Сар шинийн баярын өдрүүдэд цаг агаар ямар байхаас шалтгаалан иргэд хувцас сонголт болон хол, ойр зорчих хөдөлгөөнөө зохицуулдаг билээ. Цагаан сарын өдрүүдээр цаг агаар тогтуун, дулаан байх төлөв гарчээ. Энэ талаар Ус цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх газрын дарга Л.Оюунжаргалааас тодруулахад “Цагаан сараас өмнө буюу энэ сарын 14, 15-нд төвийн болон зүүн зүгийн нутгаар цас орж, шуурч, говь талаараа салхитай байх төлөвтэй. 16-наас баруун аймгууд болон ихэнх нутгаар хүйтний эрч нэлээд сулрахаар байна. Ялангуяа цас багатай, энгэр ээвэр газрууд, говийн бүс нутгаар 3-8 хэмийн дулаан байх төлөв гарсан. Архангай, Хөвсгөлийн өмнөд хэсэг гээд цас багатай нутагт өдөртөө нэмэх хэмд шилжихээр байна.
Битүүн, Шинийн 1-нд зүүн аймгийн нутгаар бага зэргийн салхитай, бусад нутгаар тогтуун байх нь. Өөрөөр хэлбэл, цаг агаарын одоогийн урьдчилсан нөхцөл байдлаас харахад Сар шинийн баярын өдрүүдэд цас орж, хүйтрэх төлөв ажиглагдаагүй. Улаанбаатар хотод ч дулаан, өдөртөө цаг агаар нэмэх хэмд шилжих болов уу” гэв.
Ташрамд, Гэгээн хайрын өдөр буюу 14-нд цаг агаар хүйтэн байх тул залуус цэцгээ хөлдөөхөөс болгоомжилж, харин буузаа хийж амжаагүй нэг нь энэ өдрийг “ашиглаж” болох нь.
Ч.Туяа