Физик холбоогүйгээр цахилгаан дамжуулах системийг туршсан инженерүүд “Энэхүү технологи аюулгүй бөгөөд бага давтамжийн радио долгион, өндөр давтамжийн соронзон орон, үр ашигтай хэт дамжуулагч хүлээн авагчтай хослуулан төхөөрөмжүүдэд цахилгаан дамжуулахын тулд ашигладаг. Төхөөрөмжүүд холболт шаардлагагүйгээр шууд цэнэглэгдэх боломжтой. Кабель, залгуурын шаардлагагүй, эрчим хүч яг л WiFi дохио шиг чөлөөтэй урсах боломжтой” гэж мэдээлжээ. Шинэ технологийг өргөн хүрээнд ашиглах боломжтой аж. Ухаалаг шийдэл бүхий барилга, орон сууцаас эхлээд цахилгаан машин, дронтой тээвэрлэлт гэхчлэн олон салбарт нэвтрүүлэхэд саадгүй. Ийнхүү эрчим хүч цацагдсан тохиолдолд цахилгаан машинуудыг суурин газрууд гэлтгүй алслагдсан бүс нутагт ч тусгайлан цэнэглэх, түгээх станцад “уяхгүйгээр” түлшээр хязгааргүй хангана гэхээр эдийн засгийн асар их хэмнэлт юм. Энэ технологи нь дэлхий гаргийн агаарын бохирдлыг шийдэх үсрэнгүй алхам болно гэдгийг мэргэжилтнүүд онцолжээ.
“Кабель, залгуур болон уламжлалт дэд бүтэцгүйгээр цахилгааныг агаараар шууд дамжуулна гэхээр шинжлэх ухааны уран зөгнөл шиг сонсогдож магадгүй ч лабораторид туршаад баталгаажуулчихлаа” хэмээсэн финланд мэргэжилтнүүд дэлхийг өөрчлөх түүх бүтээж байна.
Ташрамд өгүүлэхэд, Францын инженер Марсель Депре 1882 онд цахилгаан эрчим хүчийг алс зайд анх дамжуулсан. Гэхдээ орчин үеийн хувьсах гүйдлийн системийн суурийг 1890-ээд онд аж үйлдвэрийн дамжуулах систем бүтээсэн Никола Тесла, Михаил Доливо-Добровольский нар тавьжээ.
Утасгүйгээр эрчим хүч дамжуулах тал дээр Н.Тесла анхдагч бөгөөд резонансын ороомог (Тесла ороомог гэдэг) ашиглах санаагаа 1904 онд танилцуулсан түүхтэй. Тэрбээр агаар мандлаар дамжуулан дэлхий даяар энерги болон мэдээлэл дамжуулах боломжтой хэмээгээд гаргийн хэмжээнд ийм систем бий болгохоор эрэлхийлсэн боловч санхүүжилт нь тасарсан, тухайн үеийн техникийн хязгаарлалт зэргээс шалтгаалан чухал төслүүдээ хэрэгжүүлж чадаагүй. Тодруулан дурдахад, тэрбээр 130 гаруй жилийн тэртээд фосфорын чийдэнг утасгүйгээр асаасан бөгөөд мөнгө санхүүгийн асуудал нь шийдэгдсэн бол хүн төрөлхтний хөгжил өнөөдөр тэс өөрөөр бичигдэх байсан гэж мэргэжилтнүүд таамагладаг. Юутай ч XXI зууны инженерүүд агаараар эрчим хүч түгээх технологи боловсруулсан нь Теслагийн “дэлхий даяарх утасгүй систем”-ийн мөрөөдлийн суурь байхыг үгүйсгэхгүй.
Хельсинкийн Аалто их сургуулиудын мэргэжилтнүүдийн туршсан технологи энгийн хэрнээ сонирхолтой гэдгийг төслийн ерөнхий инженер Матти Сеппала “Бид гүйдлийг шууд дамжуулдаггүй, харин Wi-Fi шиг энерги урсдаг орчныг бүрдүүлсэн. Эх үүсвэрээс гурван метрийн зайд цэнэглэж буй таблетын дамжуулах үр ашиг 87 хувь байсан нь ердийн утастай бараг ижил. Энэ зарчим бол Теслагийн тайлбарласнаар соронзон резонанс дээр суурилсан боловч орчин үеийн давтамжийн тогтворжуулалт болон идэвхтэй алдагдлын нөхөн төлбөрийг ашигласан. 10 жилийн дараа гэхэд бидний бүтээл энгийн хэрэглээ болж, хүүхдүүд “Яагаад кабель утас хэрэглэдэг байв” гэж гайхах болно” гэжээ.
Эл технологийн эхний туршилтыг Эспоо дахь сургуульд хийжээ. Тэндхийн цахилгааны залгууруудыг салгасан ч сурагчид зөөврийн компьютер зэргийг ширээн дээрээ тавиад автоматаар цэнэглэжээ. Гурван долоо хоногийн турш ямар нэгэн алдаа, гажуудал, хэт халалт гараагүй аж. Өдгөө үүнийг Финландын дөрөв дэх том хот Вантаагийн орон сууцын хорооллуудад туршиж байна.
Үүний зэрэгцээ сүүлийн жилүүдэд Финландын хувийн хэвшлийнхэн лазер туяа ашиглан эрчим хүч дамжуулах технологийг хөгжүүлж байгаа нь мөн л дэлхийд шинэ жишиг юм. Энэ мэт санаа сэдлүүдийн үр дүн дэлхийнхний “ногоорох” асуудалд том түлхэц болно гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.