Жил бүрийн арванхоёрдугаар сард Олон улсын уулын өдөр тохиодог. Хэдийгээр товлосон өдөр нь 11 боловч сарын туршид олон улсад таниулах, сурталчлах, уулчид хайрхнуудад хүндэтгэл үзүүлэх зэргээр төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг. Уулс болон тэдгээрийн бүс нутаг, экосистемийг хамгаалах, өндөрлөг газарт амьдардаг хүн амыг дэмжих зорилгоор НҮБ 2003 онд энэ өдрийг тэмдэглэхээр санаачилжээ. Уул гэхээр хүмүүс өндөрлөг газар, мод, ургамал, амьтан гэж л төсөөлдөг бол үнэндээ энэ нь гаргийн усан сангуудын амин эх. Тодруулбал дэлхийн хуурай газрын дөрөвний нэг, 24 хувийг эзэлдэг уулс бол ихэнх гол, мөрний эх үүсвэр. Уулнаас төрсөн гол, мөрөн урсан өнгөрсөн газар бүрийг амилуулан явсаар эх дэлхийн их сангуудад цутгах эргэх холбоотой. Тэгвэл хүн төрөлхтний аравны нэг нь буюу НҮБ-ын мэдээлснээр барагцаагаар 1.1 тэрбум хүн өндөр уулын бүс нутагт амьдардаг.
Уулс, нурууд бүр өөрийн онцлогтой. Тэдгээрийн экосистемийг газарзүйн байршилд нь зохицсон эндемик ургамал, амьтдын төрөл, зүйлс бий болгодог. Дэлхийн биологийн олон янз байдал /гараг дээрх амьдралын бүх хэлбэр буюу аливаа төрөл зүйл, ген, экосистемүүд/-ын бараг тал хувь нь уулархаг бүсэд бүртгэгдсэн нь амьдралын эх булаг болохыг батлах нэгэн жишээ. Ийм эх булаг болсон уул, нуруудын экосистем хурдацтай доройтож байгаа нь ихэвчлэн хүний буруутай үйл ажиллагаатай холбоотой. Хамгийн сүүлийн үеийн баримтаар уулсын төрөл, зүйл, тоо толгой нь урьд өмнө байгаагүйгээр хурдацтай буурч, амьдралыг тэтгэх систем доройтон суларч байна. Уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, байгалийн нөөцийн хомсдолд онцгой өртөмтгий бүс нутагт уулс багтдаг болохыг мэргэжилтнүүд сануулсаар иржээ. Тэгэхээр уулсыг хамгаалах нь дэлхий нийтийн хүнс, ус, уур амьсгалын аюулгүй байдал, амьдралын эх булгийг аврахтай утга нэг асуудал гэдгийг эрдэмтэд онцолдог. Дэлхийн уулын өдөртэй холбогдуулан олон улсын албан ёсны эх сурвалжуудад тулгуурлан сүүлийн үеийн мэдээллийг хүргэе. Түүнчлэн дэлхийн хамгийн өндөр, нам, өргөн хайрхнууд, нурууд болон бүс нутгийнх нь талаар түүвэрлэлээ.
ЛАВЛАХ: 500 метрээс дээш өндөрт таслагдсан, шугам, нум хэлбэртэй, хуурай газрыг уул (уулын систем) гэдэг. Уулс хавцал, оргил, хавтгай гадаргуу гэх мэт янз бүрийн төрлийн усны хагалбартай. Уулс хоорондын сав газарт, хөндийд нуурууд бий.
Талбайн хэмжээ, бүтэц, наснаас хамааран уулсыг арлын, уулын массив буюу бүлгүүд, нурууд, уулсын систем, уулархаг орнууд, уулын бүслүүр гэж ангилдаг. Ази тивийн газар нутгийн 64, Австралийн 17, Америкийн өмнөд болон хойд хэсгийн 22-36, Африкийн гурав, Европын 25 хувийг уулсын нурууд эзэлдэг.
