Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй билээ. Айлчлалын хүрээнд дэд бүтэц, тээвэр логистикийг хөгжүүлэх, томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэх боломжуудын талаар тус улсын холбогдох байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй санал солилцож байна. Юуны түрүүнд Японы “Ориентал консалтантс глобаль” компанийн ерөнхийлөгч Ёнэзава Эйжи тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх хүрээнд хийж буй судалгааны ажлыг эрчимжүүлэх, бүтээн байгуулалтыг эрт эхлүүлэх талаар хэлэлцжээ. “Чингис хаан” нисэх буудлыг барихад тус компанийнхан техник, эдийн засгийн үндэслэл боловсруулж, зураг төсөл гаргаж, манайд зөвлөхөөр ажилласан юм. Нисэх буудлыг өргөтгөх ажилд ч тэд мөн оролцож, ЖАЙКА-тай хамтран зураг төсөл боловсруулж байгаа аж.
“Чингис хаан” нисэх онгоцны буудлыг өргөтгөх төслийн менежер Такахаши Коичи текник, эдийн засгийн үндэслэл, судалгааг ирэх сард эцэслэж, танилцуулна гэдгээ уулзалтын үеэр хэлжээ. Нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэх энэхүү төслийг Монгол, Япон хоёр улсын Засгийн газар хооронд тохиролцсон зээлийн хэмжээнд барих, төлөвлөснөөс богино хугацаанд хэрэгжүүлж дуусгах шаардлагатайг талууд онцлов. Ингэхийн тулд барилгын төлөвлөлт, судалгааны ажлыг 2039 онд дуусгахаар тооцон, нисэх буудлыг өргөтгөх ажлыг 2028 онд эхлүүлж, 2034 онд ашиглалтад оруулахаар төлөвлөснийг мэдээллээ.
Түүнчлэн сайд Б.Дэлгэрсайхан “Japan аviation аcademy”-ийн удирдлагуудтай уулзаж, Монгол Улсын иргэний нисэхийн салбарт боловсон хүчин бэлтгэх, мэргэжилтэн сургах чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцжээ. Тус академийн ерөнхий захирал Шигэо Умэзава Монгол Улсад нисэхийн салбарт сургууль нээх, нислэгийн сургалт, дадлагын бааз байгуулах чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийлсэн байна.
О.Бат