Хэнтий аймгийн утга зохиолын нэгдлийг 2017 онд “Хэрлэн тооно” ТББ болгон шинэчилсэн билээ. Монголын зохиолчдын эвлэл, Д.Нацагдоржийн шагналт, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Д.Галсансүх утга зохиолын эл нэгдлийг тэргүүлдэг бол гүйцэтгэх захирлаар нь яруу найрагч Ш.Батцэцэг ажиллаж буй.
Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагчЛ.Нямаа агсан анх Хан Хэнтийн яруу найргийн дэг сургуулийг байгуулсан цагаас түүний үе үеийн шавь нар нь аймгийнхаа утга зохиолын нэгдлийн галыг манаж, үйл хэргийг нь үргэлжлүүлж буй юм. Тэрээр 1990-ээд оны Монголын яруу найргийн шинэчлэлийг түүчээлэгчдийн оюуны санааны багш байв. Энэ удаа Монголын утга зохиолын орон нутаг дахь ууган нэгдлийн гишүүн болон сумдаа ажиллаж, амьдардаг уран бүтээлчдийн шүлэг, яруу найргаас хүргэж байна.
МЗЭ-ийн шагналт яруу найрагч С.Эрдэнэбат (Батноров сум)
Сансрын гунигийг тайлж
Сарних үүлс толгод ороож мэгшмүй
Сац холд төөрчихсөн бодлоо аргамжин
Сормуус норгож ганцаар суумуй.
Мянган жил наслах биш ч зул, хүжийг асааж
Мөргөн залбиравч бурхадын мэлмий нэмэгдсэнгүй
Мөнгөн зул гороолсон дэнгийн эрвээхэйн цогцсоос
Мөнх бусын хорвоо хүмүүний амьдралыг танимуй
АЙ ОХИН ТЭНГЭР МИНЬ
Найлзуур мод мэт
Уран биелгээ бүжмүй чи
Наран гэрэлт царай чинь
Удвал цэцэг шиг гоёмсог юм
Өлмийг чинь гижигдэх
Цэцэгсийн уруул болоод
Өвсний шүүдэр залгилж
Цангааг чинь тайлах сан...
Ай охин тэнгэр минь
Арван сарын
Алтан бороо мэт шивэрч
Салхины түмэн үнсэлттэй цу
г Сормуусыг чинь норгох сон ...
Ай охин тэнгэр минь
Хун галуудын дуу мэт
Эгшиг урламуй чи
Хус мод мэт
Тэргүүнээ өргөж
Хулсан лимбэ мэт
Уруулд чинь хавчуулагдах сан ...
Ай охин тэнгэр минь
Нялх салхи мэт
Үсэнд чинь шургаж
Наж могой мэт
Биеийг чинь ороогоод
Арга билгийн загас мэт
Амьсгалыг чинь чагнах сан ...
Ай охин тэнгэр минь
Гэсгээлт боол мэт
Тэргүүнээ бөхийлгөмүй,би
Гэсэр цэцэг шиг уруулаа нээгээч
Хараал ерөөл бай хамаагүй
Ганцхан үгийг хүлээнэм
Хараацайн нислэг шиг чамаас
Холдож эс чадмуй ...
Ай охин тэнгэр минь
Сансрын нууц
Мянган эринг бясалгагч мэт
Сэтгэл тайвшруулах ч
Сэмэрсэн зүрхийг минь юунд урнам
Мутарт чинь хүрвээс
Өвдөг минь чичирч
Мэлмийд чинь харин
Од мэт үйрмүй ...
Ай охин тэнгэр минь
Галбарваасан модонд зүүрмэглэгч
Галбинга домгийн шувуу юм чи
Үлгэр жаргадаггүй орчлонгийн
Үзэмжит дагина юм чи
Уран яруу дууг чинь сонсохуйд
Уснаас хаягдсан загас мэт ангаймуй
Ай охин тэнгэр минь
Гоо үзэсгэлэн чинь
Халгай мэт сэтгэл түлмүй
Галын бурхан байтлаа
Би шатмуй...
