Засгийн газар бүх шатны төрийн байгууллагуудын бүтэц, орон тоог оновчлох, шаардлагагүй зардлыг танаж, “хэмнэлт”-ийн горимоор ажиллах бодлого баримталж байна.
Энэ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Дотоод хэргийн их сургууль (ДХИС)-ийн бүтэц, орон тоонд мэргэжлийн зөвлөх болон багийн гишүүд хамтран “процессын дахин инженерчлэл”-ийн аргачлалаар нарийвчилсан дүн шинжилгээ хийж, гарсан үр дүнг өнөөдөр (2026.02.12)-ны өдөр ДХИС-ийн захирал, доктор (Ph.D), профессор, бригадын генерал Т. Сүхболд танилцууллаа.
Дотоод хэргийн их сургуулийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох, албан хаагчдын бүтээмжийг нэмэгдүүлэх, ажлын ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор “процессын дахин инженерчлэл”-ийн 6 аргачлалыг ашиглан тус сургуулийн 87 нэгжийг 69 болгож, нийтдээ 18 нэгжээр цөөрүүлжээ. Мөн дарга статустай 21 удирдах албан тушаалын орон тоог буурууллаа.
Ингэснээр ДХИС-ийн дарга нарын тоо буурч, олон шат дамжлага багасаж, үүнийг дагаад төсвийн хэмнэлт бий болох бөгөөд албан хаагчдын ажлын ачаалал ч тэнцвэржих давуу талтай юм.
Цаашдаа ч салбарын хэмжээнд “процессын дахин инженерчлэл” хийж, байгууллага тус бүр үйл ажиллагаагаа нээлттэй, ил тод, хэмнэлттэй байхад анхаарах ёстойг Б.Энхбаяр сайд онцоллоо.