Улаанбурхан өвчнөөр дахин нэг хүүхэд эндэж, нийт 13 хүн нас барсныг ХӨСҮТ-өөс мэдээлэв. Тодруулбал, Хөвсгөл аймагт 11 сартай хүүхэд уг халдварын улмаас эндсэн байна. “Хөвсгөлд хэд хоногийн өмнө нас баралт бүртгэгдсэн. Өвчний оношийг шинжилгээгээр баталгаажуулсны дараа мэдээлсэн” хэмээн ХӨСҮТ-ийн ерөнхий захирал С.Энхболд хэлэв. Мөн энэ сарын 21-нд Хэнтий аймагт гурван сартай хүүхэд уг өвчний улмаас эндсэн юм. Өнгөрсөн баасан гаргийн байдлаар улсын хэмжээнд улаанбурхны халдварын батлагдсан тохиолдол 14 075 болж, дэгдэлд 351 дэх өдрөө үргэлжилж байна. Өвчлөгсдийн хамгийн олон буюу 5192 нь 10-14 насныхан. Одоогоор 58 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй бөгөөд ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт хавсарсан оноштой, зургаан сартай хүүхдийн биеийн байдал хүнд байгаа аж.
Ташрамд, эл өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэх боломжтой тул 10-15 насны хүүхдүүдийг нэмэлт дархлаажуулалтад хамруулж буй юм.
Ч.Болор