Цагаан сарын баяр ойртож буйтай холбоотойгоор хуурамч архи, согтууруулах ундаан хууль бусаар үйлдвэрлэх, борлуулах эрсдэл нэмэгдэж буйг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлэв. Өнгөрсөн онд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх, тусгай зөвшөөрөлгүйгээр гар дээрээс худалдсан 666 зөрчилд холбогдсон 663 иргэн, хуулийн этгээдэд арга хэмжээ тооцсон байна.
2008 онд Багануур дүүрэгт “Азийн чоно” компанийн метилийн спиртээр үйлдвэрлэсэн архинд 15 хүн хордож нас барж, 30 орчим иргэн хүнд, хөнгөн хэлбэрээр хордож, эрүүл мэндээрээ ноцтой хохирсныг бид бүхэн мартаагүй. Шатахууны найрлагад ордог хортой метилийн болон изомилийн спиртийг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлж, үйлдвэрлэлд ашигласан байдаг. Хуурамч архи нь эрүүл мэндэд онц ноцтой хортой спирт агуулдаг аж. Иймд архи, согтууруулах ундааг зөвшөөрөлтэй худалдааны цэгээс авах, шошго, үйлдвэрлэсэн он, сарыг сайтар нягтлахыг цагдаагийн байгууллагаас анхааруулав.
Ч.Туяа