-Ганцхан сарын дотор хүчиндэх гэмт хэрэг 109 бүртгэгдсэн байна
Хулгай, дээрэм, зодоон цохион хийж болохгүй гэж бид үр хүүхдэдээ захидаг ч бэлгийн хүчирхийллийн талаар, эсрэг хүйсийнхээ хү ний биед дураараа хүрч болохгүй гэдгийг багаас нь хэлж ойлгуулдаг бил үү. Наад зах нь цахим орчинд танихгүй хүнтэй харилцахгүй байх, зураг, бичлэгээ явуулж болохгүй гэдгийг анхааруулан сануулж, нээлттэй ярилцдаг нь хэд бол. Бэлгийн харилцааны талаар хаалттай сэдэв байлгасаар ирсэн нь өсвөр насны хүүхдүүд мэдэхгүйгээсээ болж алдах, эрт жирэмслэх, үр хөндүүлэх, цаашлаад хүчиндэх гэмт хэргийн хохирогч, ялтан болоход нөлөөлж байж мэднэ. Бэлгийн хүчирхийлэл хол мэт санагдаж болох ч хамгийн ойр дотнын гэр бүл, ахан дүүс, хамаатан садан, ураг төрлийн холбоотой хүмүүс үйлддэг нь олон статистик, баримтаас харагддаг. Ялангуяа биеэ хамгаалах чадваргүй бага насны хүүхдүүд хайртай хүмүүсийнхээ харгислалд өртсөөр байна.
Монгол Улс хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хариуцлага тооцдог хуультай орон. Эрүү гийн хуульд бэлгийн хүслээ ёс бусаар хангах, хүч хэрэглэн бэлгийн харилцаанд орох нь хүчиндэх гэмт хэрэг гэж тодорхойлсон байдаг. Цагдаагийн байгууллагад энэ оны нэгдүгээр сард бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн мэдээнээс харахад Эрүүгийн хуулийн 12.1 буюу хүчиндэх гэмт хэрэг 109 байна. Үүнийг өнгөрсөн оны нэгдүгээр сарынхтай харьцуулахад 38 хувиар өссөн үзүүлэлт юм. Энэ нь нэг хоногт 3-4 хүн хүчиндэх гэмт хэргийн хохирогч болсон гэсэн үг. Үүний цаана цагдаагийн байгууллагад хандаагүй хэчнээн тохиолдол байгааг хэлэхэд бэрх. Улсын хэмжээнд хүчиндэх гэмт хэрэг 2024 онд 658, 2025 онд 633 бүртгэгдсэн байна.
Үүнээс гадна хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг буюу Эрүүгийн хуулийн 12.1-12.6-д заасан гэмт хэрэг энэ оны нэгдүгээр сард 134 бүртгэгджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 26 тохиолдлоор өссөн үзүү лэлт аж. Тодруулбал, хохирогчийн хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, эсвэл хүч хэрэглэхээр заналхийлж, биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж бэлгийн шинжтэй тодорхой үйлдэл хийсэн, хохирогчоор хийлгэж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан бол хорих ял хүртэл арга хэмжээ авдаг.
ХҮЧИРХИЙЛЛИЙГ ӨӨГШҮҮЛДЭГ СЭТГЭЛГЭЭНЭЭС САЛЪЯ
АНУ-ын Корнеллийн их сургуульд суралцаж байсан монгол оюутан Э.Б нь согтууруулах ундаа хэрэглэсний улмаас биеэ хянах чадваргүй байсан эмэгтэйг хүчирхийлж, 25 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгүүлэх нөхцөл үүссэн мэдээлэл оны өмнөхөн цахим орчинд тархсан. Харин монголчууд түүний үйлдсэн гэмт хэрэгт төвлөрөх биш, монгол хүний нэр төр, тухайн улсын хатуу хуулийн талаар шуугьж, хохирогчийг мартсан. Тухайлбал, эл хэргийн улмаас Корнеллийн их сургуульд 100 хувийн тэтгэлгээр сурч байсан оюутан залуугийн хичээл зүтгэл талаар болсонд ихээхэн харамссан сэтгэгдэл дүүрэн байв. Харин сошиал орчинд “Хариад” нэрээр танигдсан, нийгэм, соёлын сэтгэл зүйч Г.Уянгаа “Хүчирхийлэл бол харилцан секс биш, харин харгислалдаа ордог. Гадаад дахь монгол оюутнууд хүчирхийллийн хэрэгт холбогдсон тохиолдол анхных биш. Австралид байхад манай залуус хүчингийн хэргээр олуулаа шоронд сууж байсан. Үгүй гээд байхад нь “Эмэгтэй хүн үгүй гэж маягладаг, дуртай байдаг” гэх нийгмийн хэвшмэл буруу ойлголтод итгээд ялтан болчихдог. Манай эрчүүдэд зохистой болон зохисгүй бэлгийн харилцааны талаарх мэдлэг огт алга. 2024 онд Сэлэнгийн дөрвөн цагдаа хүүхэд хүчиндсэн хэрэг гарсан. Тэр нь сүүлдээ бараг бэлгийн харилцаа байсан мэтээр нийгмийн ёс суртахууныг гажуудуулсан. Бэлгийн хүчирхийллийг “сүртэй юм” гэдэг үгээр хаацайлж ирсэн нь манай нийгмийн алдаа” хэмээн бичжээ. Хүчирхийлэл үйлдэгчийг хүлээн зөвшөөрөөд байдаг нь хохирогчийг цагдаад хандаж чадахгүй айж ичиж, хэргийг нуун дарагдуулж, бие махбод, сэтгэл зүйгээрээ нэмж хохироход хүргэсээр.
