Жил бүрийн хоёрдугаар сарын хоёр дахь долоо хоногийг олон улсад эпилепси өвчнийг нийтэд таниулах, ийм оноштой хүмүүсийг ойлгох, дэмжих өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдөр Сонсголон дахь Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв (ХБХСЗХТ)-д анх удаа эпилепсийн танхим нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд тус төвийн эмч, мэргэжилтэн, багш нар болон эцэг, эх, асран хамгаалагч нар оролцсон юм. Шинэ танхимд ЭХЭМҮТ, “Интермед” эмнэлгийн эмч нар урилгаар ажиллах аж. Эл өвчин нь хүүхдийн мэдрэлийн тогтолцооны түгээмэл тохиолддог архаг эмгэгийн нэг бөгөөд урт хугацааны эмчилгээ, тасралтгүй хяналт, сэргээн засах цогц тусламжийн ачаар бүрэн эдгэрэх боломжтой гэнэ.
Тус төвийн дарга, сэргээн засах, мэдрэлийн эмч М.Амаржаргал энэ талаар “Манай төвд анх удаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд эрүүл мэндийн даатгалаар төлбөргүйгээр эпилепси өвчнийг оношлуулах боломжтой боллоо. Таван нас хүрэхээс өмнө нь оношлох нь чухал. Эпилепси нь дэлхийн хүн амын нэг хувьд тохиолддог. Ийм өвчтэй хүмүүсийн 70 хувь нь 18- аас доош насныхан байдаг. Үүний мөн 70 хувь нь дөрвөөс доош насанд оношлогддог. Иймд хүүхдийн мэдрэлийн эмгэг гэж тодорхойлж болно. Манай улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 14 мянга гаруй хүүхэд бий. Оюуны бэрхшээлтэй таван хүүхэд тутмын нэг нь эпилепситэй бол ийм оноштой таван хүүхэд бүрийн нэг нь оюуны хоцрогдолтой байдаг. Өөрөөр хэлбэл, тархины саажилттай хүүхдүүдийн 30, анхаарал дутмагшил, хэт хөдөлгөөнтөх хам шинж, суралцахуйн бэрхшээлтэй хүүхдийн 20, аутизмтай хүүхдүүдийн 15 хувьд нь эпилепси тохиолддог. Монгол Улс 2012 онд Эпилепсийн нийгэмлэгийн албан ёсны гишүүн болсон. Нийгэмлэгийн удирдамжийн дагуу эмчилгээ явуулдаг. Энэ өвчин нь эмийн болон хооллолт, мэс заслын эмчилгээгээр бүрэн эдгэрэх боломжтой” гэв.
Мөн тэрбээр эпилепси буюу уналт таталтын өвчнийг монгол хэлэнд манарахуй хэмээн тодорхойлж ирснийг онцлоод хамгийн анхны шинж тэмдэг нь хүүхэд таван секундээс хоёр минут хүртэлх хугацаанд гөлрөх, орчноосоо тасрах, янз бүрийн зан авир гаргах гэх мэт урьд нь байдаггүй шинж чанар илрэх, энэ нь өөрөө арилж байвал эмчид яаралтай хандахыг зөвлөсөн юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ямар нэгэн айдас, эвгүй мэдрэмжээ илэрхийлэх чадвар сул учир тархины бичлэгээр оношоо тодруулахгүй бол даамжрах эрсдэлтэйг ч хэлэв.
Ч.Болор