Японд зохион байгуулсан, мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит 16 дахь удаагийн “Хакүхо кап” олон улсын тэмцээн Токио хотын “Тоёото арена”-д өнгөрсөн амралтын өдөр болж өндөрлөлөө. 18 орны 1305 тамирчин зодоглосон тус тэмцээнд өсвөр үеийнхний 12 хүртэлх насны ангилалд Н.Сүнгэрэл дэд байрт шалгарч, 13-15 насныхад Т.Чилүгэн алт, Ө.Хашмаргад мөнгөн медаль хүртэв. Энэ удаа Т.Чилүгэн аваргаа баталж, дахин тэргүүлсэн юм. Тэгвэл насанд хүрэгчдийн ангилалд Монгол Улсын арслан Э.Батмагнай, Австралийн Эдди Жо Уильямс буюу “Томбаяр”, мэргэжлийн сүмогийн озэки, Эстонийн бөх Баруто зэрэг таван бөх хүч сорьсон. Тэднээс Э.Батмагнай эхний даваанд Эдди Жо Уильямсд ялагдсан ч дараагийнхад нь бусад өрсөлдөгчөө ялж аваргын төлөө шалгарсан юм. Тэрбээр түрүү байрын төлөө Барутотой барилдаж үзүүрлэлээ.