Монголын сэтгүүл зүйн “Их хурд” буюу БАЛДОРЖ шагнал жил бүр шилдгүүдээ тодруулдаг байсан 2008-2018 оны хоорон дахь 10 жил бол шинэ үеийн сэтгүүл зүйн хөгжил, шинэчлэл, өөрчлөлт, төлөвшилд томоохон түлхэц өгсөн үсрэнгүй дэвшлийн түүхэн мөчлөг байсныг салбарын мэргэжилтнүүд, судлаачид, багш нар, “гал тогооныхон” маань ил, далд ярьдаг, дурсдаг хэвээр. Монгол Улсад мэргэжлийн сэтгүүл зүйн бүтээлүүдийг дэмжин урамшуулах, сэтгүүл зүйн судлал, шүүмжийг хөгжүү лэх зорилгоор нэрт сэтгүүлч, зохиолч Цэрэндоржийн Балдоржийн дурсгалд зориулсан БАЛДОРЖ шагнал бий болгох санаачилгыг 2008 онд “Балдорж” сангийн удирдах зөвлөлөөс гаргаж, анхны жил зөвхөн сонины сэтгүүлчдийн дунд энэхүү шалгаруулалт явагдсан түүхтэй. Хоёр дахь жилээс нь телевиз, радио, сэтгүүл, сайт гээд сэтгүүл зүйн өргөн уудам талбарт өөр өөрийн чиглэлээр бүтээн туурвиж буй бүхий л сэтгүүлчдийг хамардаг болж, жилд дунджаар 120 гаруй хүн 200 орчим бүтээлээ ирүүлэн, ур чадвараа сорьдог байв.
Шагналын сан төдийгүй нэр хүнд, ач холбогдол, хамрах цар хүрээгээрээ нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж, Монголын “Пулитцер” гэгддэг байсан БАЛДОРЖ шагналын 10 жилийн түүхэн дэх шилдэг бүтээлүү дийг “Өнөөдөр” сонин уншигчдадаа цувралаар хүргэж буй билээ. 2011 оны БАЛДОРЖ шагналын “Шилдэг-10”-т тухайн үеийн “Үндэсний шуудан” сонины тоймч Гомбожавын Отгонбаяр “Агуу хүний солиорох нь ч “агуу”, “Хуваарилалт нь шог байна, Ерөнхий сайд аа” нийтлэлээрээ шалгарсан юм.
Нэгэн суутан “агуу хүний солирох нь ч агуу” гэж хэлжээ. Энд агуу үйл явдал, агуу хүний үйлдлийг хэлсэн нь тодорхой. Харин жижиг эрх ашигтай нь харьцуулахад агуу гэмээр солиорлууд Монголын улс төрд идэвхэжлээ. Уг гарал нь харилцааны улс төр атал үүнд нь эрх баригч нам бүхлээрээ татагдан оролцож буй нь гайхмаар. Намын удирдлагууд нь хувь хүмүүсийн хэрүүлийг намын дотоод зөрчил болгон дэвэргэх нь бүр эмгэнэлтэй. Монголын улс төр өргөж гаргаж ирээд, өшиглөж унагадаг технологитой. Хувь хүний ухамсар, ёс суртахуунаас хамааралтай хэмжээ хязгаар энэ технологид бас бий. Гэтэл түүнээс давсан үйлдлүүдийг “агуу солиорол” гэхээс аргагүй.
Н.ЭНХБАЯР БА МАН
Одоогоор хашсан албан тушаал, хүчтэй явсан он жилүүдийн урт, магадгүй “улс төрийн хор найруулах” чадвараар ч Монголын улс төрдөө л хамгийн агуу нь экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр. Их өрийн тэглэлт, Мянганы замын бүтээн байгуулалт гээд эерэг имиж ч түүнд цөөнгүй. Харин энэ эрхэм ард түмний сонголтоор сул иргэн болсон хувь заяатайгаа, Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдалтайгаа өнөө хэр эвлэрэхгүй яваа. Үүнээс гадна улс төрд өргөж гаргаж ирсэн хүмүүс нь нийлж байгаад өөрийг нь их улс төрөөс өшиглөж байгаад Н.Энхбаяр хамгийн их бухимддаг, гомддог бололтой. Улс төрд өргүүлж гарах нь байдаг л технологи, улс төрч бүхний туулдаг л зам. Харин тэдэндээ өшиглүүлж улс төрөөс “хөөгдөхийг” Н.Энхбаяр тэвчихгүй байна. Тэрбээр өөрөө улс төрд өргүүлж гарч ирснээ, намын дарга, Ерөнхийлөгчийн албыг нь хүлээж авсан Н.Багабандийг их улс төрөөс яаж өшиглөж унагаснаа ч мартжээ.
