
ТУРШЛАГАТАЙ ДАСГАЛЖУУЛАГЧДАД ТООГДОЖ, “АЛТАЙН БАРС” КЛУБТ ХӨЛ ТАВЬСАН НЬ
Волейболын ”Үндэсний дээд лиг”-ийн тэмцээнд Даяндоржийн Үнэнтуяа, Анужин гэх хоёр бүсгүй жил бүр оролцдог. Тэд төрсөн эгч дүүс. Хоёр өөр багт тоглодог тэдний довтолгоо, хамгаалалт, холболт, авьяас, ур чадварын талаар спортын хөтлөгч цэнхэр дэлгэцээр тайлбарлан хүргэхийг үзэгчид цөөнгүй харж, сонссон биз ээ. Д.Үнэнтуяа “Алтайн барс” багийг лигт олон жил ахалж өрсөлдсөн. Тэрбээр дасгалжуулагч Б.Мөнхнарангийн удирдлагад бэлтгэл хийж, амжилтын гараагаа эхлүүлэн 2012 онд Монгол, 2016 онд Тайванийн Каошунь хотод болсон элсний волейболын Зүүн Азийн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд үндсэн тамирчдын бүрэлдэхүүнд багтаж, хүрэл медаль хүртэж байв. Тэгвэл дараа жил нь Монголын волейболын холбоо, “Хасу мега стар” клубтэй хамтран зохион байгуулсан клубүүдын аварга шалгаруулах “Хасу кап-2017” тэмцээнд багийнхантайгаа аваргын алтан цом өргөсөн юм. Үүнээс хойш тус тэмцээний шилдгийн шилдгээр тодорч, дээд лигт “Тэгш тоглогч”-ийн шагнал нэг бус удаа гардсан. Түүний хувьд “Алтайн барс” клубийг өмнө нь “Эрчим” нэртэй байх үеэс нэгдэн тоглосон тул туршлага чамгүй хуримтлуулжээ. 2011 онд тус клубийнх нь нэр өөрчлөгдсөн ч багийн гишүүд нь солигдоогүй. Түүнийг анх ирэхэд багийнх нь эгч нар уриалгахан угтаж, тамирчин хүн ямар байх ёстойг үлгэрлэн харуулсан аж. Тэр үеэс бөмбөгийг нь зөөн, сэлгээний тоглогчоор тэмцээнд оролцож эхэлжээ. Багийнхнаасаа О.Саруултуяаг хараад “Ямар гоё цохиж, довтолдог юм бэ” хэмээн бодож байсан бол хоёр дахь жилээс нь үндсэн тоглогч болж, багийн ахлагчаар сонгогдсон юм. Тухайн үед МУБИСийн Биеийн тамирын сургуулийн шинэ оюутанд өглөө хичээлдээ гүйж, өдөр нь бэлтгэл хийн, тэмцээнд оролцох гээд чөлөөт цаг ховор гардаг байжээ. Тэмцээнтэй үед багш нараасаа чөлөө авах, хичээлээ нөхөж бичих, шалгалтад бэлдэх зэргээр завгүй явсаар их сургуулийн дөрвөн жил нүд ирмэхийн зуур өнгөрсөн байна.
БАГШААСАА УРМЫН ҮГ АНХ УДАА СОНСОВ
Багийн ахлагч байх амаргүй. Охидыг нэг зорилготой болгож, амжилтад хөтлөхөд ахлагчийн үүрэг, хариуцлага багагүй нөлөөлнө. Б.Мөнхнаран дасгалжуулагч түүнээс “Чи багийн ахлагч болж чадах уу” гэж асуухад юу ч бодохгүйгээр “Чадна аа” хэмээн хариулчхаад дараа нь сандарч, эмээсэн гэдэг. Эхний хэдэн сар ахлагч байх хэцүү санагдаж, чадахаасаа чадахгүй хүртэл хийе гэж бодож зүтгэхдээ олон ч асуудалтай тулгарсан аж. Багш нь ч багийн ахлагч ямар байх ёстой талаар байнга зөвлөхөд “Би л багийн ахлагч хийхгүй бол болохгүй юм байна” гэх бодол төрж, хичээж эхэлжээ. Тухайн үед түүнээс зориг, зорилго, мэдрэмж, эрч хүчтэй байхын аль алийг нь шаардаж байв.