Бусдын биед зөвшөөрөлгүй хүрэх, завхай үг хэллэг, үйлдэл гаргах, согтууруулах ундаа хэрэглэж, биеэ хянах чадваргүй байдлыг нь далимдуулан бэлгийн хүслээ хангах нь байдаг л зүйл мэтээр харж, ойлгож, хачирлан ярьж, “хошин шог” адилаар инээдэм болгох явдал манай улсад хэрээс хэтэрсэн. Харин бусад оронд биеэ хамгаалах чадваргүй байхад нь бэлгийн хүчирхийлэл үйлдсэн бол маш хүнд гэмт хэрэгт тооцдог. Тухайлбал, дээр дурдсан Э.Б-д холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал АНУ-д өнгөрсөн арваннэгдүгээр сард болж, түүнийг нэгдүгээр зэргийн хүчингийн, хоёрдугаар зэргийн хулгайн хэрэгт буруутай гэж үзэж, 25 жилийн ял төлөвлөсөн байна.
Энэ бүхнээс ямар сургамж авах вэ. Хүчирхийлэл зөвхөн охидод хамаатай бус, хөвгүүдэд бэлгийн боловсролын талаар зөв ойлгуулж, хэн нэгнийг хүсээгүй байхад бэлгийн харилцаанд орох нь эрүүгийн гэмт хэрэг гэдгийг хэлж өгье. Манай улсад согтууруулах ундаа хэрэглэсэн болон биеэ хамгаалах чадваргүй хүнийг хүчирхийлэхийг “зөвшөөрдөг” мэт ташаа ойлголт, төөрөгдөл нийгэмд газар авсан. Ийм төөрөгдөл нь эцэстээ ноцтой гэмт хэрэг үйлдэгчдийг ял шийтгэлгүй мултардаг мэт ойлголтод автуулж буйг хуулийн байгууллагынхан хэлсэн. Эрүүгийн хуульд хохирогчийг согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан зэрэг эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг нь далимдуулж хүчээр бэлгийн харилцаанд орсон бол тав хүртэлх жилийн хорих ял шийтгэнэ гэж цагаан дээр хараар бич сэнийг сануулахад илүүдэхгүй биз. Тэр тусмаа хүчиндэх гэмт хэргийг бүлэглэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн үйлдсэн, хохирогчийг жирэмсэн болгосон, бэлгийн замын халдварт өвчин халдаасан, урьд ийм гэмт хэрэг хийсэн нь тогтоогдсон, харгис хэрцгий аргаар үйлдсэн бол хүндрүүлэх нөхцөлд тооцож, бүх насаар нь хорих ял оноодог. Өөрөөр хэлбэл, хүчирхийлэгчдийг “дөнгөлөх” хууль манайд бий. Хуулийн хэрэгжилт, хохирогчийн эрх ашгийг хамгаалах ойлголт, хандлага л дутагдаж байна.
Саяхан нэгэн эмэгтэй нэр төрөөрөө дэнчин тавьж, оюутан ангийнх нь хөвгүүд өөрийг нь хүчиндсэн талаар олон нийтэд илчилсэн. 2011 онд СУИС-ийн дэргэдэх Соёл иргэншлийн сургуульд сурч байхад нь энэ хэрэг болжээ. “Миний бие хүнийх юм шиг санагддаг, амьд мэт харагддаг ч хэдийн үхсэн” хэмээх түүний ярианаас бие махбод болон сэтгэл зүйгээр яаж гэмтсэнийг төсөөлж болно. Энэ мэт хү чирхийллийн “сүүдэр”-т айдастай амьдарч буй хүн цөөнгүй.
БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЭЛД АЛЬ Ч ХҮЙСИЙНХЭН ӨРТДӨГ
Жендерт суурилсан бэлгийн хүчирхийлэл нь ихэвчлэн охид, эмэгтэйчүүдэд хамаатай байдаг болохоор хөвгүүдээ, эрэгтэйчүүдээ мартаж орхидог. Гэтэл бэлгийн хүчирхийлэлд өртсөн хөвгүүд цөөнгүй байдгийг хууль, хүчний байгууллагынхан хэлж байна. Шилжилтийн насанд хөвгүүд охидыг шохоорхож, татагдаж эхэлдэг. Энэ байдлыг нь ашиглан, бэлгийн хүслээ ёс бусаар хангадаг “гаж донтнууд” цөөнгүй гэнэ. Тухайлбал, эмэгтэй хүний зураг, нэр ашиглан фэйсбүүк хаяг нээж, өсвөр насны хүүхдүүдийн группэд хүсэлт илгээн, танилцаж, дотносоод 13, 14 насны 3-4 хөвгүүнийг хү чиндсэн гэмт хэрэг гарч байв. Эл хэрэг дээр ажилласан өмгөөлөгч нь “Өсвөр насны хөвгүүдийг сонгож, өөрийгөө 20 орчим насны эмэгтэй гэж ойлгуулж, итгэлийг нь олж аваад нэр, сургууль, гэрийн хаяг зэрэг эмзэг мэдээллийг нь цуглуулан, дөрвөн сар орчим хугацаанд харилцсаны дараа уулзах хүсэлт тавьсан байгаа юм. Гэмт этгээд хөвгүүд рүү эмэгтэй хүний нүцгэн зураг явуулж, өөрсдийнх нь нүцгэн зураг, бичлэгийг авсан. Үүнийгээ ашиглан эрхшээлдээ оруулж, хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн. Шүүхээс гэмт этгээдэд бүх насаар нь хорих ял оноосон” гэж ярьсан юм.
Эрүүгийн хуульд хүчиндэх гэмт хэргийн хохирогч бол бэлгийн халдашгүй байдал нь зөрчигдсөн аль ч хүйсийн хүн байж болно гэж заасан байдаг. Гэтэл хөвгүүд, эрчүүд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсноо нуудаг, хүн мэдэх вий гэхээс ихээхэн болгоомжилж, цагдаагийн байгууллагад хандах нь цөөн аж. Иймд эцэг, эх, асран хамгаалагчийн анхаарал, хайр халамж, хариуцлага хамгийн ихээр шаардлагатайг өмгөөлөгч нар хэлж байна. Хүлээн зөвшөөрч үл болох харгислалын эсрэг хоосон хашхирах бус, хариуцлага нэхэх нь хүн бүрийн үүрэг, оролцоо юм.
Э.МӨНХЗОЛБОО: Хүчирхийллийг нуун дарагдуулсан хүнд хариуцлага хүлээлгэдэг
Өмгөөлөгч Э.Мөнхзолбоогоос зарим зүйлийг тодрууллаа.
-Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүмүүс тухайн үедээ цагдаа, шүүхийн байгууллагад хандаж чадахгүй, хугацаа их алддаг. Ийм гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг яаж тооцдог вэ?
-Хүчирхийлэлд өртсөн тохиолдолд нэн даруй гомдлоо цагдаагийн байгууллагад гаргах нь зөв. Энэ төрлийн гэмт хэргийн хохирогчид хоёр шалтгаанаар цагдаагийн байгууллагад хандаж чаддаггүй нь өмгөөлөгчөөр ажиллах хугацаанд ажиглагдсан. Нэгдүгээрт, ойр тойрны хүмүүсийнхээ бэлгийн хүчирхийлэлд өртсөн бол аав, ээж, ахан дүүсээсээ айдаг. Хоёрдугаарт, огт танихгүй хүмүүсийн хүчирхийлэлд өртсөн бол нэр төрөө сэвтэх вий гэж эмээж, цаг хугацаа алдах тохиолдол цөөнгүй. Монголчууд хэрэг хуучирдаггүй гэж ярьдаг ч бодит байдалд хууль, дүрмийг мөрдөх, хэрэгжүүлэх хугацаа гэж бий. Эрүүгийн хуульд гэмт хэргийг хөнгөн, хүндэвтэр, хүнд гэж ангилдаг. Тухайн хэргийн учруулсан хор хохирол, хариуцлага, хөөн хэлэлцэх хугацаанаас хамаардаг. Гомдол гаргахгүй явсаар 10 жилийн дараа цагдаад хандлаа гэхэд тухайн хэрэг нь ямар төрлийнх вэ гэдгээс хамаарч, хөөн хэлэлцэх хугацааг хуулийн байгууллага тогтооно.
-Бэлгийн хүчирхийлэлд бага насны хүүхдүүд өртөх тохиолдол цөөнгүй. Гэвч ихэнхдээ хэргийг хэрэгсдэггүй гэдэг нь үнэн үү?