Уг нь Н.Энхбаяр дарга бодит эдийн засагтай амьдрал дунд, борог амьдралтай ард түмнийхээ дотор орж ирээд ихэд цочирдсон бололтой юм. Гэхдээ энэ бүхнийг өөрийг нь Ерөнхийлөгчөөс буусны дараа гэнэт бий болж, авлига хавтгайрч, ажилгүйдэл, ядуурал газар авчихсан юм шиг эндүүрэх нь харамсалтай. Тэгсэн хэрнээ улс төрд өргөж гаргасан гэх хүмүүсээсээ өр нэхсэн гомдолдоо шатаж эцэстээ мань хүн өөрийг нь улсын Ерөнхийлөгч болтол өргөж явсан намаа өшиглөж яваагаа эндүүрэл гэж үзэхгүй л байгаа юм. Би л энд байхгүй бол бусад нь хамаагүй гэсэн дүрмээр тоглож байна, тэр. Өргөж гаргасан гэх хүмүүс нь их улс төрөөс өшиглөж буйн хариуд Н.Энхбаяр өргүүлж явсан намаа хагалах, хүчгүйдүүлэх далд улс төр хийж байгаа. Харин нийгэмд ил гарч байгаа мэдээллээр бол Н.Энхбаярын үйлдэл ихэнхдээ эерэг болж харагдах юм. Н.Энхбаярын үйлдэл ч гэж дээ, түүний далд улс төрийг МАН-ынхан эерэг болгож ард түмэнд харуулаад байгаа юм. Товчхондоо, Н.Энхбаярын далд улс төрийн эерэг PR-ийг МАН-ынхан өөрсдөө хийж байна.
Цаг үеийн бүх дарга нар нь гарын үсэг зурж, гуйх мэдэгдэхийн аль нь үл мэдэгдэх захидал бичээд л. Хувийн бизнесийг нь зааж, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд нь халдаад л. Хүний олон хүнээ барьдаггүй л байхгүй юу. Цаасан дээрх нэрээ сольж, нийгэмд тогтсон муу нэр, луу данснаасаа салж ядаж яваа залуус нь “Н.Энхбаярыг намаас хөө” гэж жагсаад л. Саяхан, хоёр жилийн өмнө л эдгээр залуус, холбооны тэргүүн Л.Оюун-Эрдэнэ, Ж.Мөнхбат нар “number one” нэртэй хөдөлгөөн байгуулаад Намбарын Энхбаяр бол номер нэг улс төрч гээд л тахин шүтэж, Ерөнхийлөгчийн сонгуулийнх нь хар PR-ийн туг болон намирч яваагүй бил үү.
Урваж шарвана, үзэл бодлоо хурдан түргэн солино гэхэд хоёр жил гэдэг улс төрд удаан явах залуу хүмүүст арай л богино хугацаа шиг санагдана. Зөрчилдлөө, талцлаа гэхэд унаж явсан намыг босгож ирсэн экс даргаа, улсын Ерөнхийлөгч байсан гишүүнээ намаас хөөх гэж жагсах нь хүний ёсонд тийм ч сайхан жудаг биш байх. Ердийн нэгэн сул иргэн бүхэл бүтэн намыг өмнөө ингэж жижигрүүлж байгааг нь харвал Н.Энхбаяр Монголын улс төрдөө л агуу хүн ч юм шиг. Бодит байдалд иргэн Н.Энхбаярын үйлдэл бүрийг өлгөн авч, өмнө нь очиж жижигрээд байгаа МАН л түүнийг агуу болгож харагдуулаад байх юм даа.
