Хаврын чуулган ирэх сарын 15-нд эхэлнэ. Үүнээс өмнө Засгийн газарт халаа сэлгээ хийх сураг гарах болов. Идэр есийн хүйтнээр нийслэлчүүдийн дулаан, цахилгааны хэрэглээг хязгаарлаж, үүнээс үүдсэн олон ч хохирол гарсны хариуцлагыг салбарын сайд Б.Чойжилсүрэн, эрчим хүчний реформ хийх тухай яривч үнэ нэмэхээс хэтрээгүй Шадар сайд Т.Доржханд нараас иргэд нэхэж буй. Сөрөг хүчний гишүүн Ө.Шижир энэ тухай шаардлага тавьж, эдгээр сайдыг огцруулах гарын үсэг цуглуулж байгаа юм. Нэмээд боловсролын салбарт будилаан хутгаж яваа П.Наранбаяр сайдыг огцруулахыг гишүүн Ц.Мөнхтуяа шаардсан. Эдгээр гурван сайд 2-3 Засгийн газар дамнан ажиллаж буй ч хариуцсан салбартаа өөрчлөлт хийх хүсэл, сэтгэл, чадвар байсангүй. Тэднийг огцруулж, хариуцлага тооцохгүй юм бол Г.Занданшатарын Засгийн газар бүхэлдээ огцрох эмзэг нөхцөл үүсээд байна. Гэвч Ерөнхий сайдад тийм зориг бий юү.
Б.ЧОЙЖИЛСҮРЭН ЯВЖ, Т.ДОРЖХАНД ҮЛДЭХ ҮҮ
2022 оноос хойш Эрчим хүчний сайд хийсэн атлаа ашиглалтын хугацаа хэдийн дууссан, тоног төхөөрөмж нь элэгдэлд орсон хэдхэн станцынхаа ядаж ганц, хоёр зуухыг ч болов шинэчилчих сэтгэл Б.Чойжилсүрэнд байсангүй. Төсөв мөнгө байхгүй гэдэг үгэнд нь хэн ч итгэхгүй. Увс аймгийнхаа 100 жилийн ойг тэмдэглэх үед татвар төлөгчдийн мөнгөнөөс хэдэн тэрбумаар нь цацаж, хувийн пиараа хийсэн хүн шүү дээ. 2025 оны зургаадугаар сард “ДЦСIII”-т осол гарч, хүний амь эрсэдсэн. Тухайн үед Б.Чойжилсүрэн сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газартай хамт огцорч байсан тул үл тоосон. Өнгөрсөн сард “ДЦС-IV”-т доголдол гарч, нийслэл чүүд цахилгаан, дулаанаа хязгаарлуулж байхад ч тэнэг тайлбар хэлсээр зогссон юм. “Эрчим хүчний салбарт 100 жилийн хугацаанд 1264 МВт-ын хүчин чадалтай станц барьсан байна. Бид сүүлийн гурван жилд үүний 50 хувьтай тэнцэх буюу 560 орчим МВт эх үүсвэрийг ашиглалтад орууллаа” гэсэн. Хувийн хэвшлийн голдуу хөрөнгөөр энд тэнд жижиг станц барьсныг өөрөө хийсэн мэт яриад “Намайг их мөнгө төлж гүтгэж байна” хэмээсэн билээ. Мөн Ерөнхий сайд түүнд алдаагаа засах 30 хоног өгөхөд “Ийм хугацаанд амжиж асуудлыг шийдэж чадахгүй” хэмээн шулуухан мэдэгдсэн. Түүнд ядаж ичих булчирхай, засаж сайжруулах өчүүхэн төдий ч эрмэлзэл алга. Тэгвэл Засгийн газраас олгосон хугацаанаас нь 17 өдөр үлджээ. Үүнээс өмнө Б.Чойжилсүрэн өөрөө өргөдлөө өгөх гэнэ гэсэн мэдээлэл зарим сайтад гарсан байна. Тэр өөрөө “Өгөх ёстой бол өгнө, сайдын суудалтай зууралдахгүй” гэсэн. Гэвч “амандаа орсон шар тос”-ыг хэлээрээ түлхэх хүн тэр мөн үү. Нам нь явуулж чадахгүйг мэдэж буй учраас ийнхүү бардам дуугарсан байж ч болох. Эсвэл өөрийн компанийн барилга, орон сууцуудыг цахилгаан, дулаанаар хангах “үндсэн зорилго”-оо биелүүл чихсэн учраас одоо явахад хамаагүй болсон уу. “2027 он хүртэл цахилгаан тасарсаар байна, үүнийг шулуухан хэлчихье” гэдэг түүнд эрчим хүч ний салбар сөнөх, эсэх, нийслэлчүүд цахилгаан, дулаангүй амьдрах нь огт хамаагүй ажээ.
