Японд өнгөрсөн ням гаригт болсон парламентын ээлжит бус сонгуульд анхны эмэгтэй Ерөнхий сайд Санаэ Такаичигийн тэргүүлж буй эрх баригч Либерал-ардчилсан нам (ЛАН) ялалт байгууллаа. Консерватив эвсэл парламентын доод танхимд гуравны хоёроос давсан суудалтай болж, Үндсэн хуулийн олонх болсноор сөрөг хүчнийг “үл тоон” үзэл бодол, санал санаачилгаа хэрэгжүүлэх боломжтой болов. Тус нам парламентын 465 суудлын 316-г нь авчээ. Ингэснээр дээд танхимаас хориг тавилаа ч тэр нь нөлөөлөхгүй, бас Үндсэн хуульд ЛАН нэмэлт, өөрчлөлт оруулах эрхтэй болж буй юм. Урьд нь уг нам эрх баригч байсан ч ердөө 198 суудалтай, өөрөөр хэлбэл, парламентын суудлын тэн хагаст нь ч хүрэхгүй байсан юм.
Японы парламентын доод танхимд нэг нам дангаараа нийт суудлын гуравны хоёрыг эзэлж буй нь дэлхийн II дайнаас хойш анхны тохиолдол юм байна. 1955 онд үүсэн байгуулагдсан ЛАН-ын хувьд ч дээд амжилт аж. Нам нь ийм итгэлтэй ялалт байгуулсан нь улс төрийн хөтөлбөрөө урагш ахиулах таатай боломжийг Ерөнхий сайд Санаэ Такаичид олгоно гэж “Kyodo” сонинд бичсэн байна. Ерөнхий сайдын нэр хүндийг ч өсгөж байгаа юм гэж сонин тэмдэглэжээ. Сонгуулийн өмнө олны сонорт хүргэж байсан хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон шинжээчдийн таамаглал ЛАН-ын олох амжилтыг гүйцэд үнэлсэнгүй. Тэр таамаглалаар ЛАН 243 суудал авах байв. Зарим нь Инновацын намтай нийлээд 300 гаруйхан суудал авна гэж үзэж байжээ. “Сонгуулийн өмнөх амлалтаа биелүүлэхийн тулд бидэнд өндөр үүрэг хариуцлага ногдож байна” гэж сонгуулийн дүн тодорхой болсны дараа Такаичи мэдэгдсэн байна.
Гол сөрөг хүчин болох Төв үзэлт реформатор эвсэл парламент дахь төлөөллөө үлэмж бууруулж, 167 суудлаа ердөө 49 болгов. Тус эвсэл энэ оны нэгдүгээр сард бий болсон бөгөөд урьд нь ЛАН-тай нэг эвсэлд байсан “Комейто” болон Үндсэн хуулийн ардчилсан нам нэгдэж бий болгожээ.
Сонгуулийн албан ёсны дүнг зарлаагүй байхад Дональд Трамп Ерөнхий сайд Такаичид баяр хүргэв. Такаичиг дэмжиж буйгаа сонгуулиас өмнө ч Трамп илэрхийлж байжээ. Тэд 2025 оны аравдугаар сард Америкийн нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлгийн бүхээгт уулзаж байв.
Сүүлийн 36 жилд анх удаа өвөл сонгууль явуулсан нь энэ юм байна. Түүнээс гадна Японы түүхэнд анхны эмэгтэй Ерөнхий сайд болсон Такаичи хэдэн арван жил эрх баригч байж ирсэн ЛАН-ыг тэргүүлэх болоод удаагүй байхдаа зарласан ээлжит бус сонгууль байв. Нэг эвсэлд олон жил болсон холбоотноо алдаж, авлигатай холбоотой хэл ам болсон, зардал өссөнөөс парламент дахь олонхын суудлаа алдаад байсан ЛАН-ын хувьд энэ сонгууль эргэлт авчрах ёстой байлаа. Чансаа нь эрс унаснаас Такаичигийн өмнөх хоёр ч Ерөнхий сайд огцорсон байсан тул Такаичи өндөр байгаа өөрийн нэр хүндийг ашиглах зайлшгүй шаардлага ч байв. Гэтэл зардлыг нэмэгдүүлэхээр Такаичи төлөвлөж буй нь улсын нь өр хөгжингүй орнууд дотроо толгой цохих болсон, Японы эдийн засаг суларч буйд тус болно гэдэгт шүүмжлэгчид ам муутай байв. Такаичигийн хувийн нэр хүнд энэ сонгуульд ЛАН-ын үзүүлэх үр дүнг аль нэг байдлаар дээш татна гэж үзэх ажиглагч ч цөөнгүй байж. Энэ бүхний хажуугаар цаг агаарын байдал, ялангуяа умард болон зүүн бүс нутагт цас их орсон нь сонгогчдын оролцоонд нөлөөлөх магадлал бас байлаа. Албан ёсны мэдээгээр 4.6 сая шахам хүн сонгуульд оролцсон нь 2024 онд болсон сүүлчийн сонгуулийнхаас 2.5 хувиар бага байв. Санал өгдөг өдөр хэд хэдэн бүс нутагт, түүний дотор Ниигата мужид цас их унажээ. Тэр өглөө төмөр замын 37 шугам, усан онгоцны 58 маршрут хаагдаж, 54 нислэг хойшилсоныг Тээврийн яам мэдээлэв. Токиод ч цас орсон нь ховор үзэгдэл төдийгүй 2026 оны анхны тохиолдол байлаа.
