ПАРИСЫГ ДАХИН ЗОРЬЖ, ГАНЗАГА ДҮҮРЭН ИРЭХ ЗОРИЛГОО БИЕЛҮҮЛЛЭЭ
Жүдо бөхийн дотоодын тэмцээнд дай чин, зоримог, шийдэмгий барилдаанаараа цахиур хагалж, дэлхийн дэвжээнд танигдан, шагналын тавцанд зогссон содон нэртэй тамирчин бол Л.Энхрийлэн. Тэрбээр өнгөрсөн сард болсон УАШТ-д 63 кг-ын жинд түрүүлж, олон улсын тэмцээнд оролцох эрх авсан нь Францад болсон Парисын “Их дуулга” байлаа. 82 орны шилдгүүд зодоглосон тус тэмцээний хагас шигшээд Хорватын тамир чин Ива Обераныг үндсэн цагт вазари үнэлгээгээр ялж, алтан медалийн төлөө шалгарав. Аваргын төлөө өрсөлдөх Бразилын жүдоч Рафаэла Силваг өмнө нь хоёр ч дараалж хожсон түүнийг бөхийн хорхойтнууд дэмжиж, Төрийн дууллаа эгшиглүүлэхийг нь сонсохоор хүлээсэн юм. Хэн нь түрүүлэх, эсэхийг шийдвэрлэх барилдаанд Л.Энхрийлэн барилдах явцдаа гараа алдаж, ялагдсанаар үзүүрлэлээ. Парисын дэвжээ энэ удаа аль алийг нь гонсойлгосонгүй. Тэд тэнд зорилгоо биелүүлж, анх удаа алт, мөнгөн медаль гардав.
Монголын багийн медалийн салхийг хагалж, шагналын тавцанд зогссон түүний жүдод хөл тавьсан замнал тийм ч дардан байгаагүй. Амжилт гаргахын тулд унаж, боссон. Амаргүй бүхэнтэй нүүр тулгарч, ард нь гарахын тулд хичээсэн, бас хөдөлмөрлөсөн. ДАШТ-ий хошой хүрэл, “Их дуулга”-ын иж бүрэн медальтан, УАШТ-ий дөрвөн түрүүтэй түүнийг амархан бууж өгдөггүй зан нь амжилтаас атгуулж, өдгөө тив, дэлхийн аварга, олимпын медальтнуудын хүчтэй өрсөлдөгч болгожээ. 2023 он түүнд аз, амжилт далласан онцгой жил байсан. Эмээдээ хөтлүүлээд Спортын төв ордонд жүдогоор хи чээллэхээр босгыг нь алхаж байсан шавилхан охин хэрсүүжиж, хүнд бэртлээс эргэн ирснээ харуулахаар Катарын Доха хотыг зорьж, ДАШТ-д хүч сорьж байлаа.
ДОХАГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ГАРДАЖ, “УЛААНБААТАР-2023” ИХ ДУУЛГАД ТҮРҮҮЛЭВ
Тэр жилийн ДАШТ сонирхолтой, өрсөлдөөнтэй болж, олимп, дэлхийн аваргуудаас цөөнгүй нь бүдэрч, медальгүй нутаг буцсан. Гурав дахь өдрийн барилдаанд Л.Энхрийлэн эхний тойрогт Шинэ Зеландын тамирчин Куона Кристег цэвэр ялж, дараагийнхад Европын аварга Израилын жүдоч Тимна Нельсон Левитай таарав. Хэрэв түүнд хожигдвол тэмцээнээ өндөрлүүлэх, ялбал цааш үргэлжлүүлэх хариуцлагатай барилдаан байлаа. Дэлхийн дэвжээнд таван удаа таарахдаа түүнд гурав ялагдаж, хоёр ялсан байсан үе. Израилын жүдочид “Улаанбаатар-2022” Их дуулга тэмцээн эхлэхийн өмнөхөн Монголд ирж, хамтарсан бэлтгэл хийхэд өрсөлдөгчийнхөө арга барил, мэх, техникийг нь багагүй харж, судалсны үр дүнд ДАШТ-ий барилдаанд хожиж, шөвгийн наймд шалгарав. Түүнтэй таарсан учраануудаас хамгийн хүчтэй нь Токиогийн олимпын хүрэл, ДАШТ-ий алт, хүрэл медальт, Канадын Жессика Климкайт байлаа.Түүнийг мөн торгуулиар буулган авч, хагас шигшээд өрсөлдөгчийнхөө нутаг нэгтэн болох дэлхийн аварга Криста Дэгүчитэй өрсөлдсөн юм. Ташкентийн дэвжээнд Л.Энхрийлэн түүнийг 2022 онд шөвгийн 16-д илүүрхэж, шагналгүй үлдээсэн нь цочроо өгч, хойшид ялагдахгүй байхын тулд өмнөхөөсөө илүү хичээх ёстойг ухааруулсан биз ээ. Тиймээс Криста Дэгүчи ДАШТ-д даагаа нэхэн, цэвэр ялснаар аваргын төлөө шалгарсан юм. Манай бөх медалийн төлөөх барилдаанд өмнөх ДАШТ-д таарсан БНСУ-ын Хүх Мимитэй дахин нүүр тулж, хүч шавхсан барилдаанд буулган авснаар хоёр дахь хүрэл медалиа хүртсэн түүхтэй. Дохагаас ирсний дараа эх орондоо зохион байгуулсан “Улаанбаатар-2023”-т түрүүлэхэд нь түүний гаргасан амжилтыг үнэлж, Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнасан билээ.
Спортын талбарт тамирчин хүн өөрийгөө золиосолж байж амжилт гаргадаг. Тэрбээр шилдгүүдтэй сулхан барилдаж ялаагүй. Олон жил хөлс урсгаж, хөдөлмөрлөсөн бүхнээ шавхан гаргаж медальд хүрсэн. Түүний өмнөх жинд (57 кг) барилддаг бөхчүүдийн олонх нь биерхүү өндөр. Тухайлбал, Нельсон Леви зан чанарын хувьд хурц, шийдэмгий тул том барьцанд хүрдэг. Сугадна, давуулна, мордоно, тонгорно.
Давуу тал нь хөмөрч, нумарч барилдах бол дархан мэх нь үүрэх. Түүнтэй “Их дуулга”-д таарах нь тодорхой болсон тул өрсөлдөгчөө бэлтгэл сургуулилалт, сэтгэлзүй, тактик гээд тал бүрээс нь судлах чухал болохыг ойлгожээ. Тэр дундаа үүрэх мэхийг түүнээс түрүүлж хийх ёстойг тооцоолон өөртэйгөө сайтар ажиллав. ДАШТ-ий хошой хүрэл медаль нь түүнд харах бүрд урам өгч, дэвжээн дээрх барилдаануудыг минь эргэн сануулдаг биз ээ. Л.Энхрийлэн сэтгэлийн хөдөлгөөнтэй. Дэвжээнд гаргаж буй баяр хөөр, догдлол түүний өвөрмөц зан чанарыг илэрхийлдэг. Үүгээрээ ч үзэгчдийн анхаарлыг татсаар ирсэн.
