“Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал Г.Ёндон “Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийг “Эрдэнэт үйлдвэр”-ийг түшиглэн барья хэмээн 1987 онд нарийвчилсан судалгааг тухайн үеийн ЗХУ-ын Өнгөт төмөрлөгийн зураг төслийн хүрээлэнгээр хийлгэсэн. Тэр үеэс өдийг хүртэл 38 жил Эрдэнэтийнхэн, Монголын уурхайчид зэс хайлуулах үйлдвэртэй болох сон гэсэн мөрөөдөл тээж явна” хэмээн 2025 онд өгсөн нэгэн ярилцлагадаа дурджээ. Зэсийн арвин нөөцтэй, түүнийгээ олборлоод хагас зуун жил өнгөрсөн манай улсад баяжмалаа боловсруулах, хайлуулах үйлдвэр байгуулах нь бүр мөрөөдөл болж, түүнийгээ хүсэмжилсээр бараг 40 жил өнгөрнө гэдэг нь инээдтэй гэх үү, эмгэнэлтэй гэх үү.
Энэ нь юутай ч бидэнд зэс хайлуулах үйлдвэр барих зайлшгүй хэрэгцээ бийг, олон жил зориод, мөрөөдөөд буйг харуулаад байгаа юм. Тиймээс ч Засгийн газраас өнгөрсөн нэгдүгээр сард ахиад л уг үйлдвэрийн талаарх төлөвлөгөө, “мөрөөдлөө танилцууллаа”. Тодруулбал, өнгөрсөн оны есдүгээр сард Ерөнхий сайдын захирамжаар “Эрдэнэт үйлдвэр”-ийг түшиглэсэн зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга ахалж байгаа аж. Тэгвэл ЗГХЭГаас зэс хайлуулах үйлдвэрийн ажлын эхлэлийн талаар тодруулахад “Манай улс зэс хайлуулах үйлдвэр хамтран байгуулах тухай ерөнхий мэдээллээ 20 гаруй улсын 55 компанид хүргүүлсэн. Үүнээс долоон улсын 13 компани уг төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн. Тэдгээрээс санхүү, менежментийн чадавх, хөрөнгө оруулалтын оновчтой хувилбар, техник, технологи болон шаардлагатай бусад шалгуур үзүүлэлтийг урьдчилсан байдлаар үнэлсэн. Улмаар хамгийн сайн гэж үнэлэгдэхүйц хөрөнгө оруулагч, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах зорилгоор дэд ажлын хэсэгт ирсэн саналуудаас ижил төстэй төсөл хэрэгжүүлсэн туршлага, техник, технологийн шийдэл, эдийн засгийн чадавх, давуу тал зэргийг харгалзан БНХАУ-ын “Эн эф си” (NFC), “Жянши коппер” (Jiangxi copper), “Ляньтоу нью энержи технологи” (Liantou new energy technology), “Чайна энфи инженеринг корпорац (China enfi engineering corporation) болон Швейцарын “Гленкор интернэшнл эижи” (Glencore international ag) компанийг сонгон шалгаруулалтын дараагийн шатанд үлдээлээ. Эдгээрээс нэгтэй нь л хамтран ажиллах бөгөөд энэ улиралд багтаан эцсийн шийдвэрээ гаргана. Үйлдвэр барих нийт өртгийг 0.8 тэрбум орчим ам.доллар хэмээн тооцож байна, одоогоор өөр мэдээлэл алга” гэлээ.
Манай улсын зэсийн батлагдсан нөөц 56.5 сая тонн бөгөөд энэ нь одоогоор дэлхийд долоодугаарт орох хэмжээ юм. Ийм нөөц бүхий талбайгаас манайх хүдэр хэлбэрээр зэсийг олборлон баяжмал болгож экспортолдог. Баяжмал дахь зэсийн агуулга 20-30 хувь байх бөгөөд хайлуулж цэвэр зэс гарган авдаг. Нэг тонн хүдрээс барагцаалбал 50 кг, нэг тонн баяжмалаас 250 орчим кг цэвэр зэс бэлтгэдэг аж. Тонн баяжмалын үнэ 3000 ам.доллар гэвэл цэвэр зэсийнх түүнээс 3-4 дахин өндөр буюу 10 000-12 000 “ногоон”-д хүрдэг. Өөрөөр хэлбэл, нэг сая тонн баяжмалын тонн тутмыг 3000-аар тооцож нийлүүлэхэд 750 сая “ногоон” олох бол сая тонн катодын зэсээс 2.5 тэрбумыг олж, орлого 2-3 дахин өснө гэсэн үг.
