Гепатит В, Д вирусний шалтгаант элэгний хатуурлын улмаас есөн жилийн турш эмчилгээ хийлгэж явсаар эцэстээ элэг шилжүүлэн суулгуулах мэс засал хийлгэхээс өөр сонголтгүй болсон иргэн Г.Ууганцэцэгийн ар гэрийнхэн саяхан хэвлэлд хандан, ард түмнээсээ хандив хүссэн юм. Тэрбээр БНЭУ-д уг эмчилгээг хийлгэхээр болсон бөгөөд зөвхөн эмчилгээний зардал нь 180 сая төгрөг гэнэ. Г.Ууганцэцэгийн амь, нас өдөр, цагаар хэмжигдэх болсон тул нөхөр, хүүхдүүд нь аргагүйн эрхэд ийн олон нийтэд хандсанаа хэлсэн. Учрыг тодруулбал, түүний биеийн байдал огцом муудаж, тэнцвэр алдагдан, ялтаст эс нь 50 хувиас доош унаж, цус алдвал зогсоох боломжгүй болсон тул яаралтай харь улсыг зориход хүрчээ. Ар гэрийнхэн нь хашаа, байшин, өөрсдийн гэх эд хөрөнгө бүхнээ борлуулсан ч эмчилгээний зардлаа олж чадаагүй аж.
Иргэн Г.Ууганцэцэг шиг хүнд өвчтэй, ар гэр нь ийм байдалд орсон олон зуу, мянган хүн манай улсад бий. Хамгийн харамсалтай нь тэдний эцсийн найдвар нь ард түмнээс хандив гуйх. Мөн Монголд эмчлэх боломжгүй өвчний улмаас гадаад улсыг зорьдог. Гэтэл манай улс эрхтэн тэр, дундаа элэг, бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг нутагшуулаад хэдийн 30 жил болсон. Эмч нарын ур чадвар, өвчтөний амьдралын чанар ч Азидаа байтугай дэлхийд өндрөөр үнэлэгдэж буй. Тэгсэн хэр нь Г.Ууганцэцэг БНЭУ-д элэг шилжүүлэн суулгуулах болсон нь 100 хувь эмчилгээний хүртээмж, дараалал, чирэгдэл, эмнэлгүүдийн хүчин чадалтай холбоотой юм. Эрхтэн шилжүүлэн суулгуулах заалттай, эмчилгээ хийлгэхээр хүлээж буй бүх хүний амь, нас цаг, минутаар хэмжигдэж байгаа нь ойлгомжтой. Тиймээс л хэн ч хэнийхээ урдуур дайрч, түрүүлж хагалгаа хийлгэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний дарааллыг иргэд хүлээж тэсэхгүй, байдгаа шавхан байж харь улсыг зорин, нэг хоногийн өмнө ч болтугай мэс засал хийлгэхийн төлөө ийн тэмцэж буй хэрэг.
ТАВАН ЖИЛД 138 ХҮН ГАДААДАД ЭЛЭГ, БӨӨР “СОЛИУЛЖЭЭ”
ЭМЯ-ны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаныхан гадаадад эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээнд явах гэж буй иргэдийн донорын хамаарлыг шалган бүртгэж, тухайн улсын Элчин сайдын яаманд тодорхойлолт хүргүүлдэг. 2024 онд л гэхэд 27 иргэн ийм шалтгаанаар гадаадад эмчилгээнд хамрагдахаар тодорхойлолт авчээ. Тэгвэл 2019-2024 онд БНСУ, БНТУ, БНЭУ-д 128 хүн элэг, долоон хүн бөөр, гурван хүн ясны чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэсэн байна. Үүний 85.5 хувь нь элэгний мэс засал гэнэ.