Авто, дугуйн спортод дуртай түүнийг багадаа хөвгүүдийн адил хөдөлгөөнтэйг нь өвөө нь мэддэг байсан тул дугуй худалдаж авч бэлэглэсэн нь сайхан дурсамж үлдээжээ. Хэдий сахилгагүй ч гэрийн даалгавраа заавал хийж амарна гээд эмээ, өвөөгөө шөнөжин суулгачихдаг байсан түүнийг аливаа зүйлийг эхлүүлсэн бол заавал дуусгаж санаа амардаг зан нь жүдогоор тууштай хичээллэхэд нөлөөлсөн аж. 2011 онд жүдогоор анх хичээллэсэн охин Ц.Шийрэв багшийн шавь болж, тамирчны амьдралд хөл тавьсан юм. Бэлтгэл хийхээр ирсэн тэр өдөр эмээ нь тэтгэврийн мөнгөө зээлж, жүдогийн өмсгөл авч өгснөөр өглөө хичээлдээ гүйж, өдөр нь зааланд бэлтгэлээ хийхээр яарч ирдэг болсон гэдэг. Тэрбээр “Монгени” сургуульд суралцсан төгсөгчдийн нэг. Сургуулийн захирал, анги удирдсан багш нь түүнийг ойлгож, хичээлд хааяа суугаагүй үед нь “Спортоороо тууштай хичээллэж амжилт гаргаарай” гэж дэмжсэн нь өдий зэрэгт хүрэхэд багагүй нөлөөлжээ.
БЭРТЛИЙГ СЭТГЭЛИЙН ТЭНХЭЭГЭЭР ДАВАН ТУУЛЖ, ХӨЛ ДЭЭРЭЭ БОСЖЭЭ
Тэр цагаас хойш жүдотой 16 жил нөхөрлөж, дэлхийн шилдгүүдийн эгнээнд багтсан түүнд өнгөрсөн он жилүүдэд унаж, боссон нь хэцүү бүхнийг даван туулах сэтгэлийн тэнхээ хайрласан юм. Тамирчин болсноор бэлтгэл, тэмцээн гэж завгүй явах өдрүүдэд цаг хугацаа нэг л мэдэхэд хурдан өнгөрсөн байв. Тэрбээр “Хэрвээ би бэртээгүй бол өмнөхөөсөө илүү амжилт гаргах байлаа. Хүн өөрийгөө ялж чадахгүй бол бодол, хүсэл зорилгоо ч түгждэг. 2014 оны арванэгдүгээр сард болсон олон улсын тэмцээнд барилдахдаа хүнд бэртсэн ч чадна гэж босоод илүү гэмтээсэн. Дэвжээнээс бууж чадахгүй түргэн тусламжийн ороор зөөлгөж билээ. Монголд онгоцноос тэргэнцэртэй буух мэдрэмж хамгийн хэцүү санагдаж, эмээгээ хараад өөрийн эрхгүй уйлсан. Гэртээ харилгүй гэмтлийн эмнэлэгт очиж, хөлийнхөө зургийг авхуулахад эмч “Чиний өвдөгний чагтан холбоос 80 хувь урагдсан байна. Чагтан холбоос өвдөгний хамгийн чухал холбоос байдаг тул нөхөн төлждөггүй. Хойшид барилдаж чадахгүй нь дээ, мэргэжлээ соль” гэж хэлсэн. Эмчээс ийм хариу сонсоод эмээ бид хоёр эмнэлгийн хүлээлгийн үүдэнд уйлж байснаа мартдаггүй. Надад амьдрал тэр үед хөмөрсөн тогоо шиг хэцүү санагдаж байлаа. Түүнээс хойш хэрхэн хурдан эдгэрч, дэвжээнд гарах вэ их бодсон. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн тэргүүлэх зэрэгтэй эмч С.Сүхбат намайг хөл дээр минь босгосон ачтан. Тэр үед үндэсний шигшээ багаас хасагдахад намайг ганц дэмжиж цалинтай байлгасан байгууллага бол ШШГЕГын харьяа “Сүлд” спорт хороо. Хүнд бэртсэн ч өөртөө итгэл найдвар төрүүлж, сэтгэл зүйгээ өндөр байлгасны хүчинд жүдогийн талбарт эргэж ирсэн юм шүү. Хүний хөлийн булчингийн хоол нь дасгал хөдөлгөөн, алхалт юм билээ. Эдгэнэ гэсэн бодлоор өдөр бүр хичээсэн. Би одоо бэртсэн хөлөөрөө мэх хийж, өрсөлдөгчдөө ялдаг” хэмээсэн өгүүлсэн.
