Шатахууны нөөцийн хэмжээг нэмэгдүүлэх, агуулах, хадгалах болон шилжүүлэн ачих байгууламжийн байршлыг оновчтой тодорхойлох нь газрын тосны бүтээгдэхүүний тасралтгүй хангамжид төдийгүй төлбөрийн тэнцэл, эдийн засгийн тогтвортой байдалд нөлөөтэй. Тиймээс эхний ээлжид манай улс шатахууны нөөцийн савыг шинээр барих, өргөтгөхөөр болсон. Эл ажлын санхүүжилтэд Монголбанкнаас хүүгийн хөнгөлөлтөд 20 тэрбум төгрөг зарцуулах шийдвэр гаргасан байна. Нөөцийн савыг Улаанбаатарт болон зарим аймгийн нутагт барихаар төлөвлөсөн бөгөөд тухайн орон нутгийн шатахууны хэрэглээ, онцлог, ложистикийн урсгал, хил орчмын боомтын ачаалал зэргийг харгалзаж буйг АҮЭБЯ-наас мэдээллээ.
Одоогоор улсын хэмжээнд 89 байршилд 507 000 орчим тонн бүтээгдэхүүн агуулах сав байгаа аж. Энэ нь өдөр тутмын хэрэглээгээ хангахын зэрэгцээ 26-27 өдрийн нөөц бүрдүүлэх хэмжээ юм. Үүнийг нэмэгдүүлж 3-6 сарын нөөц бүрдүүлэх агуулах барихаар төлөвлөжээ. Түүнчлэн агуулах барих татаас олгох аж ахуйн нэгжүүдэд өөрөөс зарцуулах хөрөнгийн хэмжээ, зориулалтын газар, бүтээгдэхүүн ачиж, буулгах тээвэр ложистикийн бэлэн байдал зэрэг цөөнгүй шалгуур тавьжээ. Нөөцийн сав барих, өргөтгөх ажлыг ирэх тавдугаар сард эхлүүлж, энэ ондоо багтаан дуусгахаар төлөвлөснөө салбарын яамнаас дурдав.
С.Дулам