Авлигын төсөөллийн индексийг “Транспэрэнси интернэшнл” төрийн бус байгууллагаас 31 дэх жилдээ гаргаж, өчигдөр зарлалаа. Манай улс 31 оноотойгоор 182 улсаас 124 дүгээрт эрэмбэлэгджээ. Өөрөөр хэлбэл, өмнөх оноос хоёр оноогоор буурч, 10 байраар ухарсан үзүүлэлттэй байгааг тус төрийн бус байгууллагынхан танилцуулав. Жил бүрийн өдийд бид энэ талаар байнга ярьдаг ч энэ үедээ нэг үгийг орхигдуулдаг юм. Тэр нь “төсөөллийн” хэмээх үг. Авлигын төсөөллийн индекс буюу авлигын талаар шинжээч, бизнес эрхлэгчдийн төсөөлөлд үндэслэн гаргадаг судалгааны дүн юм шүү дээ. Төсөөлөл гэхээр тас худлаа гэж үгүйсгэх аргагүй ч туйлын үнэн хэмээн үзэх бас боломжгүй.
Монгол Улсын хувьд 2025 онд найман эх сурвалжийн үнэлгээгээр Авлигын төсөөллийн индексийг тооцсон юм байна. “Глобал инсайтУлс орнуудын эрсдэлийн үнэлгээ” буюу “бизнес эрхлэгчид авлигад өртдөг, эсэх” гэсэн асуулгаар өмнөх оноос өөрчлөлтгүй гарчээ. Түүнчлэн “Бэртслманн сан-Улс орнуудын шилжилтийн индекс” судалгаа буюу “төрийн албан хаагч авлигын гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээдэг, олон нийт шүүмжилдэг, эсэх”, “Засгийн газраас авлигатай үр дүнтэй тэмцдэг, авлигатай тэмцэх механизмтай эсэх” гэсэн хоёр асуулгаар өмнөх онтой ижил оноотой үнэлэгдсэн байна.
Харин “Ай Эм Ди-Дэлхийн өрсөлдөх чадварын судалгаа” буюу “авлига болон хээл хахууль байдаг, эсэх”, “бизнес эрхлэгчид авлигад өртдөг, эсэх”, “иргэд авлигатай тулгардаг эсэх” гэсэн гурван асуулгаар тав, “Пи Ар Эс группЭрсдэлийн үнэлгээ” буюу “улс төрийн хүрээнд авлига байдаг, эсэх” гэсэн асуулгаар долоо, “Дэлхийн эрх зүйн төслийн Хууль дээдлэх ёсны индекс” судалгаа буюу “гүйцэтгэх, шүүх, цэрэг цагдаа, хууль тогтоогч нь эрх мэдэл, албан тушаалаа хувийн сонирхлын үүднээс ашигладаг, эсэх” гэсэн асуулгаар гурав, “Эдийн засгийн мэдээллийн нэгж-Улс орнуудын эрсдэлийн үнэлгээ” буюу “төсөв, албан тушаалтан, тусгай сан, томилгоо, аудит, хараат бус шүүх, хахууль өгөх заншил” гэсэн асуулгаар нэг, “Дэлхийн эдийн засгийн форум-Үзэл бодлын судалгаа” буюу “бизнес эрхлэгчид авлигад өртдөг, эсэх”, “төсвийн хөрөнгийг шамшигдуулж, зориулалтын бусаар зарцуулдаг, эсэх” гэсэн хоёр асуулгаар нэг оноо гэх мэтээр тус тус буурсан байна.
Тэгвэл “Ардчиллын олон талт байдлын төсөл (V-Dem)” судалгаа буюу “улс төрийн хү рээнд авлига байдаг, эсэх”, “иргэд авлигатай тулгардаг, эсэх” гэсэн хоёр асуулгаар өмнөх оноос таван оноогоор өсссөн аж. Ингэснээр манай улс найман үзүүлэлтийн хоёр нь хэвийн, тав нь буурсан, нэг нь өсөлттэй үнэлэгджээ.
Энд нэг сонирхолтой дүгнэлт хийж болохоор харагдана. Дээрх найман эх сурвалжийн үнэлгээний зарим асуулга давхардаж буй. Тухайлбал, “бизнес эрхлэгчид авлигад өртдөг, эсэх”, “иргэд авлигатай тулгардаг, эсэх”, “улс төрийн хүрээнд авлига байдаг, эсэх” гэсэн гурван асуулга дөрвөн өөр эх сурвалжийн үнэлгээнд давхарджээ. Тэдгээр дөрвөн эх сурвалжийн үнэлгээгээр дээрх гурван асуулга өөр өөр байдлаар илэрхийлэгдсэн байгаа юм. Жишээ нь, “Пи Ар Эс групп-Эрсдэлийн үнэлгээ”-гээр “улс төрийн хүрээнд авлига байдаг, эсэх” гэдэг асуулгаар манай улс долоон оноогоор доошилсон атал “Ардчиллын олон талт байдлын төсөл (V-Dem)” судалгааны “улс төрийн хүрээнд авлига байдаг, эсэх” асуулгаар манай улсын үнэлгээ таван оноогоор дээшилсэн байх юм. “Иргэд авлигатай тулгардаг, эсэх” гэх асуулгад “Ай Эм Ди-Дэлхийн өрсөлдөх чадварын судалгаа”-ны эх сурвалжаас таван оноогоор буурсан бол “Ардчиллын олон талт байдлын төсөл (V-Dem)” судалгааны эх сурвалж таван оноогоор өссөн үзүүлэлт гаргасан байна. Яг ижил асуулгаар өөр өөр үнэлэгдсэн гэсэн үг. Энэ бол шинжээч, судлаачдын төсөөлөл дээр тулгуурлан гардаг судалгаа гэдгийг нотолж буй юм.