У.ХҮРЭЛСҮХ БА МАН
Намын рейтингийн тал нь намын даргын нэр хүнд гэдэг. Төгс парламентын засаглалтай оронд сонгуульд ялсан намын дарга Ерөнхий сайд болдог нь энэнтэй холбоотой байх. Харин ерөнхий нарийн бичгийн даргын нэр хүнд намын рейтингэд яаж нөлөөлдгийг сайн мэдэхгүй юм. Ерөнхий нарийн бичгийн дарга бол намынхаа, намын даргынхаа нэр хүндийг тодруулдаг, эв нэгдлийг хангадаг, хамаг “гал тогоо”-ны ажлыг хийдэг гол албан тушаалтан. Гэтэл МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх сүү лийн өдрүүдэд намын даргаасаа илүү тодрох гээд байгаа ч юм шиг, бодитой бий болж эхэлсэн намынхаа дотоод хагарлыг хөөрөгдөөд байгаа ч юм шиг үйлдлүүд хийв.
Түүний энэ дураараа “сэлэм эргүүлэлт” МАНын хасах рейтингийн талыг ч эзэлж болох юм. У.Хүрэлсүх МАН-ын бүх шатанд ажилласан, эрч хүчтэй залуу улс төрч. Цагтаа намаа хамгаалан Н.Энхбаярын дарангуйллын эсрэг дуугарч явсан, чуулганы танхимд Ц.Элбэгдоржийн Засгийн газартай, гудамжинд иргэний хөдөлгөөнийхөнтэй тэрсэлдэж тэмцэж явсныг улс төрд ойрхон хэн бүхэн л мэднэ. Урьдын энэ гавьяа, тэмцлийн арга барил нь ерөнхий нарийн бичгийн даргын суудал дээрээс намыг удирдахад тохирохгүй ажээ. Ерөнхий нарийн бичгийн дарга бол сэлэм эргүүлдэг албан тушаалтан биш. Ерөнхий нарийн бичгийн дарга бол салж явах гэснийг нь нийлүүлдэг болохоос салж явахыг нь хөөрөгддөг, шалтаг гаргаж суудаг албан тушаалтан биш баймаар.
Урагшаа явж байгаа юм болгоныг арагш татаж шантааж хийдэг улс төрчдийг шахах У.Хү рэлсүхийн тэмцлийг олон хүн дэмжинэ. Гэхдээ санаа нь зөв ч, арга нь буруу. Гаргаж буй үйлдэл нь бүр буруу. У.Хүрэлсүх том намын ерөнхий нарийн бичгийн дарга байж болно. Тэгэхдээ парламентын албан ёсны бүтэц болох намын бүлгийн хуралд орж ирээд төрийн түшээдийг “ална шулна” гэж цамнаж явдаг хэмжээгүй эрхтэй нэгэн биш билээ. Энэ үйлдлийнхээ дараа тэрбээр “УИХ-ын гишүүний бүрэн эрх гэж юу байдаг юм” гэж ярилцлага өгсөн байх юм. Ард түмний санах ойг богино гэж басаж болохгүй. Саяхан л тэр Н.Энхбаяртай үзэлцэж хууль цагдаагаар явахдаа “УИХ-ын гишүүний дархан эрх”-ийн хамгаалалтан дор чөлөөт иргэнээр байж хэргээ шийдүүлээгүй сэн бил үү.
“Хадгаламж” банкны хэрэгт шалгах гэсэн Т.Бадамжунай, У.Хүрэлсүх, Г.Занданшатар нарыг тухайн үед УИХ-ын гишүүний дархан эрх л хуулийн байгууллагаас хоёр ч удаа авч үлдсэн дээ. Одоо Л.Гүндалай, О.Чулуунбат нарыг шалгах гэхээр мөнөөх л УИХ-ын гишүүний бүрэн эрх нь хамгаалалт болдог. Тэгэхээр УИХ-ын гишүүний бүрэн эрхийн сүр хүчийг хамгийн сайн мэдэх хүний нэг нь У.Хүрэлсүх өөрөө. Заримдаа хуулиас ч хүчтэй болдог УИХ-ын гишүүний энэхүү бүрэн эрх иргэн У.Хүрэлсүхийн өмнө хүчгүйднэ гэж байж болох уу. Мэдээж болохгүй. Цаад хүмүүс нь шантаажчид байж болох ч төрийн түшээгийн бүрэн эрх нэг намын ерөнхий нарийн бичгийн даргынхаас илүү байх нь гарцаагүй.
