“Түүний гарт хүрэх гэж үүр цайна
Харц тулгарахад би дуртай
Хэлэх үг хэрэггүй
Уруулыг чинь уушгилъя, уртаар” зэрэг хит дуу олонтой, гудамжны яруу найргийн эгшиг бас хөг гэгдэх “Опозит” хамтлагийнхантай ярилцлаа.“Микрофон тооллын гуравдугаар он” цомгоо тэд хамгийн анхны, гоё нь гэж тодорхойлсон юм. “Опозит”-ынхон буюу Г.Энэрэл, А.Гантулга нар ирэх бямба гарагт “Songs n’roses” тоглолтоо хийх гэж буй. Дуугаараа бусдыг “тэвэрч”, нөмөр түшиг болдог тэдэнтэй яриа дэлгэхээр бид болзов.
-2000-аад оны альтернатив рок урсгалын томоохон төлөөллүүдийн нэг нь Ганг (“Madness” хамтлагийн анхны соло гитарчин, ая зохиогч Г.Ганхуяг) агсан гэдэгтэй олон хүн санал нийлэх болов уу. Түүний “Дурлал юу хүснэ вэ”-г бодох төдийд л Daisy (дуучин Д.Дэлгэрцэцэг) “Айлчилж ирсэн зүүд чихэнд шивнэсэн үг” хэмээх нь сонсогдоод байдаг. Дуучид аливаа уран бүтээлийг ремикс хийхдээ анхны хувилбараас нь долоон доор болгочихдог талтай. Харин та бүхэн эл дууг “Сэрж чадамгүй дурлал” болгон сэргээн дуулахдаа их “тэнцвэртэй” ханджээ гэж бодогдсон.
Энэрэл: -“Бага тойрог”-той хамтран хийх ажлуудынхаа талаар өнгөрсөн нэгдүгээр сараас л төлөвлөсөн. Тэр дундаа амьд хөгжимтэй дуу хийх зорилготой байсан юм. “Ямар бүтээл хийх вэ” гэж бодож байтал эл дууны аялгуу л орж ирээд. Урьд нь “Дурлал юу хүснэ вэ”-гийн хөг, эгшигт татагдаж сонсдог байсан бол энэ удаа үг, утгад нь гүнзгий автсан.
Гантулга: -Энэ чинь хүмүүсийн “аймар” хайртай дуу шүү дээ. Тиймээс анхны хувилбараас нь илүү болгодоггүй юм гэхэд дордуулчихгүйг л хичээсэн дээ. Шүлгээ бичихдээ энгийн, ойлгомжтой үгс ашиглахад түлхүү анхаарсан юм байна. “Бага тойрог”-ийнхон их чадварлаг залуус, өвч зэвсэглэсэн гэдэг шиг л. Мэргэжлийн хөгжимчидтэй, уран бүтээлийн цогц баг. Цаашид хамтарч их зүйл хийх болов уу. Яг үнэндээ бид маргааш ч тоглолтоо хийхэд бэлэн байна.

А.Гантулга, Г.Энэрэл нар. Үндэсний соёл амралтын хүрээлэн. 1997 он
-Хип хоп анх үүссэн цагаасаа л залуусын дуу хоолой байсаар ирэв. Гэхдээ зарим уран бүтээлч тодорхой урсгалд баригдаж, тэрхүү “хайрцаг”-аасаа гарч чадахаа больчихсон шиг санагддаг. Тэгэхээр хип хопын мөн чанар нь юу болж таарах вэ?
Энэрэл: -Хүн үргэлж хип хопынхоо тэргүүнд. Хип хоп бол зүгээр л хэрэглэгдэхүүн шүү дээ. Ийм урсгалаар дуулдаг гэхээр л “хатуу” итгэл үнэмшилтэй гэж ойлгож болохгүй. Таны хэлсэнчлэн энэ нь үүссэн цагаасаа л залуучуудын дуу хоолой байлаа.
-Гэхдээ урьд нь хип хоп илүү хүчтэй, зоргоороо байсан нь үнэн шүү дээ. Тухайн цагийн хит дуу, хуучны репперүүд үнэхээр л бут авдаг байсан.
