УНТЭ-ийн удирдлага удаа дараа солигдсоноос өдөр тутмын эмчилгээний эм тариа, багаж хэрэгсэл тасалдаж байгаа талаар тус эмнэлгийн Эмнэл зүй эрхэлсэн дэд захирал М.Адилсайхан тэргүүтэй эмч, мэргэжилтнүүд өнгөрсөн пүрэв гарагт хэвлэлийн хурал хийсэн юм. Гэтэл маргааш нь М.Адилсайханыг ажлаас нь халах тушаалыг УНТЭ-ийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Анхтуяа гаргажээ. Тус тушаалд “Хэвлэлийн бага хурал зохион байгуулж, эмнэлгийн тусламж, үйлчилгээний хэвийн байдал алдагдсан, доголдол үүссэн тухай үндэслэлгүй, худал мэдээллийг үндэсний хэмжээнд олон нийтийн сүлжээгээр тарааж, эмнэлгийн ажилтнуудын сэтгэл зүйд болон байгууллагын нэр хүнд, үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх ноцтой үр дагавар үүсгэсэн тул Эмнэл зүй эрхэлсэн дэд захирал М.Адилсайханы хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2026 оны хоёрдугаар сарын 27-ны өдрөөр дуусгавар болгон цуцалж, албан тушаалаас чөлөөлсүгэй” гэжээ.
Харин энэ тухайд М.Адилсайхан өөрийн фэйсбүүк хуудсандаа “Хууль бус, шударга бус зүйлийн эсрэг яваад ахиад ажилгүй боллоо. Эмнэлэг хэвийн ажиллаж байхад нь худал мэдээлэл тараасан гэнэ, хэвтэн эмчлүүлэгсэд эм, хэрэгсэл худалдаж аваагүй юм байх” хэмээн бичжээ. Ташрамд дурдахад, сүүлийн гурван жилийн хугацаанд тус эмнэлгийн удирдлага гурван удаа солигдсон бөгөөд одоо ч ерөнхий захирлыг томилоогүй байгаа юм.
Ч.Болор