Уулсыг орой хэсгийн “төлөв”-өөр нь оргил, бөмбөгөр, тэгш өндөрлөг хэлбэртэй гэж ангилдаг байна. Уулс зөвхөн хуурай газарт байхгүй. Далай, тэнгист бий бөгөөд тийм тохиолдолд уулын оргил нь арал ч байж мэднэ. Гарал үүслийнх нь хувьд тектоник денудатын, галт уулын гэж ангилдаг.
Уул, түүний бүс нутгийн доройтолд олборлолт хамгийн их нөлөөтэй. Уул уурхай, металл боловсруулах үйлдвэрлэл, мод, жимс, жимсгэний олборлолтыг Засгийн газрууд янз бүрийн аргаар зохицуулахаар ажиллаж, орлох технологийн эрэлд гарч байна. Гэвч энэ нь хангалтгүй, уулс биднийг хүлээж авахаа болих цаг ирэхийг үгүйсгэхгүй гэж байгаль хамгаалагчид үздэг.
ИХ ГҮРНҮҮДИЙН БАЛАГ
Нэгдсэн улсын Тагнуулын төв газар 1965 онд Хималайн нуруунд нууц ажиллагаа явуулах үеэрээ плутонийн хөдөлгүүрт цөмийн генератор “алдсаныг” 60 жилийн турш нууцалж ирсэн талаар “The New York Times” сонин энэ сарын 14-нд мэдээлэв. Энэтхэгийн тагнуулынхантай хамтран Хималайн нуруунд Хятадыг тагнах зориулалттай, 22 кг жинтэй эл үүсгүүр нь өдгөө тэр бүс нутгийн бүх эко систем болон хоёр тэрбум гаруй хүний амьдралд бодит заналхийлэл болсныг уг нийтлэлд тулгуурлан олон улсын хэвлэлүүд дурджээ.
Тухайн үед нууц үйл ажиллагаанд оролцсон ажилтнууд байгалийн хүнд нөхцөл байдлаас амиа аврахын тулд цөмийн төхөөрөмжийг уулын энгэрт үлдээсэн талаар 1978 онд хэвлэлээр анх цацагдаж байжээ. Үүнээс улбаалан Энэтхэгийн тал Нандадеви /Гималайн нурууны Уттаракханд бүс нутагт хамаарах уг уулын үнэмлэхүй өндөр 7816 м. 1808 он хүртэл дэлхийн хамгийн өндөр оргилд тооцогдож байсан, өдгөө 23-т эрэмбэлэгддэг бөгөөд далайн түвшнээс дээш 7816 метрт оршдог, ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэлтэй/ уулын ойролцоо цацраг идэвхт бодис илрүүлэх хяналтыг үе үе хийж ирсэн аж. “The New York Times”-ын эрэн сурвалжлах нийтлэлд тэмдэглэснээр генераторын цөмийн элементүүд нь уул, нурууд төдийгүй Ганга зэрэг Энэтхэгийн гол, мөрнийг бохирдуулж болзошгүй учраас нөхцөл байдал ноцтой байна. Хэдэн арван дамнан “нам гүм” өнгөрчээ. Гэхдээ жил ирэх тусам нөхцөл байдал улам түгшүүртэй болно. Сав нь зэврэх, температурын өөрчлөлтөөс үүдэн хагарах, хад, чулуу, мөсөн голын хөдөлгөөнөөс болж эвдэрч болзошгүй. Энэ нь дэлбэрэх үед мөөг шиг үүл үүсгэхгүй ч өргөн уудам газар нутагт цацраг идэвхт тоос цацагдана. Плутони бол хамгийн хортой элементүүдийн нэг. Өчүүхэн хэмжээ нь хорт хавдар үүсгэхэд хангалттай. Хималайн нурууны алслагдсан суурин газруудын оршин суугчид, байгаль орчныг хамгаалагчид, улс төрчид түгшүүр зарлалаа. Хэрэв плутони усанд орвол гамшиг нүүрлэнэ. Хорт хавдар, генийн мутаци, хордлого гэхчлэн үр дагавар нь хэдэн арван жил үргэлжлэх нь ойлгомжтой. Цаашлаад дэлхийд данстай бүхэл бүтэн уулс, нуруудын тогтолцоо арчигдахад хүрч мэдэх юм. Плутони өөрөө алга болдоггүй. Түүний хагас задралын хугацаа 24 000-аас дээш жилээр хэмжигдэнэ. Энэ нь хэдэн арван мянган жилийн дараа ч үхлийн аюултай хэвээр байхыг мэргэжилтнүүд сануулжээ.