Дотооддоо эмчилдэг өвчний улмаас иргэд харь улсыг ингэж олноороо зорьсоор байгаа нь даанч харамсалтай. Ард иргэд бүсээ чангалаад, бүгдийг зохицуулаад, хамгаа шавхаад, хар элгийн хүмүүсээс хандив гуйгаад ч болтугай аргалаад байхаар эрх баригчид болоод байна гэж ойлгоод байх шиг. Үгүй л дээ, хүлээх жагсаалтад багтсан хүмүүсийн 5-10 хувь нь жил бүр эндсээр л байдаг. Үүнийг хэн ч тоож, авч хэлэлцдэггүй. Эмчилгээ хийлгэнэ гэсэн итгэл тээсээр “нүд аньж” буй тэр олон хүн, тэдний ар гэрийнхний гомдлыг хэн хэзээ, хэрхэн яаж тайлж, барагдуулах нь ч тодорхойгүй.
Өнөөдрийн байдлаар тархины үхэлтэй донороос эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгуулах шаардлагатай иргэдийн хүлээх жагсаалтад л гэхэд 1000 гаруй иргэн бий. Амьд донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний дараалал дунджаар 6-8 сар. Элэг, бөөр “солиулах” өвчтөнүүд багадаа зургаан сар, цаашлаад 2-3 жил хүртэл хүлээдэг тухайгаа ч хэлж байна. Иргэн Г.Ууганцэцэгийн очер ч найман сарын дараа байсан аж. Гэтэл ЭМЯ, Эрүүл мэндийн хөгжлийн төвийнхөн хүлээх жагсаалтад багтсан хүмүүсийн төд нь нас барсан гэхчлэн хээвнэг дата хөтөлж суух. Эрүүл мэндийн салбар дампуурчихсан, даатгалын систем нь зөв ажилладаггүй, монгол хүний амь жирийн нэг статистик болчихсон нь үүнээс харагдана.
Манай улс анагаахын оргил эмчилгээнүүдийн нэг эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг нутагшуулсан нь эмч нарын л гавьяа, үнэлж баршгүй хөдөлмөр. Гэвч зөвхөн эмч нар байгаад эрхтэн шилжүүлэх эмчилгээ урагшлахгүй. Уг нарийн төвөгтэй мэс заслыг нэвтрүүлсэн сүүлийн 30 жилийн хугацаанд хийсэн нийт хагалгааны тоо өдгөө 1000 ч даваагүй байна гэдэг хүртээмж ямар мууг бэлээхэн гэрчлэх бус уу. Тодруулбал, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийдэг эмнэлгүүдийн чадамж, донорын олдоц, дотоод нөөц бололцоо, улсаас төсөвлөдөг санхүүжилт хаанаа ч хүрэлцдэггүй гэсэн үг. Хэдийгээр эрхтэн “солих” эмчилгээний аргачлалууд нарийсаж, цусны бүлэг тохироогүй донороос хүртэл элэг, бөөр шилжүүлдэг болсон ч мэс заслын хүртээмж өмнөх жилүүдийнхээс төдийлөн ахисангүй.