Магадгүй, У.Хүрэлсүх ерөнхий нарийн бич гийн даргын хувьд Д.Тэрбишдагва, Ц.Даваасүрэн нарыг “дарж авах” замаар цаашдаа энэ намаас явна, сална гэсэн хэн бүхэнд, бас шантаажчин улс төрчдөд сануулга, анхааруулга өгөх гэсэн байж болох л юм. Н.Энхбаярын намын дарга байхдаа ашигладаг байсан энэ арга одоо явахгүй л дээ. Харин ч хувь хүмүүсийн зөрчлийг намынх болгож хөөрөгдлөө. Долоодугаар сарын 1-нд намын байрыг нь шатааж байхад харагдаагүй Нийгмийн ардчилал, Монголын залуучуудын холбооныхон гэнэт гарч ирсэн нь “намын дэргэдэх байгууллага уу, эсвэл У.Хүрэлсүхийн залуус уу” гэх эргэлзээг төрүүлэв. Тэд байгууллагынхаа нэрийг өөрчилсөн ч намынхаа мууд барьдаг “мод, чулуу”, хэн нэгэн улс төрчийн гар, хөл болдог үйл ажиллагааны хэлбэр нь хуучнаараа байгаа нь харамсалтай.
Ерөнхий нарийн бичгийн даргын мэдэгдэл, залуусын жагсаал нь Д.Тэрбишдагва нарт харин ч сайхан далим авчирлаа. Парламентад Н.Энхбаярын бие төлөөлөгч нь ганц Ц.Шинэбаяр байсан бол Д.Тэрбишдагва, Балдан-Очир, Ц.Даваасүрэн гээд энэ УИХ-ын цөөнхөөс ч олон гишүүн Ардын намын одоогийн удирдлагын эсрэг зогсохыг үгүйсгэхгүй болгов. Одоо Н.Энхбаярыг намаа албан ёсоор байгуулсны дараа У.Хүрэлсүхэд шахуулсан бүхэн түүн дээр очиж ирэх сонгуульд нэр дэвшвэл яах вэ. МАН-д халгаагүй юү. Зодуулсныг, хөөгдсөнийг нь өрөвддөг монгол сэтгэхүйг огт тооцоолохгүй эрдэж болох уу. Үүний оронд тэднийг зөнгөөр нь орхичихсон бол өнөөдрийнх шиг ингэж тодрох уу, үгүй юү, мэдэхгүй. Сайндаа л хэвлэлээр хэдэн удаа гарна биз.
