Монгол Улсаас ОХУ, АНЭУ-д суух Элчин сайд Д.Даваа, А.Ананд нарт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Итгэмжлэх жуух бичиг гардуулав. Тэрбээр Элчин сайд нар ёс зүйтэй, сахилга, хариуцлагатай байж, үндэсний язгуур эрх ашгийг ямагт дээдлэх, суугаа болон тухайн бүс нутгийн орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, эх хэл, түүх, соёл, зан заншил, уламжлалаа өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, эх орноо сурталчлан таниулах зэрэгт анхаарч ажиллахыг үүрэг болгосон байна. Мөн монгол иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалж, боломжит бүх хэлбэрээр дэмжиж байхыг онцгойлон захилаа.
Харин Австралийн Холбооны Улсад суух Элчин сайдаар томилогдсон Г.Тэнгэрийг батламжилсан зарлиг гаргахаас Ерөнхийлөгч татгалзсан сурагтай. Учир нь тэрбээр гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт нэр холбогдсон, Элчин сайд нарт Төрийн тэргүүний зүгээс тавьж буй ёс зүй, сахилга хариуцлагын шаардлага хангаагүй гэж үзжээ. УИХ өнгөрсөн арванхоёрдугаар сард 21 оронд суух Элчин сайдыг томилсон. Эдгээрээс ийнхүү түрүүчээсээ Итгэмжлэх жуух бичгээ авсан нь байхад томилгоогоо баталгаажуулаагүй нь ч бий аж.
С.Уул