Ай охин тэнгэр минь
Цагаан уул мэт
Он цагууд мөнхрөхгүй
Цацрах оддын илтэс
Шанхыг чинь хучна
Сар жилүүдийн гэрч
Саран гоо бөхөхөөс чинь өмнө ...
Ай охин тэнгэр минь
Дурласны минь төлөө
Үхэх ял өгвөөс
Зараалт тэнгэрийн элч мэт
Үгээ залгиж
Зарц мэт номхон зогссон ч
Өршөөл эс эрмүй Ай охин тэнгэр минь
МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Энхжаргал (Биндэр сум)
“Дотоод үзэгдлийн намар” номоос
Хэд дахин биднээс хол иргэншил
Хэддүгээр зууны хавар, эсвэл өвөл
Эмтрэл гуниг, хүн чулууны гаслан
Элсэн шуурга, цөл тэнгэрийн заадасны суунаг
Өлгөөтэй хөгжмийн утсан дээр өт хорхой мөлхөөд
Өвсөн дунд хэвтэх хохимой дотуур салхи дураараа сэлгүүцээд
Шувууг чөлөөтэй нисэхийг хоригдол хүн хараад
Чулуун хэрэм нэвтлэн өвс ногоо ургана даа
Нохойн нүдэнд л сар гийж харагдана даа
Ноорхой оромжид ч урин зөөлөн хэвтэр бий
Тариачин, алуурчин, сүсэгтэн хэний ч гэрт
Таар шуудайны буланд ширхэг үр соёолно доо
Морины хөл дор энхэл донхолтой өдөр, шөнүүд
Морь бүдрэхэд эрхэм эзэн хараалтай, ерөөлтэй
Гандсан аянчин хээр түүдэг ноцооход
Галын дөл мөнхөд өөдөө дүрэлзэнэ дээ
Чулуу, цэцэг хоёр
Цуг байдаг орчлонд
Бүүвэйн дууг харин
Хадан дээр сийлэхэд хатуудна
***
Яруу найрагч бүсгүйг нутагтаа урья
Ягаан даль дэлгэрэхэд
Хэнтийн ууланд урья
Мөрөөдөл хүслийн цэв цэнхэр хавар
Мөнх ногоон мододтой цуг амьдралыг дуулъя
Өвсөн дунд зогсоод сэрэмжлэн харах гөрөөс
Өнөөдрийн үлгэр болоод үнэний оршил мэт
Зайгүй битүү ширэнгэ хад чулуу юу ч биш
Залуу насандаа нэгэн оргил дээр гарч үзье
Эртний тахилгатай уул овоондоо залбиръя
Эцгийн сэржим, эхийн бишрэл энд бий
Онон, Хэрлэн, Туулын ундарга бий
Омог үүсэж бадрах хувь тавилан бий
Яруу найрагч бүсгүйг нутагтаа урья
Ягаан даль дэлгэрэхэд
Хэнтийн ууланд урья
Мөрөөдөл хүслийн цэв цэнхэр хавар
Мөнх ногоон мододтой цуг амьдралыг хамтдаа дуулъя
ОНГОД ТИЙШ
Хөдөө амьдарсны минь төлөө
Хөвсгөр цас хунгарлажээ
“Тосгоны сүүлчийн шүлэгч”-ийг
Тоосгүй замд хөтөлжээ
Даруулт хөгжмийн даруул мэт
Давхар давхар үелсэн
Хөгжимлөг шатаар өгснөм би
Хүн бүхэнд ийм заяа олддог гэж
Хүлээн зөвшөөрөхөд хэцүү байна...