У.Хүрэлсүх дарга “нам нэрээ сольсон, шинэч лэлийн галт тэрэг аль эрт хөдөлсөн” гэжээ. Хэрвээ хөдөлсөн л юм бол галт тэрэг буцаж ухардаггүй юм. Намын даргынх нь тэргүүлсэн Засгийн газар хөгжлийн төлөө урагшаа явахыг уриалж байхад түүнийг Ерөнхий сайдаар томилуулсан нам нь жагсаал цуглаанаар асуудлыг шийддэг, айлгадаг хуучин аргаасаа салаагүй яваа нь энэ намын удирдлагад байгаа хоёр толгой нэг баг болж чадаж байна уу, үгүй юү гэдэгт ч эргэлзмээр. Уг нь С.Батболдын хүн бүхний эвийг олдог зан, У.Хүрэлсүхийн дайчин чанар хоёрын нийлбэр намын удирдлагад нэн сайн зохицно гэсэн таамаг байлаа. Гэтэл энэ хоёр даргын нийлэх ёстой чанарууд хоёр тийшээ салж, С.Батболдын зөөлөн нь дэндэж, У.Хүрэлсүхийн хурц, түргэн зан хэрээс хэтэрч, дунд нь МАН нэгдмэл удирдлагагүй мэт харагдах болов. Өнөөдөр Н.Энхбаяр, Түр штабынхан эрх мэдэлтэйдээ, мөнгөтэйдөө, мундагтаа ингэж тодроод МАН-ыг сандаргаад байгаа юм биш шүү дээ. Хэрвээ эрх мэдэл яривал МАН-д засгийн бүх эрх мэдэл бий. Байгаа учраас л МАХН гэсэн товчлолтой бүх нэрийг түрүүлж авч чадсан хэрэг. Санхүү яривал Бага хуралд орохын тулд л тэрбумаар нь хандивладаг гишүүдтэй МАН хамаагүй илүү их мөнгөтэй. Харин Н.Энхбаярын, Түр штабын үйлдэл бүрд МАН-ынхан намаараа оролцож тэднийг тодруулаад, томруулаад байгаад л хамаг учир байна. Том өрсөлдөгчөөс зүүгдэж улс төрд тодордог технологийг нөгөө тал сайн мэдэж байгаа бол, Ардын намынхан мэддэг ч мөрдөж тэвчихгүй явна. Ээлжит болгоомжгүй хэлсэн үг, болчимгүй үйлдлийг нь анасан, түүн дээр дөрөөлж улс төр хийх гэсэн бүлэглэлд ерөнхий нарийн бичгийн дарга нь хүртэл олз болох юм. Тийм ээ, нэрээ сольсон МАН Төрийн ордонд эрх барихын зэрэгцээ гудамжинд яваа жижиг улс төр бүхнийг очиж тодруулдаг “томруулдаг шил”-ний үүргийг давхар гүйцэтгэх болжээ. Монголын улс төрдөө л агуу нам ингэж “агуу” солиорох гэж.
Хуваарилалт нь шог байна, Ерөнхий сайд аа
Дэлхийн бүх автомашиныг “Бенз ба бусад” гэж хоёр хуваадаг гэдэг. Үүн шиг Монголын төр заримдаа ард түмнээ “төрийн албан хаагчид ба бусад” гэж ангилдаг. Машины тухайд PR шинжтэй хошигнол бол ард түмнээ хуваасан манай эрх баригчдын ангилал нь амьдралд бодитой хэрэгжүүлдэг хууль, шийдвэрүүдээр илрэх юм. Уг нь иргэдээ яс үндэс, шашин шүтлэг, өмч хөрөнгө, ажил мэргэжил, нас хүйс, боловсролоор нь ялгаварлан гадуурхахгүй гэсэн Үндсэн хуулийн заалттай. Хүн бүр хууль, шүүхийн өмнө адил тэгш эрхтэй байх хуулийн зарчим ч бий. Гэтэл төрийн албан хаагчдын цалинг 30 хувь нэмж, нэг хүүхдийнх нь сургалтын төлбөрийг төрөөс даана. Хорин жилийн хугацаатай жилийн найман хувийн хүүтэй орон сууцын зээлд зөвхөн төрийн албан хаагчид л хамрагдана. Жишээ нь, энэ өдрүүдэд УИХ-аар Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Энэ нь эрүүл мэндийн салбарын суурь эрх зүйн зохицуулалт төдийгүй өвддөг, эдгэдэг махан биетэй хүн бүхэнд хамаатай хууль. Тус салбар зах зээлийнхээ жамаар хөгжих, өнөөдрийнх шиг хуучнаараа үлдэх, үгүй нь энэ хууль яаж гарахаас шууд шалтгаална.
Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг бие даалгах, даатгалын санг тусад нь гаргах, өвчтөн даатгалынхаа хүрээнд эмчээ, эмнэлгээ өөрөө сонгодог болохыг олон хүн энэ хуулиас хүлээж буй. Харин эрхэм гишүүд төрийн албан хаагчдын гадаадад эмчлүүлэх замын зардалд зориулж Эрүүл мэндийн сайдын багцад төсвөөс хуваарилдаг мөнгөнд илүү санаа тавиад байгаа бололтой. Мэдээж, төрийн жирийн албан хаагч дад энэ мөнгө олдохгүй. Төрийн ордон, салбарын яамдаас холхон ажилладаг эмч, багш нар, орон нутгийнханд бол сураггүй. Ажилгүй иргэд, хувийн хэвшлийнхэнд бүр хуулиар хаалттай. Тэгсэн хэрнээ хуульд нийцүүлэн жилд төрийн дээд зиндааны албан хаагчид, эсвэл тэдний үр хүүхэд, ах, дүү нар болох 100-150 хүнд тус бүр дунджаар 2-3 сая төгрөгийг эмчилгээний замын зардал гэж олгодог байна.
