“Эрдэнэс Тавантолгой” компани олон улсын нэгдсэн менежментийн тогтолцооны дэлхийн жишигт нийцсэн стандартын баталгаажуулалтын гэрчилгээ авснаа мэдээллээ. Тус компани нь 2019 оноос хойш ISO 9001:2015 чанарын менежментийн тогтолцоо, ISO 14001:2015 байгаль орчны менежментийн, ISO 45001:2018 хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцооны стандартыг үйл ажиллагаандаа амжилттай хэрэгжүүлжээ. Мөн өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Франц улсын Афнор группийн баталгаажуулах давтан II аудитад амжилттай хамрагдаж дээрх стандартуудын гэрчилгээг гурван жилээр сунгасан юм байна. Ташрамд дурдахад, өнгөрсөн баасан гарагт 172.8 мянган тонн нүүрсийг нийт 13.09 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжсан байна. Түүнчлэн оны эхнээс нийт 32 удаагийн арилжаагаар 173.8 сая “ногоон”-ны үнэ бүхий 2.09 сая тонн нүүрс борлуулжээ.