АШУҮИС болон Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА) хамтран Монгол Улсад гепатит дельта вирусний (HDV) халдварыг хянах судалгаа, хөгжүүлэлтийн төслийг хэрэгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа. Манай улсад элэгний өвчлөл, тэр дундаа вирусний шалтгаант гепатит нь олон арван жилийн турш нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал байсаар ирсэн. Элэгний хатуурал, хавдрын нас баралт өндөр түвшинд байгаа нь эрт илрүүлэг, тандалт, судалгаа, сэргийлэх бодлогыг эрчимжүүлэх зайлшгүй шаардлагатайг харуулж буй юм. Ялангуяа гепатит Д нь В вирусний халдвартай хавсран илүү хүнд хэлбэрийн өвчлөл үүсгэж, богино хугацаанд элэгний дутагдал, хатууралд хүргэх эрсдэлтэй. Гэтэл манай улсад дельта вирусний талаарх иж бүрэн судалгаа, өргөн хүрээний тандалт, үндэсний түвшний оношилгооны стандарт бүрэн төлөвшөөгүй байгааг мэргэжилтнүүд хэлдэг.
Төслийн хүрээнд элэгний Д вирусний халдварыг хянах чадавхыг үндэсний хэмжээнд бэхжүүлэх, оношлуур хөгжүүлэх, тархвар болон вирус судлалын хүчин зүйлсийг тодорхойлох, элэгний хүндрэл үүсэх механизмын генетик болон эмгэг судлалын судалгаа хийх, мөн хүний нөөцийг чадавхжуулах гэнэ. Үр дүнд нь монголчуудын элэгний өвчлөлийн хүндрэл, нас баралтыг бууруулахад бодитой хувь нэмэр оруулж, амьдралын чанарыг сайжруулах юм байна.
Ташрамд, төслийн үндсэн хэрэгжүүлэгч нь Япон Улсаас Токушима их сургууль, Монголоос АШУҮИС, тус сургуулийн Био-Анагаахын хүрээлэн, Био-Анагаахын сургууль, Монгол-Японы эмнэлэг ажиллахаас гадна ХӨСҮТ, Элэг судлалын үндэсний төв хамтран ажиллах нь.
Ч.Болор