Энэрэл: -Шаардлага байсан болохоор л тэр. Хэцүү цаг үе хүчирхэг хүмүүсийг төрүүлж, хүчирхэг хүмүүс сайхан цаг үеийг авчирдаг гэдэг шиг.
-“Хамгийн сайхан нь” (2014) кино дүрслэл, зураглалаас авхуулаад шүүмжлэл дагуулах зүйл ихтэй ч тун сайн зохиолтой гэж үзэгчид үнэлдэг. Энэрэл, Гантулга гэж ийм л хүмүүс болов уу гэж бодогдмоор.
Гантулга: -Зохиолын жанжин шугам буюу агуулга нь давгүй болохоор хүмүүст их хүрсэн гэж боддог.
Энэрэл: -Ер нь тэр кинонд нэг их жүжиглэсэн юм уу (инээв).
Гантулга: -Гаднын кинонууд хөлс, баас, шивэр нь үнэртэх нь холгүй, яг л хажууд нь байгаа юм шиг тийм зураг авалт, энгийн шийдэлтэй шүү дээ. Тийшээ жаахан ч болтугай дөхүүлэх гэж зорьж ажилласан юм. О.Батзориг найруулагчтай хэд хэдэн уран бүтээлд хамтарсан.
-Өнөөдрийн Энэрэл, Гантулга хоёроос юу нь хуучнаараа үлдэж, юу нь хамгийн их өөрчлөгдсөн бол?
Энэрэл: -Гантулга багадаа номын цагаан солио тусаж байсан юм билээ.
Гантулга: -Үгүй шүү. Харин аав, ээж хоёр “Тусчих вий” гэж санаа зовдог байсан нь үнэн. Ер нь унших номынхоо тоог багадаа гүйцээчихсэн. Гурван настайдаа уншиж сурсан байх аа. Би өдөр бүр нэг үсэг ааваас асуудаг байсан юм, “Энэ ямар үсэг вэ” гээд. Харин Энэрэл багадаа зохион бүтээгч болно гэж ярьдаг хүүхэд байсан.
Энэрэл: -Тийм бил үү?
Гантулга: -Зорилгодоо хүрсэн л байна шүү дээ. Дуу зохион бүтээгч болсон байна.
-Та бүхэн нэгэн ярилцлагадаа “Опозит”-ынхон дуунаас их зүйл хүлээж байгаагүй” гэсэн байна лээ. Тэгвэл дуу хийж яах юм бэ?
Гантулга: -Өөрийгөө л чөлөөлж буй хэрэг. Хүн яах гэж өдрийн тэмдэглэл бичдэг юм, хүнд уншуулахгүй юм бол. Тийм биз дээ, түүнтэй ижил.
Энэрэл: -Хүмүүс дууг маань сонсож, байнга ФМ-ээр явдаг болоосой гэж бодож л эхэлсэн. Мөн дууг хэрхэн хийдгийг сурах л сонирхолтой байсан. Гантулга: -Тийм. Яаж хийдгийг нь мэддэг болох гэж явсаар байтал нэг л мэдэхэд бидний дууг хүмүүс мэддэг болчихсон байв шүү.
-Ингэхэд “Опозит”-ын эхэн үеийн дуунуудын хөгжмийн найруулгад Энэрэлийн төрсөн дүү ажилладаг байсан гэж дуулсан юм байна.
Энэрэл: -Тэр хөгжим хийхээ огт больсон зүйлгүй. Эргэн ирж магадгүй л юм.
-Ингэж асууж буйд уучлаарай. Гэхдээ “Чи банзал, усан тэнэг, худалч, цамаан, дэвсгэр” гэж дуулдаг байсан хуучны “Опозит” өнөө хэтэрхий нялзрай болсон санагддаггүй гэж үү?
Энэрэл: -Өсвөр насны хэнэггүй зантай, “эмо”, эрээ цээргүй, хүмүүжил, төлөвшилгүй байсан үе. Харин одоо бол илүү зөв байх гэж хичээнэ. Бас юмсыг арай өөр талаас нь харж эхлэх цаг болсон.
Гантулга: -Одоо бид нас бие гүйцчихсэн, өөрөөр хэлбэл, “хөгширч” буй учраас залуу үедээ үлгэрлэж, хэлэх, хэлэхгүйгээ бодох ёстой. Бас нялзрай болчихсон гэж хэлэх нь ч дэгс байх. Харин “хуучны” гэгдэх “Опозит”-ын өнгө төрх эргэн ирвэл гоё байж магадгүй л юм.