Багийн гишүүдээс нэг нь дэмжихэд нөгөө нь эргэлзэж, санал нийлэхгүй байгаагаа илэрхийлнэ. Багш нь хатуу үгтэй. Магтаал, урам хайрлахдаа ч харам. Хааяа “Ээ, чи ер нь хийж чадах юм уу даа” гэж голонгуй, шүүмжилсэн өнгө аясаар хэлэх нь түүний хор шарыг хөдөлгөнө. Бодож байгаа хэмжээнд нь хүрэхээр чадлынхаа хэрээр зүтгэж, сэтгэлд нь одоо л нийцэх болов уу гэж бодоод “Багш аа, болж байна уу” гэхээр “Болохгүй байна” гэдэг байж. Хожим багшаасаа “Та бидэнд яагаад болж байна гэж хэлдэггүй юм бэ” гэж асуухад “Тэгж хэлбэл та нар онгирчихно шүү дээ” гэж хариулсан гэдэг. Багийнхантайгаа 2017 онд “Хасу кап” тэмцээнд алтан медаль хүртэхдээ хичээсний эцэст амжилт ирдгийг мэдэрсэн аж. Тэр тэмцээний шилдэг “тэгш тоглогч”-оор шалгарахдаа багшаасаа “Сайн байна” гэх урмын үгийг анх удаа сонсжээ. Б.Мөнхнаран дасгалжуулагч багаасаа хэнийг нь шүүмжилж, шарыг нь малтан урагшлуулахаа сайн мэднэ.
Багийн спортын амжилт олон жил уйгагүй хөдөлмөрлөсөн хичээл, зүтгэлийн үр дүнд ирдэг. “Алтайн барс”-ынхан залуу тоглогчидтой. Тэдний олонх нь оюутан. Хүн бүрийн өссөн орчин, зан чанар өөр. Ахлагчийн хувьд тэдний зан араншингийн онцлогт тааруулж харилцахад тэвчээр багагүй шаардана. Багийн тоглогчдоос нэг нь тэмцээний үед сэтгэл зүйн байдал нь тогтворгүй байвал шалтгааныг нь заавал асуухаас авхуулаад ахлагчийн ажил, үүрэг хариуцлага өндөр. Дээд лигт тоглох нь клубүүдийн тэмцээнд оролцохоос өөр. 2011 оноос хойш найман жил завсарласны эцэст Үндэсний дээд лигийн тэмцээн 2019 онд сэргэхэд багийнхантайгаа анх удаа оролцов. Спортын төв ордны зааланд хөл тавих зайгүй суусан үзэгчдээс лигийн тоглолтыг санаж, үгүйлснийг тэрбээр тухайн үед мэдэрчээ.
ЭГЧ ДҮҮС ДЭЭД ЛИГТ ЦӨӨНГҮЙ ТААРЧ, АНА МАНА ӨРСӨЛДӨХ БОЛЖЭЭ
Түүний дүү Д.Анужин “Энагура” багт холбогчоор цөөнгүй жил тоглосон. Эгч дүүс томоохон тэмцээнүүдэд таарч, ана мана өрсөлдсөн удаа олон. Тухайлбал, 2019-2020 онд үндэсний дээд лигийн тоглолтод “Алтайн барс”-ынхан “Энагура” багийнхантай таарч, ширүүхэн өрсөлдөв. Тэр жил дүү нь багийнхантайгаа түрүүлж, гурав дахь удаагаа аваргын цом атгасан юм. Тус клубийн захирал Жан Жин Хун лиг эхлэхээс өмнө эгчид нь багтаа тоглох санал нэг бус удаа тавихад “Би багаа солихгүй ээ. Үндэсний дээд лигийн тоглолтоос багийнхантайгаа нэг удаа ч гэсэн медаль хүртэх бодолтой байна” гэж хэлээд татгалзсан гэдэг. Тус багт олны танил тамирчид тоглодог тул гишүүдийнх нь нэг болохоос илүү өрсөлдөгч нь болж тоглох түүнд сонирхолтой санагджээ. Ингэж шийдсэн нь өөрийгөө хөгжүүлж, урагшлахад багагүй нөлөөлсөн аж. Тэрбээр энэ тухайгаа “Надад “Алтайн барс”-т үлдэх шалтгаан бий. Миний хувьд амжилтын төлөө багийнхантайгаа эцсээ хүртэл тоглоод үр дүнд хүрье гэж зорьсон” хэмээн өгүүлсэн удаатай.