Тус сонины редакц аюулгүй байдлын мэргэжилтнүүдийн үгийг дамжуулсан юм. Уулсын өндөрт, цас, мөсөн хучлага доор хаа нэгтээ плутони агуулсан төмөр хайрцаг байгааг мартаж болохгүй. Плутонийг хар гартнууд олбол бас л өргөн хэмжээний аюул тарих талаар сэрэмжлүүлсэн байна. Ийм материал бол террористуудын мөрөөдөл. Стратегийн давуу талын төлөөх өрсөлдөөний жишээ үүгээр тогтохгүй, цөмийн реактортой живсэн шумбагч онгоц, цацраг идэвхт хаягдалтай орхигдсон цэргийн баазууд, алдагдсан зэвсэг, тоног төхөөрөмж гээд олон түүх бий. Гэхдээ энэ нь тусдаа сэдэв учраас энэ хүрээд орхиё. Ташрамд өгүүлэхэд, 1966-1968 онд уг генераторыг хайхаар 12 удаа тусгай багийнхныг илгээсэн ч анхны ажиллагааны үеийн хуаранг олоогүй. 1967 онд америкчууд Нандадевигийн зэргэлдээх Нанда Кот оргил (6861 м) дээр мөн л төхөөрөмж суурилуулсан. Гэхдээ жилийн дараа тагнуулын хөтөлбөрөө зогсоож, бүх тоног төхөөрөмжийг задалсан гэдэг.
ХАМГИЙН ХАМГИЙН
•Уулсын үүсэл геологийн янз бүрийн эринтэй холбоотой бөгөөд хамгийн эртнийх буюу настай нь Африкийн Эсватини улсад орших Махонжва. Барбертоны ногоон чулуут нуруу хэмээн алдаршсан энэхүү уулын тогтолцоо ойролцоогоор 3.6 тэрбум жилийн өмнө солирын нөлөөгөөр үүссэн буюу дэлхийн амьдрал, тивүүдийн үүслийн гэрч юм. Мэргэжилтнүүд “амьдралын эхлэл, амьд сурах бичиг” хэмээн тодотгодог эл нуруу ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэлтэй.
•Тэгвэл насны хувьд хамгийн залуугаас гадна хамгийн өндөр уулын тогтолцоо бол Альп, Гималайн нуруу. Ойролцоогоор 50-25 сая жилийн тэртээд тектоник хавтангууд мөргөлдсөний улмаас үүссэн. Мэргэжилтнүү дийн тэмдэглэснээр энэ үйл явц өнөөг хүртэл үргэлжилж буйн илрэл нь шинэ нурууд үүсэж, эртнийхүүд нь улам тэлж байна. Өдгөө ч дэлхийн царцдасын өргөлт, эсвэл галт уулын дэлбэрэлт, хагарлын улмаас уулс бий болсоор буй. Өөрөөр хэлбэл, уулс үүсэх, сүйрэх үйл явц газар хөдлөлт, оргилуудын өсөлтийн тасралтгүй хөдөлгөөн буюу газрын гадаргын байнгын өөрч лөлтийн илрэл, онцлог шинж чанар аж.
•Дэлхийн хамгийн уулархаг улс бүгд Азийнх. Жагсаалтын эхэнд бичигдсэн, Хималайн нурууны зүүн хэсэгт оршдог Бутан тэр аяараа буюу нийт нутгийнх нь 98.8 хувь нь уул. Мөн Тажикистаны 91.9, Киргизстаны 90.7 хувийг тэнгэрээс “зүүгдсэн” хуурай газар эзэлдэг аж. Өндөр оргилуудынхаа тоогоор Балба, Төвд (Хятад) тэргүүлдэг.