Нийгэмд ажил хөдөлмөр хийж байгаа бүх хүнийг ерөнхийд нь “баялаг бүтээгчид” ба “бү тээсэн баялгаас хүртэгчид” гэж хоёр ангилна. Төрийн албан хаагчид баялгаас хүртэгчид гэсэн хэсэгт багтана. Төрийн албанд ажиллах нь хүнд, хэцүү гэдгийг үгүйсгэхгүй. Тэнд шударга нь ч бий, хүнд сурталтан ч бий. Төрд ажиллах, зүтгэх нь нэр төрийн хэрэг байдаг байлаа. Одоо бол төрийн албыг цалин, хангамж талаас нь харж сонирхох нь илүү болжээ. Төрийн алба хэцүү, чимхлүүр учраас тэнд чадвартай нь шилэгдэн ажилладаг байсан бол одоо цалин өндөр, хангамж илүү учраас улс төрчдийн танил тал, ах, дүү нар л төрийн албанд олноор шургалах болжээ. Гэхдээ баялаг бүтээгчид болон жирийн татвар төлөгчид нь баялгаас хүртэгчдийнхээ цалин хангамж, бас байртай болж байгаад нь барьцдаггүй. Харин тэдэнтэй дүйцүүлсэн, байг гэхэд дөхсөн цалин хөлс, бас боломжийг бусдад яагаад адилхан өгч болдоггүйг сайн ойлгодоггүй. Ойлгож амжаагүй байтал дараагийнх нь “ангилал” нь залгалаа.
Тавантолгойн хувьцаан дээр иргэдээ “компанитай, компанигүй” гэж хоёр хуваалаа. Ерөнхий сайд С.Батболд Тавантолгойн ордоос бүх ард түмэндээ ижил тэгш хувьцаа эзэмшүүлэхээ мэдэгдсэн. Тэр дагуу иргэн бүр 536 ширхэг хувьцаатай боллоо. Тавантолгойн ордыг анх 14-хөн гэр бүл, дараа нь 999 компани эзэмших гэж байсныг бодвол иргэн бүр 536 ширхэг хувьцаатай болох нь дэвшил. Гэхдээ л хуваарилалт нь шог юм.
Жорж Оурвэллийн “Амьтны ферм” зохиолд “амьтан бүхэн тэгш эрхтэй. Түүний дотроос гахай бүр илүү тэгш эрхтэй” гэж өгүүлдэг. Тавантолгой дээр “Монгол хүн бүр 536 ширхэг хувьцаа эзэмших эрхтэй, түүний дотроос хувьдаа компанитай нь бүр илүү олныг эзэмших эрхтэй” гэсэн зарчим үйлчиллээ. Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягийн мэдэгдэж буйгаар Тавантолгойн нийт хувьцааны 10 хувь болох 1.5 тэрбум ширхэг хувьцааг 2010 оны зургаадугаар сарын 30-наас өмнө байгуулагдсан 50 мянга гаруй компанид эзэмшүүлнэ. Нэг компанид ойролцоогоор 30 гаруй мянган хувьцаа ногдох юм байна. Энэ нь компанигүй иргэний 536 ширхэг хувьцаанаас бараг 56 дахин олон гэсэн үг.
Компанигүй нь 536 ширхэг хувьцаатай байхад хувьдаа ганц компанитай нь 30 гаруй мянган хувьцаатай болно. Олон “охин” компанийн эзэн бүр олныг эзэмшинэ. Хэрвээ хүн бүр баялгийнхаа эзэн, тэдэнд ижил тэгш эрхтэйгээр хувьцаа эзэмшүүлэх Ерөнхий сайдын үг үнэн л юм бол энэ нь шударга хуваарилалт мөн үү. 536 ба 30 мянгаас дээш гэдэг нь “чамд долоо, надад долоохон” гэдгээс арай өөр сонсогдож байгаа биз.