“Энагура” багийн захирал Жан Жин Хун Сэлэнгэ аймагт болсон өсвөр үе, залуучуудын УАШТ-ийг очиж үзэхдээ дүүг нь олж хараад багтаа авах санал тавьсан байна. Дүү нь ч тэдэнтэй нэгдэж, тоглох сонирхолтой байсан тул аав, ээж нь зөвшөөрсөн аж. Тэд одоо охидынхоо үнэнч хөгжөөн дэмжигч. Д.Анужинг “Глобал” дээд сургуулийн оюутан болоход сургалтын төлбөрийг нь бүрэн дааснаар “Энагура” багт холбогчийн байрлалд тоглож эхэлсэн юм. Оюутан цагийн он жилүүдэд хичээлдээ гүйхийн хажуугаар бэлтгэл хийж, тэмцээнд оролцох түүнд амаргүй санагддаг байсан ч жил бүрийн намар зохион байгуулдаг оюутны лиг, их, дээд сургуулиудын аварга шалгаруулах тэмцээнээс медальтай ирж, багш нар, ангийнхаа нөхдийг баярлуулдаг болжээ. Энэ тухайгаа тэрбээр өгүүлэхдээ “Өглөө нь бэлтгэлээ хийчихээд, шалгалт өгөх гээд гүйж явснаа мартдаггүй. Тэр үед тамирчин байхын хэцүүг мэдэрч билээ. Бэлтгэлийн хажуугаар шалтгалтад бэлтгэж, нойргүй хононо гэдэг хүнд. Хүмүүс волей болын тамирчдыг эрсдэл багатай гэж ойлгодог. Бид бөмбөгтэй харьцдаг болохоор тэмцээний үед шагай, өвдөг, гарын хуруугаа гэмтээх нь. Тиймээс бэртлээс хол байхыг үргэлж хичээдэг. Спортын салбарт олон танилтай болсондоо баярладаг. Волейболоор тууштай хичээллэхийн тулд өөрийн дуртай зүйлээс татгалзсан удаа олон. Ерөнхий боловсролын сургуулийн багш нар маань “Чи спортоор хоолоо олж идэхгүй дээ” гэж шүүмжилдэг байхад би тамирчин болно гэж зүтгэсэн хүн шүү дээ. Олон зүйлийг золиосолж, мөрөөдлийнхөө төлөө тэмүүлсэн. Арай гэж чөлөө авчихаад сургууль руугаа медальгүй орохоос ичиж, халгадаг үе бишгүй байв. Тэмцээнээс шагналтай ирж, ангийнхаа хаалгыг нүүр бардам татсан үе ч бас бий. Тамирчин хүн үг даадаг, хувийн өндөр зохион байгуулалттай байж амжилт гаргадаг. Магтсан ч баярлахгүй, шүүмжилсэн ч гомдохгүй зөв төлөвших ёстой” гэсэн юм.
