
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам бол Монгол Улсын эдийн засгийн гол тулгуур баганын нэгт зүй ёсоор тооцогдох, үндэсний аюулгүй байдал хийгээд хүн амын амьжиргаа, хүнсний хангамж, мал аж ахуй, газар тариалан, экспортын бодлогын цөмийг хариуцсан төрийн захиргааны төв байгууллага билээ. Гэтэл өдгөө энэ яамныхан улс үндэсний хэмжээнд төдийгүй гадаад хамтын ажиллагаа, олон улсын зах зээлийн хөгжлийн чиг хандлагатай нийцсэн бодлого боловсруулахад биш, Улаанбаатар-Дархан-Уулын хооронд нүүдэл суудал хийнэ, хийхгүй тухайд л гол анхаарлаа хандуулан мэтгэлцсээр байна. Салбарын яамаа хэн дуртай сайд нь өөрийн албан тушаалтайгаа хамт чирч явдаг ачаа тээш шигээ санан, ийш тийш зөөдөг жишиг тогтвол төрийн ажил ч, төсвийн хөрөнгө ч, албан хаагчдын амьдрал ахуй ч түр зуурын буюу “түрээсийнх” болж хувирна.
Өмнө нь байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагыг мөн л хотын төвөөс Яармаг руу “цөлсөн” ч амжилт олоогүй тул “төрхөмдөө буцсан”. Сайд солигдох бүрд яамдыг нааш цааш нүүлгэх нь газрын зураг дээрх “цэг шилжилт” төдий биш, энэ бол Монголын төр хэн нэг албан тушаалтан, эрх мэдэлтний тааллаар хөдөлдөг болсон эмгэнэлт нөхцөл байдлын бодит дүр зураг.
ХХААХҮЯ-ыг Дархан-Уул аймаг руу нүүлгэх Ж.Энхбаяр сайдын санаачилга, Л.ОюунЭрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын шийдвэр, Г.Занданшатар спикерийн алхаа цохисон УИХ-ын тогтоол анхнаасаа буруу байсан юм бол одоо хэн хариуцлага хүлээх вэ? Хэрэв тэр шийдвэр зөв байсан юм бол эрхэлсэн сайд нь солигдонгуут яагаад буцааж Улаанбаатар хот руу нүүлгэх асуудал хурцаар хөндөгдөв, цаана нь ямар асуудал, үндэслэл байна вэ?
ХӨЛТЭЙ НҮҮДЭЛД ЗАРЛАГАДСАН 5.5 ТЭРБУМЫГ Ж.ЭНХБАЯРААС ГАРГУУЛАХ УУ
Ж.Энхбаяр ХХААХҮ-ийн сайд байхдаа гэнэт ямар эрх ашиг нь хатгасан юм гэмээр тус яамыг нүүлгэх саналыг өөд уруугүй барьж гүйсээр 2024 оны наймдугаар сарын 23-нд УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанд оруулсныг гишүүдийн дөнгөн данган 50.4 хувь нь дэмжсэн байдаг. Хэдхэн хоногийн дараа буюу есдүгээр сарын 11-ний өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар ХХААХҮЯ-ыг бусад эрхлэх харьяа байгууллагын хамтаар Дархан-Уул аймаг руу нүүлгэн шилжүүлэх шийдвэр гарсныг шүүмжлэх хүмүүс бишгүй байсан. Зарим нь Ж.Энхбаяр сайдыг хувийн бизнес, хувийн ашиг сонирхол руугаа яамыг ойртуулсан явцуу шийдвэр гаргалаа хэмээн хардаж байсан нь нууц биш. Ямартай ч эрх баригчид зүтгүүлсээр ХХААХҮЯ-ыг Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг руу нүүлгэх болон орон нутгийн нэмэгдэл цалингийн зардалд улсын төсвөөс 2.4 тэрбум, тэнд суурьших ажилтнуудад орон сууцын урьдчилгаа болгон 60-аад хүнд нийт 3.1 тэрбум төгрөгийг Хөдөө аж ахуйн биржийн хуримтлагдсан ашгаас гаргасан түүхтэй.