Үүнээс гадна Монголд өнөөдөр үнэхээр 50 мянга гаруй компани бодитой ажиллаж, татвараа төлөөд явдаг уу гэвэл үгүй. Жижиг бизнес эрхлэхийн тулд дургүйд хүчгүйн эрхэд байгуулсан, гэрчилгээнээс өөр өмчгүй, үйл ажиллагаа явуулаагүй учраас “Х” тайлантай компани олонх нь байгаа. Нэг компанид 30 гаруй мянган ширхэг хувьцаа ногдож, нэгж хувьцааны нэрлэсэн үнийг нэг доллароор тооцоход л хувьдаа ганц компанитай хүн 30 мянган ам.доллар төлж байж хувьцаагаа авна. Жижиг ТҮЦ байгуулахын тулд хувиараа засвар, үйлчилгээ үзүүлэх гэж “хүчээр” компани байгуулсан хүмүүс энэ дайны мөнгийг төлөх үү.
Өнгөрсөн оны эцсийн дүнгээр Монголд 67 801 компани бүртгэлтэйгээс 55 535 нь л тайлангаа ирүүлжээ. Эдгээрийн 23 000 нь үйл ажиллагаа явуулаагүй “Х” тайлантай, 10 мянга нь алдаг оног ажилладаг учраас татварын өртэй явдаг байна. Тэгэхээр өнгөн дээрээ 50 мянга гаруй компанид хувьцаа тараах ч үнэн чанартаа мөнгөтэй 4-5 мянган компанийн эзэд л энэхүү 1.5 тэрбум хувьцааг цуглуулах гэж “алалцана”, цөөхөн хэдэн хүнд л Тавантолгойн 10 хувь төвлөрөх магадлал байна.
Компаниуд Тавантолгойгоос заавал хувьцаа эзэмших зайлшгүй шаардлагатай юм бол үүнийг иргэдээр дамжуулж яагаад болдоггүй юм. Компани гэдэг өөрөө иргэн. Компанийн үүсгэн байгуулагч, удирдлага, ажилчид бүгд л иргэд. Ингэж иргэдээрээ дамжуулж компаниудад хувьцаа эзэмшүүлэх нь хамгийн шударга хуваарилалт төдийгүй газрын доорх баялаг бүх ард түмний өмч, хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй гэдэг зарчимтай нийцнэ. Хүн бүр 536 биш, 1072 ширхэг хувьцаатай болно. Түүнээс бус, төрд бүртгэлээс өөр дансгүй, үүсгэн байгуулагч нь хоосон гэрчилгээнээс өөр өмчгүй компаниудад хувьцаа тараах нь улс төрийн хулгай. Санхүүгийн чадвартай цөөн хэдэн компанийн эздэд Тавантолгойгоос хувьцаагаар дамжуулж хулгай хийх боломж олгож байгаатай адил юм биш үү, Ерөнхий сайд аа.
Хэрвээ ингэж нэгээс нь аваад нөгөө хэсэгт өгөх л байсан юм бол Тавантолгойг анх 14 компаниас авсны, дараа нь 999 компанийг оруулахгүй гэж шахсаны хэрэг гарах уу. Эсвэл тооны хувьд 14 ба 999-өө арай олон болгож байгаа хэрэг үү. Нийгмийн цөөнхөд үйлчилсэн иймэрхүү хуулийн тухай нэрт эдийн засагч Эрнандо Сото “Аливаа хууль хүний эрхийг хамгаалахаас гадна нийгмийн олонход үйлчилдэг байх ёстой. Цөөн элитэд үйлчилдэг хуультай, хууль нь бизнесийн болон шударга зарчимтай нийцээгүй бол түүнийг ардчилалтай, нээлттэй эдийн засагтай орон гэж үзэх боломжгүй” гэжээ. Хувьдаа компанитай 50 мянга гаруй хүнд бусдаас хэд дахин олон хувьцаа эзэмших боломж олгосныг нийгмийн олонход үйлчилсэн, шударга зарчимд нийцсэн хууль гэж үзэх үү. 2.7 сая иргэн дотроо хувьдаа компанитай 50 мянга гаруй хүнийг нийгмийн цөөнх биш гэдгийг яаж ч үгүйсгэх гээд нэмэргүй байх.
