Ерөнхий сайд Г.Занданшатар бямба гарагт Өмнөговь аймагт ажиллаж, иргэдийн төлөөлөлтэй уулзав. Энэ үеэр иргэд Цагаандэл уулын сав газарт боомт нээх шийдвэрийг эргэж харахыг хүсжээ. Хоёр улсын Засгийн газрын хоорондын гэрээ байгуулж, УИХ-аас хууль баталж шийдсэн асуудал учраас шууд цуцлах боломжгүйг Ерөнхий сайд хэлсэн ч нутгийн иргэдийн төлөөллийг оруулсан ажлын хэсэг байгуулж, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ дахин хийлгэнэ гэлээ.
Мөн нэр бүхий компани Монгол Улсын дархан хилийн зурваст дураар авирлан газрын хэвлийг сэндийчиж буй талаар иргэд гомдол мэдүүлэв. Тиймээс АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсгийг хилийн бүсэд ажиллуулахаар болжээ. Мөн Даланзадгадын эрчим хүчний асуудлыг шийдэх үүднээс аймгуудаас анх удаа бонд гаргаж, 50 мВт-ын станц барихаар болсон. Монголбанк зөвшөөрөл гаргасан учраас энэ төсөл эхэлсэн гэдгийг Ерөнхий сайд мэдэгдсэн байна.