Тэгвэл нөгөө талд эрчим хүчний реформ хийнэ хэмээн үндэсний хороог нь хариуцаж явсан Шадар сайд Т.Доржханд мултарч үлдэх гээд байх шиг. Тэрбээр хоёр жилийн дотор эл реформоо хийж чадахгүй бол улс төрөөс явна гэсэн. Амласан хугацаа нь болоогүй учраас явахгүй гэж гүрийж буй нь түүний цахим хуудсандаа бичсэн “Би хийхгүй юм бол хэн хийх вэ” гэсэн агуулгатай тайлбараас харагддаг. “Лхагвын тойм” нэвтрүүлэгт ярилцлага өгөх үеэрээ тэрбээр “Би эрчим хүчний сайд биш, энэ салбарыг хариуцдаггүй. Гэхдээ эрчим хүчний реформ хийх ёстой гэсэн байр суурьтай хүн. Өнөөдөр цахилгаан, дулаан тасалдаж буйд би ямар нэг байдлаар буруутай бол огцроход бэлэн байна. Харин үүнийг урьдчилж хараад засах ёстой гэснийхээ төлөө нийгэмд шүүмжлүүллээ” гэжээ. Өөрөөр хэлбэл, тэр хөрөнгө босгож шинэ эх үүсвэр барих гэсэн болохоос үүссэн асуудалд огт хамаагүй аж. Энэ бол огцрохгүй, явахгүй гэсэн үг. Л.Оюун-Эрдэнийн танхимаас ХҮН намыг гаргах тухай яриа үүсэхэд тэр эрх мэдэлтэйгээ үлдэхийн тулд яаж “сүрдүүлж” байлаа. Одоо ч бас үлдэх аргаа сүвэгчилж сууна.
П.НАРАНБАЯРЫГ Л.ЭНХ-АМГАЛАНГААР СОЛИНО ГЭВ
Сайн багш сайн менежер байж чаддаггүй гэдгийн жишээ нь П.Наранбаяр болж буй. Ямар ч төлөвлөгөө, урьдчилсан бэлтгэл байхгүй. Гэнэт шийдвэр гаргадаг, үүндээ сурагчид, эцэг, эх, багш нарыг чирдэг. Томуу, томуу төст өвч ний тархалт нэмэгдэж эхэлмэгц тэрбээр гэнэт л тушаал гаргаж, арванхоёрдугаар сарын 1-нээс 1-5 дугаар ангийн сурагчдын хичээлийг онлайн болгосон. Хүүхдээ харах хүнгүй эцэг, эхчүүд ч багагүй сандарсан. Энэ мэтээр гэнэт, ямар ч тооцоо, судалгаа, бэлтгэлгүй шийдвэр гаргаж, багш, эцэг, эхчүүдэд ажил, амьдралаа төлөвлөх боломж өгөөгүй, энэ бол захын жишээ. Засгийн газар 2026 оны улсын төсөвт багш, эмч нарын цалинг нэмэхээр тусгаж, мөнгийг хуваарилсан. Гэтэл цалин нэмэхтэй зэрэгцээд багш нарт олгодог урамшуулал, шагналыг нь сайдтан хасаж орхижээ. Энэ тухай УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа мэдэгдэж, П.Наранбаяр сайдыг огцруулах шаардлага хүргүүлсэн.
Мөн л хоёр дахь танхимдаа дамнан ажиллаж буй тэр боловсролын салбарыг өөд татаж чадахгүй гэдгээ баталлаа. Түүнийг чөлөөлж, оронд нь УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг томилох тухай мэдээлэл цацагдаж байна. Үнэхээр ийм тохиролцоо хийж буй бол өмнө нь гурван жил энэ албыг хашсан, бас л тоймтой ажил хийгээгүй хүнийг буцаан томилох нь оновчтой алхам болохгүй.