Үүнийг хууль зөрчсөн үйлдэл гэдгийг УИХын гишүүн, урьд нь энэ салбарын асуудал эрхэлсэн сайдаар ажиллаж байсан З.Мэндсайхан шүүмжилж, Ж.Энхбаярыг хууль хяналтын байгууллагаар шалгуулах ёстой гэсэн ч тэрбээр биеэ өмөөрсөөр, бүр дэвшээд Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын сэнтийд заларсан билээ. Өдгөө тэрбээр Засгийн газрын дээрээсээ хоёрдугаарт эрэмбэлэгдэх өндөр албан тушаалынхаа сэнтийнээс “Миний шийдвэр зөв байсан, дараагийн сайд харин үүнийг үгүйсгэлээ” гэдэг мессежийг нийгэмд өгөхийн тулд бүх талын тархи угаалтаа эрчимжүүлж буй нь анзаарагдана. Хөлтэй нүүдлийн төсөв өнгөн дээрээ мэдэгдэж байгаа нь 5.5 тэрбум төгрөг боловч цаана нь хэчнээн тэрбумын бодит болон бодит бус зардал гарсныг бид таашгүй. Ямартай ч тус яамныхан тэнд спорт цогцолборын зориулалтаар улсын төсвийн хөрөнгө оруулалтын 34 тэрбум төгрөгөөр барьсан, Засаг даргын Тамгын газар нь орохоор зэхэж байсан 10 давхар барилгад нүүж орсон байдаг. Тэгсэн хэрнээ Улаанбаатар дахь хуучин байрандаа үлдсэн хэсэг нь ажилласан хэвээр байгааг шинэ сайд нь цохон тэмдэглэснээс харахад ХХААХҮЯ-ныхан хоёр талд байр ашиглалт, түрээсийн зардал давхар төлж байгаа бололтой.
ШИНЭ САЙД ҮНЭХЭЭР ШИЙДЭЛ ХАЙСАН УУ, ЭСВЭЛ
ХХААХҮЯ-ыг хөдөө тийш нүүлгэсэн төрийн шийдвэр хоёр жил хүрэхгүй хугацааны дотор эргэж буцах асуудал яагаад хөндөгдсөн тухай салбарын сайд М.Бадамсүрэн “ХХААХҮЯ-ыг буцаагаад нааш нь нүүлгэж авчрах шийдвэр одоогоор гараагүй байгаа. Үүнийг УИХ, Засгийн газар эцэслэн шийднэ. Өмнөх шиг яаран шийдэхгүй гэж бодож байна. 2024 онд бол УИХын чуулганд гэнэт л зарчмын зөрүүтэй санал оруулж ирээд, яамыг нүүлгэх тухай асуудал хэдхэн хоногт шийдэгдчихсэн шүү дээ. Намайг ажил авахад яамны үйл ажиллагаа хоёр талд хуваагдсан, хүн хүч тарамдсан байдалтай байсан. Яамны ажилтнууд болоод ар гэрийнхэнд ч энэ нь хүндрэлтэй байгааг хэлдэг. Улаанбаатар хот болон бусад аймагт Монголын нийт жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид, бизнесийнхний 98 хувь нь оршиж, үйл ажиллагаа явуулж байхад яамыг нь Дархан-Уул аймаг руу нүүлгэсэн нь анхнаасаа буруу шийдвэр байсан гэдгийг ч шүүмжилдэг” хэмээн санаагаа цухалзуулсан. Гэхдээ “Ерөнхий сайд Г.Занданшатар л үүнийг шийднэ. Хамгийн гол нь төрийн албан хаагчдын болон энэ салбарын төлөөллүүдийн саналыг авч, төрийн бодлого шийдвэрт тусгах нь зүйтэй” хэмээн өөрөөсөө холдуулахаа ч мартаагүй.