ОДООГИЙН ЭНХРИЙЛЭНГ БҮТЭЭЖ, ОЛИМПЫН ДЭВЖЭЭНД ЗОДОГЛОСОН НЬ
Тэрбээр 2019-2021 он хүртэл Их дуулга, гран пригээс медаль хүртээгүй удав. Тухайн үед муу барилдахаас илүү болохгүй байгаа шалтгаанаа олохыг хичээсэн он жил байлаа. Тамирчдад тулгардаг саад бэрхшээл түүнийг тойрсонгүй. Жүдогийн талбар дэвжээнээс буух уу, эсвэл дахиж гарах уу гэдгийг олон зүйлээр сорьсон. 2020 оны зун үндэсний шигшээ багт нэгдэж, эргэж ирснээ харуулав. 57 кг-ын жин өрсөлдөгч олонтой. Түүний жинд “Рио-2016” олимпын мөнгөн медальт Д.Сумьяа барилддаг байсан тул түүн шиг амжилт гаргахыг хичээж ирсэн. Хүмүүсийн яриа, бичсэн таагүй сэтгэгдэлд тэрбээр сэтгэлээр унаагүй. Харин ч өөрийгөө хурцалж, хөл дээрээ босоход ашигласан. АНЭУын Абу-Дабид 2021 оны арванхоёрдугаар сард болсон гранд слам тэмцээнээс хүрэл медальтай ирсэн юм. Медалийн тавцанд зогсох бүрдээ амаргүй бүхний ард нь гарснаа үргэлж санадаг тэрбээр Сэлэнгийн аймгийн Мандал сумынх. Айлын том охин, хоёр дүүтэй. Ах дүүс, хамаатан саднаасаа ганцаараа их спортод хөл тавьсан нь. Нутгаасаа жүдогийн ДАШТ-д хошой хүрэл медаль хүртсэн анхны эмэгтэй тамирчин. Өвөө нь спортод дуртай, үндэсний болон чөлөөт бөхөөр барилдах сонирхолтой хүн байжээ. Түүнийг 13 настайдаа жүдод анх хөл тавьсан үеэс гэрийнхэн нь дэмжиж, тэмцээнд оролцох бүрд нь хэрхэн барилдахыг нь сонирхож үзсээр сүүлдээ жинд нь барилддаг өрсөлдөгчдийнх нь мэхийг хүртэл мэддэг болсон байна.
Түүний хувьд “Парис-2024” зуны олимп олон жил хүсэн хүлээсэн гол зорилго нь байлаа. Тус хотын Шам -Дэ-Мар ордонд өрнөсөн жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-д тэрбээр эхний тойрогт Косово улсын Нора Гяховаг нэмэлт цагт ялсан юм. Нора Гяхова түүнтэй таарахаас өмнө Гранд слам тэмцээнд 2021, 2023 онд тү рүүлж, ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн байлаа. Шигшээ 16-д ХБНГУ-ын Паулин Старкег хожиж, наймд шалгарсан ч дараагийн барилдаанд БНСУ-ын тамирчин, мөнхийн өрсөлдөгч Хүх Мимид ялагдсан юм. Дагах барилдаанд Гүржийн тамирчин Липартелиани Этерид ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлж байв. Тэгвэл энэ удаа Парист дахин хөл тавьж, хэзээ нэгэн цагт медаль хүртэнэ гэсэн зорилгоо биелүүллээ. Хүүхэд байхдаа цэргийн ёслолын дүрэмт хувцас өмсөөд Төрийн ордонд орж үзэх сэн гэж мөрөөддөг байсан хүслээ тэрбээр мөн л хэрэгжүүлж, 2018 онд ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хорооны тамирчин болсон юм. Түүний хувьд зорьсон бүхнээ алхам алхмаар урагшлуулж, одоогийн Энхрийлэнг бүтээснээр амжилтынхаа буухиаг түүчээлж явна.