ТӨВӨӨСӨӨ ТҮРҮҮЛЭЭД ТАВАН ДАВХАР ЗОГСООЛ НЬ СҮНДЭРЛЭЧХЭВ
Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний тоог нэн даруй олшруулж, төвлөрлийг сааруулах, төсөв санхүүжилтийг нь нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгараад байгааг өвчтөнүүдийн жагсаалт бэлээхэн “хэлж” буй. Хүлээх жагсаалт дахь өвчтөний тоо ч хийсвэр гэдгийг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга Б.Алтантулга хэлсэн. Яагаад гэвэл эрхтэн шилжүүлэн суулгуулах нэн шаардлагатай буюу амь нас нь дээсэн дөрөөнд дэнжигнэж буй, доноргүй хүмүүсийг л дараалалд оруулдаг аж. Тэдний цаана элэгний В, С вирустэй, хавдартай, мөн бөөр орлуулах эмчилгээнд хамрагдаж буй өчнөөн мянган хүн өнөө, маргаашдаа биш ч бүгд эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх заалттай гэнэ. Тэдгээр хүнийг хүлээх жагсаалтад нэмбэл цочирдом тоо гарна гэдгийг Б.Алтантулга нэмж тодотгоно лээ. Тэрбээр “Уг эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд эхлээд хууль, эрх зүйг нь боловсронгүй болгох шаардлагатай. УИХ-д өргөн барьсан, Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөлд эмчилгээний тоог нэмэгдүүлэх бодлогын зохицуулалтыг тусгасан. Манай улсад цуллаг эрхтнээс бөөр, элэг шилжүүлэн суулгадаг. Тэгвэл өндөр хөгжилтэй болон хөгжиж буй бусад улсад олон төрлийн цуллаг эрхтний мэс засал хийж байна. Манайд нэг үеэ бодвол цөөнгүй эмнэлэгт эрхтэн шилжүүлэх хагалгаа хийдэг болсон ч дотоод нөөц бололцоо, төсөв мөнгөний гачигдал, хүний нөөцөөс хамаараад эмчилгээний “нийлүүлэлт” өнөөгийн эрэлтийг хангахгүй, хүлээгдэл ихтэй байгаа нь үнэн. Хэтдээ үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдэнэ үү л гэхээс буурахгүй. Элэгний В, С вирусний тархалт буураагүй, хавдрын нас баралт, өвчлөл ямар түвшинд хүрээд байгаа билээ. Өдгөө бөөр, хэвлийн эрхтэн орлуулах эмчилгээ хийлгэж буй бүх хүн алсдаа эрхтэн шилжүүлэн суулгуулах шаардлагатай” гэсэн юм.
Манай улс одоо болтол эрхтэн шилжүүлэн суулгах бие даасан төвгүй, хүний нөөцийн дутагдалтай, эмч нар нь үндсэн ажлынхаа хажуугаар эл эмчилгээг тасалчихгүй гэсэндээ л арайхийн авч явдаг. Олон улсын жишгээр сая хүн тутамд эрхтэн шилжүүлэн суулгах нэг төв байхад эрэлтийг хангана гэж үздэг. Харин бид ганцхан тасагтай, түүнийгээ Эрхтэн шилжүүлэн суулгах төв гээд нэрлэчихсэн. Тэр нь УНТЭийн “бөөрөнд” байрладаг. Эл тасаг нь хагалгааны хоёрхон ортой. Нэг дор хоёр хагалгаа хийх ямар ч боломжгүйг эмч нар ч учирладаг. Аргагүй шүү дээ, нэг орон дээр нь донор, нөгөөд нь өвчтөн хэвтүүлэх нь ойлгомжтой.
Улсаас эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төв барина гээд хэдийн 12 жил болов. Ашгүй нэг, УНТЭ-ийн дэргэд 2024 оны эхээр төвийн шавыг тавьж, 2026 онд ашиглалтад оруулах нь гэтэл биднийг мөн л хулхидав. Барилга нь сууриасаа ч өндийсөнгүй. Эмнэлгийн хашаанд эрхтэн шилжүүлэн суулгах төвөөсөө түрүүлээд таван давхар авто зогсоол нь сүндэрлэчхэв. Үүний цаана бүхэл бүтэн эмнэлэг баригдахыг битгий хэл, ор ч сулрахыг хүлээхгүй өчнөөн хүн өвчиндөө шаналж суугааг юу гэх вэ.
Уг нь эрхтэн шилжүүлэн суулгах төв барьчихвал энд тэнд “салсан” эмчилгээнүүдийг нэгтгэх замаар тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, төрлийг нэмэгдүүлж, хүлээгдлийг бууруулах давуу талтай. Бие даасан төвтэй болсноор эмч, мэргэжилтнүүд энд ч ирж олгойн хагалгаа хийгээд, тэнд ч очиж бөөр шилжүүлэн суулгаад байхгүй амар болно. Зөвхөн эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд төвлөрч, судалгаа шинжилгээгээ ч өргөжүүлэх, мэс заслын тоогоо нэмэгдүүлэх, шинэ технологи нутагшуулах гээд хаана хаанаа дэм тустай, хэрэгтэй сэн.