Мэдээж зэсийн баяжмал экспортолсноос цэвэр бүтээгдэхүүн нийлүүлбэл харьцангуй их ашиг олох нь. Гэхдээ зэс хайлуулах үйлдвэр, технологийн үнэ өндөр, бас байгаль ор чинд үзүүлэх сөрөг нөлөө ихтэй хэмээдэг. Манай орны хувьд ч Засгийн газар дангаараа хөрөнгө гаргаж чадахгүй, металл боловсруулах үйлдвэрийн туршлага болон технологи байхгүй учраас цаг алдаад, хүлээгээд байдаг гэж ойлгогдохоор. Нөгөөтээгүүр, сонгуулийн жил дөхөх бүрд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт зэс, нүүрс боловсруулах, алт, мөнгө цэвэршүүлэх үйлдвэр барихаар тусгадаг. Бүр үйлдвэр технологийн паркийн ажлын хүрээнд Өмнөговь, Орхон, Дорноговь, Дархан-Уул аймагт зэс, нүүрс, газрын тос, төмрийн үйлдвэр барина хэмээн ТЭЗҮ боловсруулж байсныг бодоход улс төрийн амлалт, сонгуулийн сурталчилгаа, мөрөөдлийн жагсаалт төдий байдаг нь ч анзаарагддаг. Тиймээс зэсийн баяжмал боловсруулах үйлдвэртэй болж чадахгүй байгаа нь хөрөнгө мөнгөний, бас улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалдаг гэж болох байх.
Зэс боловсруулах үйлдвэрийн зардалд 1-2 тэрбум ам.доллар шаардах бөгөөд хөрөнгө оруулалтаа багадаа 10 жилийн дараа нөхдөг гэдгийг нээлттэй эх сурвалжуудад бичжээ. Тү рүүлж эрчим хүч, усны эх үүсвэр болон дэд бүтцийн асуудлаа шийдвэрлэх ёстой гэнэ. Манай улс шиг эрчим хүчний дутагдалтай, цэвэр усны хомсдолтой, бас бүх төрлийн дэд бүтэц муутай оронд долоо хэмжиж нэг огтолж байж зэсийн үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэх шаардлагатай байх нь. (Нэг тэрбум ам.долларын зээлээр найман жилийн өмнө эхлүүлсэн газрын тос боловсруулах үйлдвэрийн явцаас харахад) Нөгөө талаас хайлуулах үйлдвэр нь цэвэр зэс болон хүхрийн хүчлийг бараг тэнцүү хэмжээгээр гаргадаг аж. Энэ нь хүхрийн хүчлийн саармагжуулалт, дахин ашиглах үйлдвэр, зайлуулах технологи гээд олон асуудал дагуулдаг аж. Зэс боловсруулах үйлдвэрээс гардаг хүхрийн хүчил, хүнд металлын бохирдол нь байгаль орчин, хүн, амьтны эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж буй тухай баримт их байдаг, хүмүүсийн эсэргүүцэлтэй ч олон улс тулгардаг. Тиймээс сайн технологи бүхий зөв хөрөнгө оруулагч тай, зөв байршилд хамтран ажиллахгүй бол төсөл, хөтөлбөрийг эхлүүлээд л гацаах, эсэргүү цэх олон хүн гарна гэсэн үг.