Яруу найрагч Ж.Хэнтийбаатар (Хэрлэн сум)
ГОВИЙН ЗУН
(Бэлгэдэлт неоромантик шүлэг)
Тэнгэр газрын савслагыг
Тэлүүрдэж мандах наран
Ширгэсэн тэнгисийн элэнхийг
Ширмэн тогоо шиг улайтгана
Зэрэглээ манхан хоёроос дөл сүүмэлзэм халуунд
Зэндмэнэ бүрдийн усанд хага ташин сэрүүцсэн
Зул хонгор салхинд сүүдэр хүртэл бачууравч
Зургаан зүйлийн амьтныг энэрч бясалгасан говь
Голдоо ортол хатсан гүжирмэг загийн үндэс
Гурван алдын доороос чийг татан умдаалсан
Галын оч үсчим халуун нурман элсэнд нь
Галбар зандан мод навчилж байдаг говь.
Суунагт хөх зэрэглээ бие биелэн үелзэж
Судрын таталган бичиг шиг нүд сэтгэл чилээнэ
Элсэнд мөлхөх могойн элэг түлэгдэн атирч
Эсэргэн өвлийг мөрөөдөн эгц дээшээ цогнойно
Биегүй хөх салхи оддыг шүүрдэн исгэрэхэд
Бие сэтгэл сэрүүцэн амьсгаа авч уужирна
Сөрмөн шарах нарны илчийг хадгалсан манханд
Сөнөсөн ертөнцийн саран хөлөө дүрж бүлээцнэ
ШҮЛЭГ МИНЬ УЛИРАЛ ШИГ
(уянгын, символист)
Надаас урсах найраг минь
Намрын навч шиг гунигтай
Цасан будраа шиг цагаахан
Цантай өвөл шиг жихүүхэн
Уярал хайрын хавар шиг
Уянга өргөсөн цацал шиг
Зүүдэн дундаа зүүрмэглэх
Зуны цэцэг мэт өнгөлөг
Агсам сэтгэл шүлгэндээ халамцаж
Амтат дарсыг онгодоор даруулна
Зүүдний галт шувуунд
Зүрхээ сэмхэн бэлэглэнэ
Хорвоод би чамаар амьсгалж
Хоосон зайгаа уянгаар дүүргэнэ
Хил хязгааргүй яруусах төөрөгтөө
Хэн байхаа чиний дэргэд л мэдэрнэ
Чи миний амьдралын шарталт
Чухам үнэндээ сэтгэлийн шаталт
Чи миний солиорлын нулимс
Чимээгүйхэн дотогш мэгшилт
Чи миний үхэх шалтгаан
Чин хүсэл, сэрэх сэхээрэл
Чөлөөт уран бүтээлч Т.Батнаст (БорӨндөр сум), “Солонгон 7”, “Цаг хугацаанд баригдаагүй” “Ганц цонхтой байшин” зэрэг яруу найргийн ном бичжээ.
ТАЛ НУТАГТАА БИ
Бүүвэй аялсан ижийгээс минь
Яруу анирдан мандсан
Бүлээн усны тохойноос
Гүрвэлийн мөр зурайхуйд
Тэнгэрийн улаан нарыг
Аргамжааны морь шиг тавьсан
Энэ сайхан тал
Аавын минь сэтгэл шиг уудам аа
Сайхан аавын минь сэтгэл шиг
Тайван эглийн эгэл уудмаар
Таанын цэцэгс дэлгэрэх гэж
Дараагийн бороог зүүдэлнэ
Зүүдний ерөөлт учирлыг
Тэнгэр лусад мялааж
Зүг ойрын өвгөд
Гаансаа нэрэн тамхилж
Зүр гөрөөс эмгэд
Үрсээ бас санаж
Тал Тал нутгийхан
Бие биедээ ханьсана
Тааваар орчлонг үрчлээндээ зурна
Тамгатай морь хөрвөөн
Газрыг минь олно
Тал нутагтаа би ногоо болж ургана
Тал нутгаа ерөөсөөр одохуй
Бууцандаа би эргээд ирнэ
***
Би цэцгийн бал цуглуулагч эрвээхэй юм
Цээжний гүнд булгилах хайрын дууч юм