ТЭД ГЭРТЭЭ БАГИЙНХАА ТОГЛОЛТЫН ТАЛААР ЯРЬДАГГҮЙ
Аав нь томоохон тэмцээний үеэр холбогдож, “Чи өнөөдөр дүүгийнхээ багийнхантай тоглох нь. Манай охинд хожигдоно доо” гэж цаашлуулж, хор шарыг хөдөлгөнө. Харин ээж нь “Та хоёр хоорондоо таарах юм уу, яана даа” гээд сэтгэл зовнино. Тэмцээний дараа аав нь “Чи дүүдээ хожигдсон байлгүй. “Алтайн барс”-ынхан “Энагура”-гийнхныг лигт хожихгүй л дээ” гэж хурцална. Түүнийг волейбол анх тоглоход гэрийнхэн нь эхэндээ анзаараагүй аж. Бэлтгэл хийхээр заал руу явахад нь “Чи ер нь юугаар л хичээллэх гээд байна даа” гэж гайхдаг байж. Тухайн үед Сэлэнгэ аймагт мэргэжлийн дасгалжуулагч байгаагүй тул дуртай спортынхоо дугуйланд явсан ч ур чадвараа төдийлөн ахиулж чадаагүй аж. Түүнийг аравдугаар ангийн сурагч байхад дасгалжуулагч Г.Баярсайхан, О.Наранбаатар нар нутагт нь очиж, волейбол тоглох сонирхолтой хүүхдүүдийг бүртгэж, сонгон шалгаруулж авсан нь тамирчин болохоор тэмүүлсэн хүсэл мөрөөдлийнх нь эхлэл байв. Тэд сонгож авсан хүүхдүүдийн ар гэрийнхэнтэй нь уулзаж, ярилцах үед аав, ээж нь том охиноо волейболоор хичээллэж байгааг мэджээ.
Д.Анужин, багийнхаа ахлагч С.Булгантамирын хамт 2022 онд БНСУ-ын Мукпу хотын биеийн тамирын их сургуульд сурахын хажуугаар волейболын шигшээ багт нь урилгаар нэг хэсэг тоглосон. Д.Үнэнтуяа дүүгээ тус хотын биеийн тамирын их сургуульд сурахаар явахад их баярлаж, сурахын зэрэгцээ волейболын лигт тоглоосой гэж боддог байж. Дүү нь тэндхийн дээд лигт тоглох сонирхолтой. БНСУ-аас ирээд эгчдээ “Манайхан солонгосчуудаас хурд тааруу юм. Тэдний бэлтгэл монголчуудынхаас үнэхээр өөр юм байна” гэжээ.
Хэдийгээр төрсөн эгч дүүс ч гэлээ тэмцээний үед багийнхаа тоглолтын тактикийг нууцалдаг уу хэмээн сонирхож асуухад “Бид гэртээ тэмцээн, тоглолтын талаар яриа өрнүүлдэггүй. Би дүүгээсээ “Танай багийнхнаар сонин юу байна. Энэ удаагийн тоглолтод хэн, хэн багаас чинь оролцох вэ” гэх зэргээр ойр зуурын зүйл асуудаг юм. Дүү ч надад багийнхаа тоглолтын талаар ярьдаггүй. Миний хувьд тэмцээн дөхөхөөр байгууллагынхаа удирдлага, хамт олонтойгоо ярилцаж ажлаа зохицуулдаг. Өмнөх өдөр нь бүх зүйлээ зэхэж, тоглолт эхлэхээс цагийн өмнө хувийн бэлтгэлээ хангадаг юм. Биднийг волейбол олон талаар өөрчилсөн шүү. Тамирчин болсноор хатуужил тэвчээрт суралцаж, хүний хэлсэн шүүмж, магтаалыг дааж сурлаа” гэж хариулсан юм. Энгийн үед эгч дүүс, тэмцээний талбарт мөнхийн өрсөлдөгч болдог тэд “Үндэсний дээд лиг-2022”-д “Энагура” багт нэгдэн тоглосон нь анхны тохиолдол байв. Түүнээс хойш Д.Анужин лигийн шилдэг холбогчоор нэг бус удаа шалгарч, өнгөрсөн жил эгчийнхээ адил ОУХМ цол хүртсэн. Тэгвэл 2025-2026 оны дээд лигт Д.Үнэнтуяа оролцоогүй. Тэрбээр ээж болсон тул энэ удаа өнжиж, багийнхныгаа дэмжиж үзжээ. Харин Д.Анужин туршлагатай тамирчдаар шинэ баг бүрдүүлэн дээд лигт “тоос өргөсөн” “Минтонетт говь” клубийнхэнтэй нэгдэн тоглож, лигийн аваргаар шалгарав. Түүний тоглодог “Энагура” багийнхан нэрээ өөрчилж, лигт “Дархан могулс” нэрээр оролцсон юм.