Тэгвэл ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан “Манай Жижиг, дунд үйлдвэрийн газар 46 орон тоотойгоос тал хувь нь Улаанбаатар хотод ажиллаж байгаа. Энд төрийн үйлчилгээг шуурхай авах шаардлагатай гол үйлчлүүлэгчид нь байгаа учраас тэгэхээс ч өөр аргагүй. Гэхдээ манайхыг анхнаасаа Дархан руу нүүлгэнэ гэж төлөвлөсөн учраас бүх тавилга хогшил, сандал, ширээгээ аваачсан байсан юм. Энэ хооронд бид бусад байгууллагын сандал, ширээг түр ашиглаж байгаад саяхнаас манай газрыг Дархан руу нүүлгэхгүй болсон учраас тавилга хогшлоо буцааж авчирсан” хэмээн тайлбар хүртэл хийнэ лээ. Төрийн захиргааны төв байгууллагыг ул суурьтай тооцоо, судалгаагүй, гэнэт нүүлгэх шилжүүлэх шийдвэрийн цаана хүний эрхийн болоод нийгмийн дэд бүтэц, санхүү, эдийн засагтай холбоотой олон зөрчил дутагдал үүссэний нэгээхэн хэсэг нь л энэ.
Хэрэв дараагийн удаад дахиад нүүх, шилжих асуудал үүсвэл татвар төлөгчид ч, төрийн албан хаагчид ч төлөөсийг нь төлмөөргүй байна шүү. Засаг төрийн бодлого эргэж хөрвөөд, тус яамыг буцаагаад Улаанбаатар хот руу нүүлгэх болбол өмнөх зардлыг экс сайд Ж.Энхбаяраас гаргуулж, шинэ нүүдэл суудалтай холбоотой төсөв мөнгийг одоогийн сайд М.Бадамсүрэнгээр төлүүлэх хэрэгтэй буюу. Үгүй бол нэг л өдөр “Дорнод аймаг ч гэсэн газар тариалан эрхлэхэд тохиромжтой шүү дээ. Дархан, Сэлэнгийн бүсээс юугаараа дутах юм” гээд зүүн хязгаар луу салбарын яамаа нүүлгэх гээд зарчмын зөрүүтэй санал ч гаргаж мэдэх нигууртайг Ж.Энхбаярын “троллууд” Ванга шиг зөгнөөд эхэлсэн байна лээ.
ХӨДӨӨ НЬ ХӨГЖСӨНГҮЙ, ХОТ НЬ ТӨВЛӨРЛӨӨС САЛСАНГҮЙ
2024 онд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон түүний нөхөд “Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд цаашид ч яамдыг нүүлгэн шилжүүлнэ. Энэ бол Улаанбаатарын утаа, түгжрэлийг багасгаж, хэт төвлөрлийг бууруулахад тустай” хэмээн пиар хийж байсан ч ямар тооцоо судалгаанд үндэслэж, хэр зэрэг бодитой шийдвэр гаргасан нь тодорхойгүй үлдсэн. Ямартай ч тус яам 120 гаруй ажилтантай, харьяа байгууллагын ажилтнуудаа хамруулбал нийт 300 хол гарахуйц албан хаагчийн 70 гаруй хувь нь төр засгийн шийдвэрийг дагахаас аргагүйдэн зарим нь гэр бүлээ орхин “зөв харж инээн, буруу харж уйлсаар” нүүжээ. “Орон сууцын дэмжлэг үзүүлнэ”, “Орон нутгийн нэмэгдэл гайгүй сайн авна шүү дээ” гэх зэрэг ятгалгад нь итгэн, нийслэл хот дахь орон байр, үр хүүхдүүдийнхээ сургууль, цэцэрлэг, гэр бүлийн хүнийхээ ажил төрлийг хүртэл нэг тийш зохицуулаад явсан ажилтнууд төрийн бодлогогүй, хөнгөн хуумгай шийдвэрээс болж хэрхэхээ мэдэхгүй байна.