-Та бүхэн яагаад бусад реппер шиг үнэтэй машин, мөнгө дуулдаггүй юм бэ. Энэ нь илүү ашигтай биш гэж үү?
Энэрэл: -Бидний мэдэрдэг зүйл зөвхөн хайр л байх. Хүн тэгээд мэдэрдэг зүйлээ л дуулдаг байлгүй дээ.
-Хайр дуулахад хамгийн хэцүү нь юу вэ. Ядаж л хаягдаж, түүндээ шаналж үзсэн байх хэрэгтэй болов уу.
Энэрэл: -Бидний дуулдаг сэдэв үр хүүхдээ хайрлах хайр руу хувирч буй.
Гантулга: -“Төдийгөөс өдий хүртэл хамт байсанд баярлалаа” гэсэн сэтгэгдэл зөндөө ирдэг. Төдийгөөс өдий хүртэл сонсож ирсэн хүмүүстээ ч бид талархдаг.
-“Хэрвээ би хүүхэд насны амьдралаасаа бүгдийг өөртөө тусгаж авсан бол одоогоос тэс өөр байх байсан. Тиймээс эсрэгээрээ болох гэж хичээж ирсэн болов уу” гэж ярьснаа та тайлбарлахгүй юу?
Гантулга: -Намайг жааханд буруу үлгэр жишээ авах зүйл их тохиолдож байсан байх аа. Хүрээлэл, гэр бүлээс эхлээд. Нийгмийн шилжилт болоод удаагүй бужигнаантай үед буруу замаар орох, сөрөг зүйлд автах эрсдэл хаа сайгүй байсан болов уу. Түүнд шүүлтүүртэй хандаж байсан тулдаа өнөөдрийн Гантулга байгаа. Хэрэв би тэр үеийн “бүтээгдэхүүн” болоод дуусчихсан бол юун тайз, дэлгэц.
-Тэгвэл Энэрэлээс асууя. Одоогоос 10 жилийн өмнө та нэгэн нэвтрүүлгийн үеэр “Харамсал, гунигтай цуг амьдарч сурах ёстой, бид” хэмээсэн. Та одоо ч энэ бодолдоо үнэнч үү?
Энэрэл: -Зарим зүйл эргэж олдохгүй. Хувь хүнийхээ хувьд би харамсах зүйл ихтэй. Харин “Опозит” хамтлагаа байгуулж, Гантулгатай учирсан нь аз зол, хувь заяа гэж боддог.
Гантулга: -Түүнтэйгээ цуг амьдрах чинь л амьдрал биз дээ, тийм үү. Сүүлд лав бид хоёр ярилцаад сууж байхад наад өнцөг чинь өөрчлөгдсөн юм шиг санагдсан. “Хоёулаа чинь харамсаад байх юмгүй гоё амьдарсан л юм байна шүү дээ” гэж. Хүн харамсалгүй амьдарна гэж байхгүй. Амьдрал бол сонголтуудын нийлбэр. Харамсаад, шаналсан ч тэр нь гоё. Би бол хүн хийж амжаагүй зүйлүүдээ бодож л харамсдаг болов уу гэж боддог шүү.
-Бас мэдэрч чадаагүйдээ.
Энэрэл: -Зарим харамсал өөрөөс чинь ч шалтгаалдаггүй байж болох юм.
-Гэхдээ “Опозит”-ын хувьд харамсал гэж байхгүй биз дээ?
Гантулга: -Яг тийм. Энэрэл: -Опозит бол гоё хөгжим.
-Гантулга та бүрмөсөн эндхийн суурин иргэн болсон уу?
Гантулга: -Мэдэхгүй юм. Дахин гадагшаа явах талаар бодож л байгаа.
-Та бүхэн 10 жилийн өмнө төсөөлж байсандаа хүрсэн юм шиг санагдаж байна уу?
Гантулга: -Ер нь анх хамтлаг байгуулахад ч надад лав очих цэг харагдаж байгаагүй. Зүгээр л дуу хиймээр байсан. Түүндээ ч бид хүрсэн.