Навчин уруулын хээгээр даль жигүүрээ гоёсон
Солонгын долоон өнгөт хайрын эрвээхэй юм
Миний өөдөөс нисэх эрвээхэй
Үүл, уул, усны өнгөтэй юм
Үрлэн хар толботой цэв цэнхэр юм
Үзэмж гоо арлын орных уу
Үзээгүй эрвээхэй гэж бүгд шаагих юм
Жигүүртэй бүхэн жигтэй сайханд нь шунана
Жилийн дараа алга болно доо гэж муулна
Хосол чадах уу даа гэж
Хаврын салхи шавхуурдана
Хайр л мэднэ дээ гэж анхны яргуй шивнэнэ
Яагаад яагаад миний үрлэн хар толботой
Цэв цэнхэр эрвээхэйг
Ядмагхан авгалдай байхад нь
Яагаад хэн ч, юу ч дуугараагүй юм бэ
***
Сэтгүүлч, яруу найрагч Б.Энх-Уянга (Хэрлэн сум) “Цагийн зүү дагуух намрын гуниглал” (2018), “Тайтгарал”-(2020), “Чин сэтгэл” (2025) шүлэг, өгүүллийн түүвэр
Чиний хэлдэг уужим энэ хорвоод ганцаардан алхаж байна
Чи биш юм бол, өөр тэгээд хэн хань болох вэ.
Шонгийн гэрлүүд өчигдөрхөн л тод, бүгдээрээ гэрэлтэж байсан
Одоо нэг нь унтарчихаж, яасан ч бүүдгэр юм бэ дээ
Хөл дорхоо мэдрэх бүү хэл, урагш харахад ч энэ зам балархай
Хаа хүрэх вэ, энэ дэлхийн хаана ганцаардахгүй байж чадах вэ
Буйд газрын сууринд шөнө болдоггүй, буцах минь даанч хол
Буцлаа чиг хагацсан биес эргэж уулзах биш, одоо дэндүү оройтсон
Чиний хэлдэг уужим хорвоод би бүсгүй хүн болж төрөөд
Чиний аялдаг буриад дууны хөг хүртэл тасарч сонсогдоод
Ганцаардлын хэвнэгтээ даарч л суугаа зүрхэнд минь
Ганцхан гэрэл бий, түүнийг хүмүүс дурсамж гэж нэрлэдэг
***
Гүүр даваад
Гэртээ очиход
Даарав уу, цангав уу гээд
Ээж угтана
Ийм дулаахан гэртээ
Гуниггүй очих хэрэгтэй
Гараа дулаацуулж
Гунигаа нуугаад
Гурав тоолоод
Хаалгаа тогших хэрэгтэй
***
Ерөнхий боловсролын сургуулийн 10 дугаар ангийн сурагч, Т.Оюусудар. (Норовлин сум) 2022 онд “Эрвээхэйнүүд миний даашинз” номоо хэвлүүлжээ.
ШАЛТАГ
Навчис модоо орхин унахад
Намрын улирал шалтаг байсан
Цас хайлан ханзрахад
Хаврын салхи шалтаг байсан
Цэцэгс уярам үгэнд чинь хууртахад
Хайрын минь босго шалтаг байсан
БИШРЭЛ
Орчлонгийн үзэмж төгөлдрийг
Одод мичдийн тойрогтой нь
Тайгын өндөр сарьдгийг
Талын хонгор салхитай нь
Би биширдэг ээ
Аавынхаа дулаан нөмрийг
Алсын өндөр толгодтой нь
Ээжийнхээ даруу харцыг
Элсэн говийн зэргэлээтэй нь
Би биширдэг ээ
Нарны халуун туяаг
Навчис цэцгийн дэлбээтэй нь
Гараг эрхсийн гоёхонг
Ганган сарны гэгээтэй нь
Би биширдэг ээ
Атгахан жаалхан шувуудыг
Аялгуу эгшиглэх чимээтэй нь
Мододтой ногоон төгөлийг
Мөчирт ургах жимстэй нь
Би биширдэг.