Авлигын төсөөллийн индексийн үзүүлэлтүүдэд тулгуурлан “Транспэрэнси интернэшнл” байгууллагаас Монгол Улсад хэд хэдэн зөвлөмж өгсөн. Энэ нь манай улсын авлигын эсрэг цаашид баримтлах бодлогын гол чиглэлүүд хэмээн ойлгож болно. Монгол Улс үйлдвэрлэлийг хөгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн бий болгох, цөөн нэр төрлийн бүтээгдэхүүнээс хамааралтай эдийн засгийн бүтцээ өөрчлөх, нийгмийн халамжийн бодлогоо оновчтой хэрэгжүүлэх, хүний эрхийг бүх салбарт бүрэн хангах, улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох, олборлох салбарын санхүүгийн гүйлгээ, хандив, тусламж, татварын мэдээлэл, төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах, удирдлагыг зөвхөн чадавхад суурилан томилох, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн эцсийн өмчлөгчийг ил тод болгох, хөрөнгө оруулалтын гэрээг нээлттэй байлгах, шүгэл үлээгчийн тухай хууль батлах шаардлагатай гэх зэргээр зөвлөжээ.
Манай улсыг олон улсын шинжээч нар “хууль эрх зүйн орчин тогтворгүй, төрийн хүнд суртал, дарамт их, бизнесийнхний ажиллах орчныг хууль, татвар, хөрөнгө оруулалтын бодлогоор хэт дарамталдаг, уян хатан бус бодлого баримталдаг, маргаан шийдвэрлэх хялбар, шуурхай механизм дутмаг, орон нутагт дэмжлэг сул, урт хугацаанд хэвшсэн төрийн байгууллагын арга барилын улмаас хариуцлага тооцох механизм сул хэвээр, улс төрийн нам, нэр дэвшигчдийн санхүүжилтэд зүй бус нөлөөлөл үүсэх эрсдэл өндөр хэвээр байгаа нь төрийн бодлого, шийдвэрт иргэдийн итгэх итгэлийг сулруулдаг” хэмээн онцолсон байна. Мөн төрийн өмчит компанийн засаглалын хүрээнд гүйцэтгэх удирдлагыг сонгон шалгаруулалтгүйгээр томилох, өндөр эрсдэл бүхий, их хэмжээний гэрээ хэлцлийг ил тод бус нөхцөлд байгуулах явдал түгээмэл, гэмт хэргийн шинжтэй зарим үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээс зайлсхийж, Зөрчлийн тухай хуулиар хөнгөн шийтгэл ногдуулж байгаа, шүүхийн шийдвэр дээд түвшиндээ бүрэн хэрэгждэггүй, шүгэл үлээгчийг хамгаалах эрх зүйн орчны талаарх хэлэлцүүлэг 2017 оноос хойш үргэлжилж байгаа боловч өнөөг хүртэл холбогдох хууль батлагдаагүй, бодит хамгаалалтын механизм бүрдээгүй” гэхчлэн дүгнэжээ.
Тэгэхээр Авлигын төсөөллийн индексийн үзүүлэлт жил ирэх тусам буурсаар байгаа нь манай улсын төр засаг, нийгэм, эдийн засаг, уул уурхай, хууль эрх зүй зэрэг бүх салбарын үйл ажиллагаанаас шууд хамааралтай нь харагдаж байна. Түүнээс биш ганц АТГ-ыг буруутгах юм уу, үгүйсгэж, зөвхөн нэг байгууллагад чиглэсэн оноо дүгнэлт энэ нь биш юм. Авлигын төсөөллийн индекс бол тухайн улс орны байгаа байдалд бүхэлд нь, тогтолцоонд нь, голлох институцэд нь өгч байгаа үнэлгээ юм. Үүнийг “Транспэрэнси интернэшнл”-ээс өгч байгаа зөвлөмжүүдээс илэрхий харах боломжтой. Хэдийгээр төсөөллийн судалгаа боловч Монгол Улсын одоогийн байр байдлыг үгүйсгэж гүтгээгүй бөгөөд цаашид засаж залруулах арга замууд зааж өгснийг эрх баригчид, улс төрчид хэзээнээс хэрэгжүүлж эхлэх вэ. Жил бүрийн өдийд авлигын индекс зарлагдахад АТГ руу асуудлаа чихчихээд бахь байдгаараа нүд, чихээ таглан суусаар байх уу. Хэзээ бид асуудлыг ул суурьтай, углуургаар нь үнэлж цэгнэн, бодитой ярьдаг болох юм бэ.