. Тиймээс сандарчээ. Бас дараагийн “даалгавар”-аа ч авсан бололтой. Элдэв лайв хийж, хүмүүсийн анхаарлыг өнөөх л MCS компани болон Ц.Элбэгдорж руу хандуулах ажиллагаагаа эрчимжүүлэв. “Сөрөг ажиллагаа”-ных нь нэг хэсэг л дээ. Тэрбээр залуу дуучин явахад нь болсон зарим нэг дурсамжаа сөхөв. МСS компанийн захирал Ж.Оджаргал болон Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нартай саунд дарс ууж явсан юм байна. Төрийн тэргүүн асан өөр лүү нь хэд хэдэн удаа залгаж, уулзах санал тавьдаг байсан л гэнэ. Гэхдээ хамт ууж явсан “ах” нараа одоо ахуйн хулгайд хүртэл сэрдэж явдаг хүн чанаргүй л эмэгтэй аж. Түүний гэрт хулгай хийсэн этгээдийг цагдаагийн байгууллага баривчилсан байна лээ. 25 орчим насны залуу байжээ. Тэгмэгц нийгмийн сүлжээнд “20 насаар дүү нөхөр нь хааяа эхнэрийнхээ эзгүйд найзуудаа дуудаж наргидаг байх. Тэдэн дундаас л нэг хүнд хулгай хийх сэдэл төрөө биз” хэмээн шоглон бичиж байна.
Анхаарал сарниулах, бусдыг буруутгахаас гадна өөрөө эгүүлэн татагдах шалгуурыг 100 хувь хангаж буй тул Ерөнхийлөгчид тал засахаа бас мартсангүй. “Өөртөө зориулж” УИХын гишүүнийг эгүүлэн татах хууль санаачлахаа Нара мэдэгдэж байсан нь үнэн. Тиймээс тэрбээр уг санааг нь ажил хэрэг болгох гэж буй Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд талархаж байгаагаа бичжээ.
80 ГАРУЙ ГИШҮҮН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖИНЭ
Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй Үндсэн хууль, УИХ-ын тухай хуульд хоёр л нөхцөлд гишүүнийг хугацаанаас нь өмнө эгүүлэн татах заалт бий. Үндсэн хуулийн 29.3-т “УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг эгүүлэн татах үндэслэл болно. УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг нэгдсэн чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх, эсэхийг шийдвэрлэнэ. Уг гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол УИХ түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна” гэсэн юм. Мөн УИХ-ын тухай хуулийн 9.1.4-т “Цэцээс Үндсэн хуулийн 66.2.4-т заасны дагуу гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг УИХ хүлээн зөвшөөрсөн нөхцөлд бүрэн эрх нь хугацаанаас өмнө дуусгавар болно” гэжээ.
Эхний заалтыг парламентын түүхэнд хэд хэдэн удаа ашигласан байдаг. Сүүлийн жишээ нь эгүүлэн татагдаж, ял эдлээд уржигдар суллагдсан, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан юм. Гэхдээ дээрх хоёр заалтын аль алинд эцсийн шийдвэрийг УИХ гаргахаар тусгасан. Харин парламент тухайн гишүүнээ хамгаалаад, бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй гэвэл гурван шатны шүүхээр буруутайг нь тогтоож, прокурор яллагдагчаар татсан ч нэмэргүй. Үүний бодит жишээ нь АН-ын Дав.Цогтбаатар. Үндсэн хуульд тодорхой бичсэн боловч Д.Амарбаясгалан ч, одоогийн дарга Н.Учрал ч “чихгүй” мэт суусаар буй.
Тэгвэл Ерөнхийлөгчийн санаачилсан төсөлд тангаргаасаа няцаж, ноцтой зөрчил гаргасан гишүүнийг Ёс зүйн дэд хороо болон УИХ-ын нэгдсэн чуулганаар заавал нээлттэй хэлэлцэж, Цэцийн шийдвэрээр эгүүлэн татна гэжээ. Мөн ёс зүйн зөрчлөө юман чинээнд боддоггүй увайгүйчүүдийг эгүүлэн татах заалт оруулсан нь шинэлэг, бас өнөөдрийн болж буй үйл явцад олон нийтийн хүсэл шаардлагатай нийцэж буй, зайлшгүй зохицуулалт юм. Эмх замбараагаа алдаж, парламентын нэр хүндийг унагаж буй жагсаалтын гишүүдэд нам нь хариуцлага тооцож, эгүүлэн татах эрх олгохоор төсөлд бас тусгасан байна.
