УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд Москва хотноо болж буй Монгол-Оросын бизнес форумд оролцож, үг хэлжээ. Монголын талаас уг форумд 50 гаруй аж ахуйн нэгжийн 70 орчим, Оросын талаас 100 гаруй бизнесийн төлөөлөл цугласан байна. Хоёр улсын хөрөнгө оруулалт, бизнесийн хамтын ажиллагааг бодитоор урагшлуулах боломж нь Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын Худалдааны түр хэлэлцээр болохыг УИХ-ын дарга энэ үеэр тодотгов. Манай улс уг хэлэлцээрээр дамжуулан Евразийн эдийн засгийн холбооны зах зээлтэй институцийн түвшинд ойртож, худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн харилцааг илүү тогтвортой, урьдчилан таамаглахуйц болгох эхлэлийг тавьж байгаа гэв. Мөн энэ нь зөвхөн тарифын асуудал бус, бизнесийн хамтын ажиллагааг бодитоор хөнгөвчлөх, гааль, техникийн зохицуулалт, стандартын уялдааг сайжруулах, улмаар аж ахуйн нэгжүүдийн зардлыг бууруулж, зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлэхэд чиглэж байгааг хэлсэн байна.
Түүнчлэн мах, махан болон сүү, сүүн бүтээгдэхүүний экспортод ариун цэвэр, эрүүл ахуй, мал эмнэлгийн шаардлагын тайлбар жигд бусаас гадна хил, гаалийн шатанд бичиг баримтын давхардал үүсэх, дамжин өнгөрөх процесс удаашрах зэрэг хүндрэл бизнесийн салбарт бодитоор мэдрэгддэг. Тус форумаар үүнийг шийдэх гарцыг тодорхойлно гэв.