Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нийт 6377 теле камер ажилладаг. Үүнээс 4113 камерыг нэгдсэн болон дэд төвд холбоод байгаа аж. Гэвч эдгээр камерын 2555 нь л хэвийн ажиллагаатай, үлдсэн 2750 нь эвдрэл сааталтай, засварлаж буй юм байна. Энэ талаар ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Теле хяналтын камерын ашиглалтын тасгийн дарга Л.Ганзориг “Гэр хороолол, гудамж, талбайг камержуулах чиглэлээр 2500 цэгийн судалгаа, тооцоог өдгөө хийж буй. Өмнө нь гэмт хэрэг, зөрчил илрүүлэхдээ аж ахуйн нэгж, айл өрхүүдийн хяналтын камерыг нэг бүрчлэн шалгадаг байсан. Тэгэхэд камерын чанар муу, харагдах өнцөг хязгаарлагдмал, бичлэг хадгалах хугацаа богино, шөнийн цагаар улсын дугаар таних боломжгүй зэрэг хүндрэл тулгарч, нотлох баримт устах, мөрдөн шалгах ажиллагаа удаашрах эрсдэл бий болдог байв. Харин теле камеруудыг нэгдсэн болон дэд төвд холбосноор бичлэгүүдийг төвлөрсөн нэг цэгээс шүүн үзэх, тээврийн хэрэгслийн улсын дугаар, маршрут, хөдөлгөөнийг шуурхай тогтоох боломж бүрдсэн. Хэрэг илрүүлэх хугацаа ч 10-20 дахин хурдан болж байна. Мөн Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камер нэмж суурилуулж, нэгдсэн сүлжээнд холбосон. Үүний үр дүнд иргэд замын хөдөлгөөний дүрэм мөрдөх нь сайжирч, зөрчил буурсан” гэж ярилаа.
Одоо ажиллаж буй камеруудыг нэгдсэн сүлжээнд холбосноор хэрэгт холбогдсон нэг тээврийн хэрэгслийг тогтоож, баримтжуулах хугацаа дунджаар 150 минутаас 120 болж буурчээ. Бусад камерыг засварласны дараа бүрэн хүчин чадлаар нь ажиллуулбал эл хугацаа бүр богиносох боломжтой аж.
О.Ундрах