•Дэлхийн хамгийн өндөр уулыг Эверест гэдгийг бүгд мэднэ. Гэхдээ уулсыг харьцангуй болон үнэмлэхүй өндрөөс нь хамаарч нам болон өндөр гэж ангилдаг. Харьцангуй өндрийн хэмжээгээрээ дэлхийд тэргүүлэгч нь Мауна Кеа буюу Цагаан уул. Энэ нь Хавайн арлуудын идэвхгүй, бамбай галт уул, өндөр нь 4205 метр. Далайн түвшнээс 4205 метр өндөрт оршино. Гэхдээ усны ёроолоос хэмжихэд 10 000 гаруй метр буюу гаргийн хамгийн өндөрт тооцогдоно. Өвлийн улиралд цас, мөсөөр хучигддаг “Цагаан”-аагийн оргил хэсэг гэрлийн бохирдолгүй гэдгээрээ алдартай. Тиймээс дэлхийд алдартай, сансрын ажиглалтын төвүүд тэнд байрладаг. Тэгвэл хамгийн өндөр уул болон оргил бол Эверест буюу Жомолунгма. Балба, Хятадын хил дамнасан, Махалангур Хималайн нурууны нэг хэсэг болсон Эверест 8848.86 метр өндөр. Энэ үзүүлэлтээр Америкийн өмнөд болон хойд хэсэгт орших Аконкагуа, Денали (6959-6194), Африкийн Килиманжаро (5895), Европын Эльбрус, Монблан (5642-4808), Антарктидын Винсон Массиф (4897), Австралийн Косцюшко (2228) жагсаж байна. •Хуурай газрын хамгийн урт сунаж тогтсон уул бол Америкийн өмнөд хэсэг дэх Андын нуруу бөгөөд 9000 км үргэлжилдэг. Долоон улсын нутаг дэвсгэрт оршиж, Америкийн хамгийн өндөр Аконкагуа зэрэг олон оргилыг “тээдэг” тогтолцоо юм. Харин усан доорх нурууг тооцвол гаргийн хувьд тэргүүлэгч нь 65 000 км үргэлжилдэг Далайн дунд нуруу. Далайн ёроолд тектоникийн нөлөөгөөр үүссэн уулын систем бөгөөд дунджаар 2600 метрийн гүнд оршино.
•Уулыг намхан, усыг гүехэн гэж басахыг монголчууд эртнээс цээрлэж ирсэн. Байгаль эхэд муу зүйл огт байхгүй, хүний зохисгүй үйлдлээс үүдэлтэй гашуун зүйлс тохиолддогийг сануулсан сургаал буй, за. Гэхдээ өндрийн хэмжээгээрээ хамгийн намханд тооцогдох уулаар Мальдивын Виллингили буюу Виллас бичигджээ. 5.1 метр өндөр бөгөөд дэлхийн хамгийн намхан уул гэх ч бусад стандартаар бол энэ нь толгод юм. Өмнө нь 2.4 метр өндөр толгод Мальдивын хамгийн өндөр цэгт тооцогддог байв. Энэ жагсаалтад багтсан Японы Бентенг уулын хамгийн нам цэг нь зургаан метр. Жич өгүүлэхэд эдгээр нь тэгш арлууд болон бусад жижиг өндөрлөгтэй харьцуулсан үзүүлэлт аж.
•Балбын Аннапурна (8091 м)-г уулчдын эрлэг гэдэг. Энэ нь оргилд хүрэхээр явсан уулчдын 40 орчим хувь нь тэнгэрт хальсантай холбоотой. Дэлхийн хамгийн аюултай уул ч гэдэг. Энэхүү “хар” эрэмбэд техникийн хүндрэл, нас баралтын улмаас мөн “Зэрлэг уул” гэгддэг К2 (8611), “Алуурчин уул” Нанга Парбат (8126) бичигджээ.
Э.Хана