Британийн Ерөнхий сайд асан Маргарет Тэтчерийг шүтэн бишрэгчийн хувиар Такаичи Японы “Төмөр хатагтай” болохыг эртнээс эрмэлзэж байсан нь нууц биш. Такаичи 2022 онд буудуулж амиа алдсан Ерөнхий сайд Шинзо Абэтэй бодол санаа нэгтэн, дэмжигч нь байж, хүчтэй батлан хамгаалах чадалтай байх, үндэстэн рүүгээ чиглэсэн бодлого баримталдаг нэгэн юм. Хүйсийн хийгээд гэр бүлийн талаар уламжлалт үзэл бодолтой ч 18-30 насны залуу сонгогчдын дунд тэрбээр нэр хүндтэй байдгийг нь санал асуулга харуулж байв. Өнгөрсөн оны аравдугаар сард Ерөнхий сайдын алба хаших болсноор Засгийн газрын нь нэр хүнд 70 хувиас дээш гарч ирсэн байна. Сонгуулийн өмнөх ЛАН-ын сурталчилгаанд Такаичи оролцсон бичлэгийг 10 хүрэхгүй хоногт 100 сая гаруй хүн үзсэн байв. 64 настай Такаичи түүнчлэн хувцас болон эмэгтэйчүүдийн эд хэрэглэлийн үлгэр загвар болж орхив. Түүний барьдаг хар савхин цүнх Японд лангуун дээрээс тэр дороо алга болж, анх сэтгүүлчидтэй уулзахдаа барьж байсан үзэг нь “халдвар” болж хувирах нь тэр.
Японы улс төрд нас ахисан эрчүүд л ноёлсоор ирснийг Токиогийн их сургуулийн социологич Юйко Фузита дурссан байна. Энэ эмэгтэй “Япончуудын хувьд дасал болоогүй гарал үүсэлтэй эмэгтэй хүн Ерөнхий сайд болсон баримт ямар нэг юм өөрчлөгдөж буй мэдрэмж төрүүлж байна” хэмээн хэлсэн байх юм. Такаичигийн хувийн нэр хүнд намынх нь төлөө саналаа өгөгчдийн тоог өсгөнө гэдэгт сонгууль болохоос өмнө бүгд итгэж байсан гэвэл худал болно. Софии их сургуулийн улс төр судлалын профессор Коити Накано “Энэ бол Ерөнхийлөгчийн сонгууль биш, парламентын сонгууль, ЛАН-аас нэр дэвшигчид ч үндсэндээ өнгөрсөн амьдралдаа тарьсан дуулиан шуугианаар нэрээ сэвтүүлсэн эрчүүд” гэж ВВС-гийн сэтгүүлчийн асуултад хариулахдаа хэлсэн байдаг. 2023 оноос л ЛАН-ын кабинетын дөрвөн ч сайд нь авлигын асуудлаар мөрдөн шалгагдаж, огцроход хүргэсэн хэл аманд орж ирсэн байна.
Ээлжит бус энэ сонгууль Такаичигийн хувьд эрсдэлтэй алхам байсан бөгөөд нам нь сөрөг хүчинтэйгээ өрсөлдөх байв. Өнгөрсөн хугацаанд ЛАН-ын түнш байсан Комейто нам парламентын доод танхимд томоохон сөрөг хүчний эвсэл бий болгохын тулд Үндсэн хуулийн ардчилсан намтай нэгдсэн байна.
Өөр нэг айхавтар саад байсан нь зардал нэмэхтэй холбоотой Такаичигийн гаргаж буй санал Японы санхүүгийн тогтворгүй байдлыг гүнзгийрүүлэхгүй гэдэгт сонгогчдыг итгүүлэх явдал байв. Түүний Засгийн газрын санал болгосон багц арга хэмжээ айл өрхийн аж ахуйд богино хугацаанд ашиг өгч болох ч “хөдөлмөрийн бүтээмж доогуур байгаа, бодит цалин орлого унаж буй гэх мэт үндсэн асуудлыг шийдэхгүй” гэж Австралийн үндэсний их сургуулийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, Ази дахинаар мэргэжсэн Масахико Такеда сонгуулийн өмнө бичсэн өгүүлэлдээ дүгнэсэн байв. Түүнээс гадна “Өөрийгөө Хятадад сөргүүлэн тавьснаар Такаичи гадаад бодлого, аюулгүй байдлын гүн ангалд оруулсан юм” гэж улс төрийн ухааны профессор Конти Накано үзэж байлаа.
Хэрэв Тайван руу Хятад довтолвол Япон өөрийгөө хамгаалах хүчээрээ хариу барьж болох юм гэж мэдэгдсэнээр Такаичи өнгөрсөн оны эцсээр худалдааны томоохон түнш Бээжингийнхээ дургүйг хүргээд авсан билээ. Энэ үг нь түүхэндээ эгзэгтэй явж ирсэн хоёр улсын харилцааг сүүлийн 10 гаруй жилд хамгийн доод түвшинд аваачсан. Үүнийхээ зэрэгцээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай ойртохыг Такаичи эрмэлзэж буй.
Р.Жаргалант