-Манай улсад яллагдагчаар татагдан, шүүхэд шилжүүлж буй хэргийн ихэнх нь хар тамхи, хүн худалдаалах, хүчиндэх гэмт хэрэг байна. Хохирогч мэдээллээ үнэн зөв өгч, холбогдох дүгнэлт нь гараад, буруутай этгээд яллагдагчаар татагдсан тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж бараг байдаггүй. Би энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон, 18 нас хү рээгүй олон хүүхдийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан. Аав, ээжийн найз нөхөд, ах, дүүс, хамаатан садан гээд маш ойрын хүмүүсийнхээ хүчирхийлэлд өртсөн тохиолдол олон. Эцэг, эх нь гэртээ хэдэн цагт ирдэг, ямар үед ганцаараа үлддэг гээд бүх мэдээллийг нь нарийвчлан мэддэг хүний хүчирхийлэлд өртсөн байдаг. Ихэвчлэн аав, ээж нь ажил ихтэй, завгүй, олон сар өдрөөр эзэнгүй орхидог, гадуур хэнтэй нийлж явааг тоодоггүй, анхаарал, халамж султай айлын хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртөх нь бий. Иймд хүүхэдтэйгээ маш ойр байж, хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй. Хичээлийн хуваарийг нь мэддэг, орой хэдэн цагт гэртээ ирдэг, ямар дугуйланд явдаг, хэнтэй найзалж нөхөрлөдөг гэх мэт хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахгүй бол дэмий сэлгүүцэх, бусдад уруу татагдах эрсдэлийг нэмдэг. Шөнө орой гэртээ ирэхгүйг аав, ээж нь мэдэхгүй байсаар даамжирч, хэд хоногоор хүртэл сураггүй болох тохиолдол гардаг. Цагдаагийн байгууллагаар хэд хэдэн удаа эрэн сурвалжлуулсан хүүхдүүд ч бий. Баян, ядуу бүх л улс оронд гэмт хэрэг гардаг. Үүнээс сэргийлэх гол алхам нь гэр бүлийн халуун дулаан орчин, хүмүүжил, аав, ээжийн хайр халамж юм. Амьдралын боломж, нийгмийн давхарга ямар байхаас үл шалтгаалж, хүүхдүүд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болж байна.
-Ураг төрөл, хамаатан садны дунд бэлгийн хүчирхийлэл гарч буйг мэдсээр байж, тусламж үзүүлээгүй, нуун дарагдуулсан хэрэг цөөнгүй. Хуулиар ямар хариуцлага тооцдог бол?
-Хүүхэд хүчирхийлэлд өртсөнөө мэдэгдэж, тусламж гуйсан байхад туслаагүй, цагдаагийн байгууллагад гомдол, мэдээлэл гаргаагүй, үүнийг нь бүр даамжруулж дараагийн хэргийн хохирогч болгох боломж бүрдүүлсэн бол хуулийн хариуцлага хүлээлгэдэг. Гэмт хэргийг нуун дарагдуулахтай холбоотой хуулийн хариуцлага бий. Жишээ нь, гудамжинд хүн зодуулж байхыг харчхаад 103, 102 дуудах нь иргэний үүрэг шүү дээ.
Бэлгийн хүчирхийлэл бол бие махбод, сэтгэл санаа, нэр төр, ирээдүй, зорилго тэмүүлэл гээд бүгдийг нь үгүй хийдэг харгис гэмт хэрэг. Иймд 2023 оноос дагаж мөрдөж буй Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгад сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох үнэлгээг тусгаж өгсөн. Тус хуулийн 40.1.1-д шүүх ямар төрлийн гэмт хэрэгт сэтгэл санааны хохирол тооцох тухай заасан. Тухайлбал, хүчиндэх, зам, тээврийн осол зэрэг хүний эрүүл мэнд, амь настай холбоотой хэрэгт хохирогчоор тогтоогдсон бол Шүүх шинжилгээний хүрээлэнгээс сэтгэл зүйн гэмтлийг тогтоож, 1-5 дугаар зэрэгт үнэлэх юм. Хүчиндэх гэмт хэрэг нь 3-4 дүгээр зэрэг буюу хүндэд тооцогддог. Хууль хэрэглээ талаасаа сэтгэл зүйн хохирлыг мөнгөн дүнгээр үнэлж байгаа ч гэмт этгээдүүд барагдуулж буй байдал нь төдийлөн сайн биш. Шүүхээс ял ногдуулсан хүмүүсийн амьдралын нөхцөл байдал харилцан адилгүйгээс төлбөрөө төлөх боломжгүй хүн цөөнгүй. Зарим нь автомашин, орон байраа зараад сэтгэл санааны хохирлыг бүрэн барагдуулж, ял хөнгөлж өгөхийг гуйх нь ч бий.