Тавантолгойн 1.5 тэрбум хувьцааг компаниудад тараах хоёр шалтгаан эрх баригчдад байх шиг. Нэгт, хувьцаа зарж мөнгө босгох, хоёрт, “Монгол 999” компанийн шахалт. Тавантолгой бол мөнгөний гачаалтай, дутагдалтай төсөл биш. Дэлхийн анхааралд орчихсон, дэлхийн хэмжээний хөрөнгө оруулагчдын сонирхлыг татсан, харин ч мөнгөний илүүдэлтэй төсөл гэдгийг хүн бүр мэднэ. Сэтгүүлчийн хардах эрхээ эдлэхэд эрх баригчид магадгүй Тавантолгойн 10 хувийг Монголын компаниудад зарж босгосон мөнгөө өнгөрсөн сонгуулийн бэлэн мөнгөний амлалтдаа зориулах гэж байхыг үгүйсгэхгүй юм. Тэгвэл харамсалтай л байна.
Тавантолгойн тендер хойшоо сунасан, сонгууль ойртсон цаг хугацааны тохироо нь ийм хардлагыг төрүүлэхээс гадна хөрөнгө оруулагчдаас авна гээд байгаа урьдчилгаа төлбөр ч сонгуулийн популизмд зориулагдах магадлалыг өндөрсгөж байна. Харин “Монгол 999” компанийн шахалт бол ач холбогдол багатай. Хэрвээ компаниудын хувьцааг болиулж, нэг хүнд 1072 хувьцаа тараахаар болбол 999-ийнхөн үүнийг хүчтэй эсэргүүцэх ч үгүй, эсэргүүцээд ч нийгмийн дэмжлэгийг сүртэй авахгүй байх. Ер нь анх ийм нэгдэл байгуулагдаагүй бол компаниудад хувьцаа тараах санаа эрх баригчдаас гарахгүй ч байсан байж магад. Зөвхөн 999 компанид хувьцаа тараахгүй гэсэндээ л бүх компанид өгнө гэх хавтгайрсан улс төр энд явчих шиг болсон.
Хэдэн жилийн өмнө гишүүн Н.Батбаяр зэсэн дээр гэнэтийн ашгийн татвар тогтооход Ардын намынхан алтан дээр бас тогтоож автор хуваалцсан. Үүн шиг л Гэнэтийн ашгийн татварын барьцаатай төсөөтэй гэнэтийн энэ шийдвэр нь Тавантолгой дээр бас гэнэтийн бэрхшээлүүд олныг гаргана даа. Үүсгэн байгуулагчид, эзэмшигчид нь компаниа булаацалдана, гадаадын хөрөнгө оруулалттай нь шахагдана. Энэ бүхний эхлэл болгож сүүлийн үед хэвлэлээр элбэг үзэгдэх болсон “2010 оны зургаадугаар сарын 30-наас өмнө байгуулсан компани худалдаж авна” гэсэн шинэ төрлийн зарыг Тавантолгойн ажлын хэсгийнхэн тоолж нэг үзээсэй. АН-ын зарим залуус “Ерөнхий сайдыг Тавантолгойн ашгаас гэр хорооллынхонд хоёр өрөө байр үнэгүй өг, чадахгүй бол огцор” гэх мэтээр хийрхэж хөгжлийн том хөшүүргийг хаврын улс төрийн синдром болгочихсон л тууж явна.
Улс төрийн зорилготой ийм хийрхэл эрх баригчдад шог л сонсогдож байгаа нь мэдээж. Тэгвэл иргэдээ компанитай, компанигүйгээр нь ялгаварласан хувьцаа хуваарилалт нийгмийн олонход бас шог л санагдаж байна.
Г.Отгонбаяр