ЕРӨНХИЙ САЙДЫН ДҮЛЭГНЭХ ШАЛТГААН
Засгийн газрын гишүүдээ чөлөөлж, томилох нь Ерөнхий сайдын бүрэн эрх. Гэвч тэр одоо болтол эдгээр сайдад хариуцлага тооцох тухай ямар нэгэн тайлбар хийсэнгүй, шийдэл гаргасангүй. Дээрх яриа, сураг байгаа ч албан ёсны шийдвэр биш гэдгийг санах хэрэгтэй. Хэдийгээр Үндсэн хуулиар түүнд ийм бүрэн эрх олгосон ч Г.Занданшатар бол “хадны завсарт хавчуулагдсан халиуны зулзага” юм. Тэр МАНдаа ч албан тушаалгүй, УИХ-д ч байр суурьгүй. Тэгэхээр бүрэн эрхийнхээ хүрээнд өөрөө мэдээд шийдвэр гаргавал учрах эрсдэл нь их болоод буй аж. Ялангуяа Б.Чойжилсүрэн МАНын “хэтэвч”, гол санхүүжүүлэгчдийнх нь нэг гэдэг. Тиймээс шууд огцруулчихвал намынхаа удирдлагуудад “чангалуулна”. Санхүүжүүлэг чээ алдахыг эрх баригчид хүсэхгүй. Түүнд 100, эсвэл 30 хоногийн хугацаа олгосон “бөөрөнхий” шийдвэр нь үүний баталгаа юм.
Эрчим хүчний сайдаа хамгаалаад үлдээлээ гэхэд сөрөг хүчний зүгээс Засгийн газрыг огцруулах шаардлага тавина. Гишүүдийнх нь тавьсан шаардлагыг хүлээн авч, нэр бүхий сайддаа хариуцлага тооцохгүй бол АН-ынхан улс төрийн акц өрнүүлнэ, хаврын чуулганаар түү ний танхимыг огцруулах саналаа албан ёсоор өргөн барина хэмээн тус намын генсек Д.Амарбаясгалан мэдэгдсэн. Тэгэхээр намаасаа шийтгэл хүртсэнээс сөрөг хүчнийхний огцруулах саналтай тулсан нь Ерөнхий сайдад арай хялбар байж мэдэх нь. Учир нь УИХ дахь АН-ын бүлэг 42 гишүүнтэй. Засгийн газрыг огцруулахын тулд 64 хүний дэмжлэг хэрэгтэй болно. Өөрөөр хэлбэл, АН-ынханд 22 санал дутна. Б.Чойжилсүрэнг хамгаалж, Засгийн газрынхаа тогтвортой байдлаар тохиролцож чадвал МАН-аас “урвагчид” гарахгүй гэж найдаж үзнэ гэсэн үг. Гэхдээ улс төр яаж ч эргэж болдог. Харин энэ зуурт нь үндсэн зорилгоо биелүүлсэн өнөөх сайд нь өөрөө хүсэлтээрээ өргөдлөө өгчихвөл Г.Занданшатар сая нэг уужим амьсгаа авах нь. Харин П.Наранбаярыг огцруулахад эрсдэл бага. Үсрээд Т.Доржханд л жаахан “үсчих” болов уу. Өөрийг нь огцруулахгүй үлдээж, оронд нь Боловсролын сайдыг явуулна гэвэл манай Шадар сайд шууд л хамтран ажиллахаар хүн.
Нэг иймэрхүү эргэлзээтэй нөхцөл байдалд Ерөнхий сайд оржээ. Танхимаа 2027 он гартал тогтвортой ажиллуулах нь түүний зорилго. Үү ний тулд олон нийтэд шүүмжлүүлэн байж “гэмтэй” сайд нараа хамгаалж, нэр хүндээ унагаад ч хамаагүй тэсэх нь чухал бололтой. Үнэндээ Б.Чойжилсүрэн “шуналын сэтгэл”-ээ татаж, өөрөө өргөдлөө өгвөл Г.Занданшатарын танхимд хамгийн том бэлэг болох нь.