Төмөр бол дэлхий нийтэд өргөн хүрээнд, олон салбарт хамгийн чухал материал. Хүдэр олборлож, баяжуулаад, асар өндөр температурт кокс ашиглан шатаах зэргээр олон шат дамжлагатай түвэгтэй үйл явцын үр дүнд төмөр хэмээх металл бии болдог. Уул уурхай буюу газрын хэвлийг сэндийчиж, зууханд кокс шатааснаар нүүрстөрөгчийн исэл ялгаруулан байж үйлдвэрлэдэг гэсэн үг. Тэгвэл Хятадын мэргэжилтнүүд сүүлийн 10 гаруй жилийн судалгаа, туршилтынхаа эцэст төмөр үйлдвэрлэх шинэ технологи боловсруулжээ. Энэ нь дэлхийн гангийн үйлдвэрлэлд асар их өөрчлөлт авчирна гэж салбарынхан нь дүгнэж байна.
“Нарийн нунтагласан төмрийн хүдрийг зууханд шахаснаар химийн урвал үүсэж, тэсэрнэ. Үр дүнд нь өндөр нягтралтай төмөр “урсаж”, зуухны ёроолд хуримтлагдана. Энэ үйл явц 10 секунд ч хүрэхгүй хугацаанд үргэлжилдэг” хэмээн мэдээлсэн профессор Жан Вэнхайгээр удирдуулсан багийнхны шинэ технологийн талаар “Nonferrous Metals” сэтгүүлд нийтэлжээ. Уламжлалт аргаар бол тэсэлгээний зууханд 5-6 цаг шаардлагатай үйл явцыг ердөө 3-6 секундэд хийх боломж буюу энэ нь хурдыг 3600 дахин, үүнээс ч илүү нэмэгдүүлж байгаа хэрэг.
Э.Хана