Тэгвэл ЗГХЭГ-аас дээр дурдсан, зэс хайлуулах үйлдвэрийн төсөлд манайхтай хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлсэн компаниудыг сонирхлоо. Швейцарын “Гленкор интернэшнл эижи” нь Лондонгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, олон улсад уул уурхай болон бусад салбарт ажилладаг томоохон компани аж. Металл, түүхий эдийн олборлолт, боловсруулалт, худалдаа хийж бас маркетингийн үйл ажиллагаа ч эрхэлдэг юм байна. Зэс, кобальт, нүүрс зэрэг ашигт малтмалын зах зээлийн томоохон тоглогчдын нэг бөгөөд Канад, Австрали, Чилид боловсруулах үйлдвэртэй. БНХАУ-ын “NFC-Non ferrous metals” нь төрийн өмчит бөгөөд зэс, цайр, хар тугалга, кобальт гээд өнгөт металлын боловсруулалтаар алдартай. Харин “Jiangxi copper” бол Хятадын хамгийн том зэсийн үйлдвэрийн нэг бөгөөд зөвхөн түүхий эд олборлогч биш, аж үйлдвэрийн салбарын гинжин хэлхээг бий болгосон аварга групп гэнэ. Тухайлбал, зэсийн уурхайтай, баяжуулах, хайлуулах технологитой, эцсийн бүтээгдэхүүн буюу зэс утас, хоолой, кабель зэргийг гаргадаг, Шанхайн хөрөнгийн биржид бүртгэлтэй юм байна. “China enfi engineering corporation” нь зэс, никель, хөнгөн цагаан, алт хайлуулах, цэвэршүүлэх буюу металлургийн боловсруулалтын ТЭЗҮ гарган, инженерийн, барилга угсралтын зураг зохион, технологи боловсруулдаг хятадын төрийн өмчит компани аж. “Jiangxi copper”-тэй хослон олон улсын зах зээлд зэсийн төслүүдэд ажилласан туршлагатай гэнэ. Тэгвэл “Liantou new energy technology” нь металл боловсруулдаггүй бөгөөд шинэ эрчим хүчний технологи болон бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компани юм. Тус компани зэс боловсруулах үйлдвэрийн төслийн түншлэлд хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлсэн гэнэ. Эндээс харахад, аж үйлдвэрийн гинжин хэлхээг бий болгогч, технологи болон зураг төслийн магнат, олон улсад томоохон төсөл хэрэгжүүлэгч, цэвэр зэсээр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч гээд янз бүрийн компани хамтран ажиллах саналаа ирүүлжээ. Компани бүрд өөрсдийн ашиг сонирхол, дэлхийд эхний 10-т багтдаг зэсийн томоохон орд эзэмшигчтэй хэрхэн нөхөрлөх талаарх төлөвлөгөө байж таарна.
Манай зэсийн томоохон ордод үйл ажиллагаа явуулдаг “Оюутолгой” компани эцсийн бү тээгдэхүүн үйлдвэрлэхэд хамтран ажиллах талаар гэрээндээ тусгасан. Хөрөнгө оруулалтын гэрээндээ Оюутолгойд зэс боловсруулах үйлдвэр барина гэж заасан байдаг. Тиймээс ч 10 ор чим жилийн өмнө боловсруулах үйлдвэрийн судалгаа хийсэн юм байна. Гэхдээ гүний уурхайг ашиглалтад оруулаад удаагүй, үйл ажиллагааны зардал өндөр байгаа, мөн татварын маргаан, хөрөнгө оруулалтын гэрээг эргэн харах зэрэг асуудлаас шалтгаалан зэс боловсруулах үйлдвэрийн асуудлыг хөндөөгүй, шинэ мэдээлэлгүй байгааг Эдийн засаг, хөгжлийн яамныхан хэллээ. Бас дотоодоос эрчим хүч худалдан авдаг болох, усан хангамжийг сайжруулах зэрэг асуудал байгаагийн улмаас хоёр тал одоогоор боловсруулах үйлдвэрийн талаар ярилцдаггүй гэнэ.
Ташрамд дурдахад, цахилгаан авто машинаас гадна өндөр технологийн хөгжүүлэлт, эр чим хүчний шилжилт болон хиймэл оюуны дата төвүүдийг ашиглалтад оруулах нь нэмэгдэж буйгаас 2025 онд олон улсад 28.4 сая тонн цэвэр зэсийн эрэлт бий болсон аж. Үүнээс 23.3-ыг нь үйлдвэрлэгчид нийлүүлжээ. Харин энэ жил 30 хүртэлх сая тонныг худалдан авах хэрэгцээ байгаа ч 24 саяыг л дэлхий нийтээр үйлдвэрлэн нийлүүлэх боломжтой гэсэн дүгнэлт гарсан байна. Энэ нь эрэлтийн хэмжээ 2024 оныхоос даруй 3-4 сая тонноор өссөн дүн бөгөөд тэр хэрээр зэсийн ханш улам нэмэгдэх магадлалтайг АНУ-д төвтэй, санхүүгийн зах зээл, уул уурхай болон эрчим хүчний салбарын шинжилгээний “S&P Global” корпорацын тайланд дурджээ.
С.Дулам