Нүүж очсон нэгэн албан хаагч “Дарханд ирээд орон сууцын асуудал нь шийдэгдэхгүй, оюутны байранд жил амьдарсны эцэст өнгөрсөн аравдугаар сард зээл бүтэж, байрандаа орсон. Энэ хугацаанд залуу гэр бүлийн хувьд хүндхэн зүйлийг бишгүй туулсан. Нөхөр маань намайг дагаад ирчихсэн, нийслэл шиг ажил амар олдохгүй гэх мэт асуудал их. Арайхийн энэ бүхнийг давж туулан, арга эвээ олж байтал дахиад нийслэл рүү нүүлгэнэ гэх асуудал хөндөгдвөл цаашид яахаа үнэхээр хэлж мэдэхгүй байна” гэсэн бол өөр нэг нь “Бид төрийн бодлогыг хэрэгжүүлэгч албан хаагч болохоос, бодлогын алдааны үр дагаврыг дангаараа үүрэх ёстой хүмүүс биш. Судалгаа, тооцоогүй гаргасан төрийн бодлого шийдвэр, ямар ч бэлтгэлгүй хөдөлсөн нүүдэл, шилжилт хөдөлгөөн нь албан хаагчид бидний ажил, амьдрал, санхүүд ноцтой хүндрэл үүсгэж байна” гэж байр сууриа илэрхийлжээ.
Тэгвэл Дархан-Уул аймаг, Улаанбаатар хотын хооронд ирүүт очуут ажиллаж, амьдардаг “нүүдлийн шувуу” шиг хэсэг ажилтны төлөөлөл ийн ярьж байна. “Долоо хоног бүр 200 гаруй км замыг талдаа 2-3 удаа туулах их төвөгтэй. Төрийн ажил, бичиг цаас барагдах биш. Хотод ирээд байж байтал Дархан руу дуудагдана, тэнд ажлаар очихоор Улаанбаатарт гэнэт хуралтай гэнэ. Тэр болгонд томилолт нэхээд, хүлээгээд байх хэцүү, замын зардал, түлш, шатахуун, байрлах газар, хоол унд гээд нэргүйдээ зовлон их шүү дээ” хэмээн учирласан.
ХХААХҮЯ-ныхан Дархан-Уул аймаг руу нүүгээд юу өөрчлөгдөв, хот, хөдөөд ямар эерэг үр дүн гарав. Энэ бүхний ард институцийн тогтвортой байдал, төрийн бодлогын залгамж, төсвийн сахилга бат, албан хаагчдын итгэл үнэмшил, урам, хариуцлага, түмэн олны амьжиргаатай холбоотой олон асуудал хөндөгдөнө. 2024 онд тус яамныхныг Дархан-Уулд нүүж ирэх сургаар орон сууцын худалдах үнэ ам метр тутамдаа 400-600 мянган төгрөгөөр өссөний зэрэгцээ байрны түрээс ч тэнгэрт тулсан тухай тэндхийн оршин суугч нэгэн танил маань халаглан ярьж билээ. “Дарханд очвол гурван хувийн хүүтэй зээлд хамруулна” гэсэн амлалт мөн л орон нутагт байрны үнийг механикаар хөөрөгдсөн, амьдралгүй шийдвэр болсон гэдэг.
“Би үхэхээр чи үх” гэдэг шиг тэндхийн тийм төлөөсөөр эндхийн улаанбаатарчууд түгжрэлгүй, утаагүй, төвлөрөлгүй сайн сайхан амьдрахтайгаа болсон бол ч яая гэх вэ. Гэтэл тийм болсон бил үү.
Л.Аргамжин