Газар дундын тэнгисийн зүүн хэсэгт оршдог Израил улс АНУ-ын дэмжлэгтэйгээр өнгөрсөн бямба гараг буюу хоёрдугаар сарын 28-ны өглөө газар нутагт нь агаараар довтолсны улмаас Исламын Бүгд Найрамдах Иран Улс (ИБНИУ) хариу болгон 200 гаруй пуужин харвасан нь бүс нутгийн, цаашлаад олон улсын түвшинд ноцтой нөхцөл байдал үүсгэлээ. Персийн булан (АНЭУ, Бахрейн, Катар, Кувейт, Ирак, Иран, Оман, Саудын Араб оршдог)-д өрнөсөн эл дайны улмаас олон улсын гэрээгээр Бахрейнд түр хугацаагаар ажиллаж байсан МИАТ-ийн баг бүрэлдэхүүнийг түрээслэгч тал буюу тус улсын үндэсний агаарын тээврийн “Gulf аir” компанийнхан тухайн өдөрт нь цаг алдалгүй аюулгүй бүс рүү нүүлгэн шилжүүлжээ. МИАТ ТӨХК болон Бахрейны “Gulf аir” компанийн хооронд байгуулсан нойтон түрээсний гэрээний дагуу МИАТ-ийн нисэх багийн бүрэлдэхүүн “Boeing 787 Dreamliner” онгоцоороо 2025 оны арванхоёрдугаар сараас Бахрейн-Манила чиглэлд нислэг үйлдэж буй. Сар тутам нисэх багийнхан солигдох зарчмаар өнгөрсөн сарын 22-нд 30 хүний бүрэлдэхүүнтэй гуравдугаар ээлжийнхэн Бахрейныг зорьсон. Түгшүүрт нөхцөл байдал үүсэх үед Монголын онгоц Бахрейнд байгаагүй буюу хуваарийн дагуу Филиппиний Манила руу нисээд, хэдийн газардсан байсныг баттай эх сурвалж мэдээлсэн. Харин тухайн өдөр нислэггүй байсан багийн гишүүдийг Бахрейны “Виндхам гарден Манама” зочид буудлаас нүүлгэн шилжүүлж, аюулгүй газарт хүргэсэн гэнэ. Аялал, амралтын томоохон бүс бөгөөд Бахрейны олон улсын нисэх буудлаас хэдхэн км зайд орших тус газарт манай нисэх багийнхан байрлаж байсан. Тухайн бүсэд Америкийн тэнгисийн цэргийн бааз байрладаг учраас тийнхүү шуурхай нүүлгэн шилжүүлжээ.
Ойрх Дорнодод үүссэн дайны нөхцөл байдлаас улбаалан олон улсын агаарын тээврийн компаниуд нислэгүүдээ цуцлахад хүрч, бүс нутгийн агаарын хилүүд түр хугацаагаар хаагдсан учраас Бахрейн дахь МИАТ-ийн ажилтнуудыг газраар тээвэрлэн аюулгүй бүсэд хүргэсэн бөгөөд өдгөө Саудын Араб руу явуулахаар визийн мэдүүлгийн хариу хүлээж буй аж. “Boeing 787” хөлөгтэйгөө Манилад байгаа багийнхан одоогоор тэндээ байрлаж, цаашид хэрхэх талаарх шийдвэрийг хүлээж байна. Онцлон тодруулахад, Ойрх Дорнодын бүс нутагт Монголын 281 иргэн, үүнээс 33 нь Бахрейнд байгаа талаар Монгол Улсаас Кувейт улсад суугаа ЭСЯ-ны албан ёсны цахим хуудсанд мэдээлсэн байна. Ташрамд өгүүлэхэд, Америк, Израил улсууд Ираны эсрэг хийсэн ажиллагаанд дэлхий нийт хэрхэн хариу үйлдэл үзүүлснийг олон улсын агентлагууд мэдээлж байна. Британийн Засгийн газар “ИзраилАНУ-ын ажиллагаанд оролцоогүй бөгөөд энэхүү бүс нутгийн мөргөлдөөнийг цаашид хурцатгах, өргөжүүлэхийг хүсэхгүй” гэдгээ мэдэгдэв. Гэхдээ Ираныг цөмийн зэвсэг хөгжүүлэхийг хэзээ ч зөвшөөрөхгүй гэсэн байр сууриа ч илэрхийллээ. ХБНГУын канцлер Фридрих Мерц өрнөөд буй үйл явдалтай холбоотойгоор Европын түншүүдтэйгээ хэлэлцээд, энэ долоо хоногт Вашингтонд Дональд Трамптай уулзахаар төлөвлөсөн аж. Францын Ерөнхийлөгч Э.Макрон НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийг яаралтай хуралдахыг уриалаад “Тегеран “сайн санааны хэлэлцээр” эхлүүлж, цөмийн зэвсэг, тив хоорондын баллистик пуужингийн хөтөлбөрөөсөө татгалзахаас өөр аргагүйг ойлгох ёстой” гэжээ. Италийн Ерөнхий сайд “Ираны энгийн иргэдтэй эв санааны нэгдэлтэй байна” гэж мэдэгдэв. Итали улсын хувьд иранчуудын иргэний болон улс төрийн эрхийг хүндэтгэхийг шаардаж байна. Швейцарын хувьд мөргөлдөөнд оролцсон талуудад хандан “Олон улсын хуулийг хүндэтгэж, хүлээцтэй байхыг уриалж байна” гэж байр сууриа илэрхийлжээ. Австралийн Ерөнхий сайд Энтони Албанез Ираны зоригтой ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй буйгаа, мөн Ираныг цөмийн зэвсэг эзэмшихээс сэргийлэх АНУ-ын хүчин чармайлтыг дэмжиж байгаагаа мэдэгджээ.
ОХУ “Бүрэн эрхт, бие даасан, НҮБ-ын гишүүн улсын эсрэг урьдчилан төлөвлөсөн зэвсэгт түрэмгийлэл үйлдсэнд харамсаж” буруушаав.
Ж.Эрдэнэ