Одоо нэг чухал асуулт бий. Ерөнхийлөгчийн санаачилж буй хуулийн төслийг парламент дэмжин батлах уу. МАН-ын даргын сонгуулиас үүдсэн бүлэглэлийн талцалд эрх баригч намынхан 30:38-аараа хуваагдсан юм. Г.Занданшатарын талынхан олонх болж, “ялсан”. Тухайн үед Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарын талаас Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах гарын үсэг цуглуулж байв. Нийт гишүүний дөрөвний нэгийн санал тэдний бүлэглэлд амархан бүрдсэн ч чуулганаар шийдвэрлэхийн тулд 64-өөс дээш хүний дэмжлэг хэрэгтэй байв. Харин нөгөө талд Ерөнхий сайдын “баг”-ийнхан УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах санал цуглуулахад 70 гаруй хүн дэмжсэн. АН-ынхан тэр үед аль алийг нь огцруулахыг дэмжсэн билээ. Байдал тодорхой болсон учраас Д.Амарбаясгалан УИХ-ын даргын албан тушаалаас өөрийн хүсэлтээр огцорч, нэр төрөө аврах оролдлого хийсэн юм. УИХын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг дэмжих, эсэх дээр ч энэ харьцаа үйлчилнэ.
Мөн МАН-ын дарга Н.Учрал үнэхээр намаа авлига, гэмт хэргээс чөлөөлөх гэж буй бол бүлэглэл харгалзахгүй “хөөх” учиртай. Гэтэл прокуророос зодооны болон авлигын хэргээр яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн П.Сайнзориг, “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирал Д.Тогтохсүрэн нарыг үлдээчихсэн. Уг нь П.Сайнзориг бол 1980-аад оны бүлэглэлийнх, төрийн эрхийг хууль бусаар авах ажиллагааг гардан гүйцэтгэсэн нөхөр. Гэтэл хамгийн түрүүнд явуулах ёстой энэ гишүүнийг үлдээсэн нь эргэлзээ дагуулав. Эсвэл тэр саналаараа наймаалцаж, хар амиа хамгаалсан уу.
Тэгэхээр УИХ дахь МАН-ын бүлгийн Г.Занданшатар, Н.Учрал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нарын талын 38 гишүүн, нэмээд нөгөө талаас “урваж” мэдэх зарим хүн бий гэсэн үг. Үүн дээр УИХ дахь сөрөг хүчний бүлэг нэмэгдэнэ. УИХ-ын гишүүнийг эгүүлэн татаж, хариуцлага тооцох хуулийн төсөл өргөн баривал бүлгээрээ дэмжинэ гэдгээ АН-ын дарга О.Цогтгэрэл мэдэгдсэн. Тэдний намаас гурван шатны шүүхээр буруутайг нь тогтоосон Дав.Цогтбаатар, ёс зүйн доголдолтой Ц.Мөнхтуяа нар эгүүлэн татагдах болзол хангасан. Тэгэхээр энэ хоёроос бусад нь хуулийн төслийг батлахыг дэмжих байх. ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн Б.Батбаатар мөн үүнтэй төстэй агуулгатай хуулийн төслийг хаврын чуулганаар өргөн барих гэж буй. Тэгэхээр тэр гараа өргөх учиртай. ХҮН, Үндэсний эвслээс ч ёс зүйтэй гишүүд нь нэгдэх биз ээ. Тиймээс Ерөнхийлөгчийн санаачилж өргөн барих төслийг УИХ-ын олонх дэмжих боломжтой нь харагдаж байна. Хуультай, төртэй, бас хариуцлага тооцож чаддаг гэдгээ УИХ-ын олонх харуулж, хөлөөрөө толгой хийгсдэд “баяртай” гэж хэлэх цаг нь болсон.